Сонгуульд ялагдсанаасаа хойш харийг зорьцгоосон МАН-ын хууччуул төрхөмдөө ирж, арван зургаан оны сонгуулийнхаа замыг засч эхэллээ.
Чуулганы танхимд зодоон, цохионы хэрэг мандаасныхаа дараа “Эхнэрээ асрах” нэрээр гадагшаа гарсан У.Хүрэлсүхийн урлагийн авьяас гэнэтхэн тодорсон нь өөрийнх нь хэлснээр насан багынх нь мөрөөдөл хэмээн үнэмшихэд хэцүү. Улстөрч хүн урлагаас хол байна гэсэн хууль байхгүй л дээ. Гэхдээ урлагийн тайзан дээрээс улс төрөөс урваагүй гэдгээ зарласан түүний дотор ямар том амбиц нуугдаж байгааг таамаглахад ядах юмгүй мэт. Ямарч байсан тэр улс төрд эргэн ирснээ ийнхүү зарлалаа.
Өнгөрсөн амралтын өдрөөр ямархуу доргио залуу болохоо намынхандаа харуулаад авсан У.Хүрэлсүхийн дараагийн тоглолт юу вэ. Тэр нь лекц унших. Түүний дараа юу хийхийг харж л байя. Дөнгөж дөчин нас шүргэж байгаа түүний улс төрийн цаг дөнгөж л эхэлж байгаа. Тиймээс цав цагаан хүрэм, тас хар нүдний шил зүүж имижээ өөрчилсөн түүний дотор ямар хуу нүүдэл байгааг улс төрийн хүрээнийхэн, тэр тусмаа намын нөхөд нь олж харахыг хичээж байна.
У.Хүрэлсүхийн тоглолтыг тухтайяа, дуртайяа үзсэн ховор зочдын нэг нь С.Баяр.
Хааяахандаа Монголд нууцаар ирж, буцдаг байсан гэх тэрбээр сүүлийн өдрүүдэд олны нүдэнд аль болохоор ил харагдахыг хичээх болсон нь 2016 оны сонгуулийн марафон арай л эрт эхэлж байна уу гэх хардлага төрүүлж байна. С.Баяр өчигдөр гэхэд л Тусгаар тогтнолын ордонд намынхаа залуустай уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр тэрбээр нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлыг хатуухан шүүмжилжээ.
"Хуулиндаа эрх мэдлийн хуваарилалтыг нарын тусгаагүйгээс болж нөгөө Ерөнхийлөгч нь Засгийн газар руу ч яваад орчихдог, шүүхийн асуудал руу ч яваад орчихдог. Сүүл, сүүлдээ гүйцэтгэх засгийн тэргүүн чухам хэн юм бэ гэдэг нь мэдэгдэхээ больж ирлээ. Энэ зөвхөн одоо ч гарч байгаа юм биш. Тийм учраас Монгол улсад дутагдаад байгаа хариуцлагын тогтоолцоо хэрэгтэй" гэж үзэж байгаагаа ч залууст зөвлөж, "Засгийн газар ялангуяа төрийн байгууллага, орон нутгийн байгууллага хоёрын хоорондын санхүүгийн эрх мэдлийн асуудал дээр маш тодорхой зарчмын заалтуудыг үндсэн хуулийн заалтандаа оруулж ирэхгүй бол өнгөрсөн хугацаанд чанасан гурилтай хоол маань бантан болж хувираад одоо бүр жонхуу болох нь байна. Өнөөдрийн засгийн газар эрх мэдлийн хуваарилалт дээр одоо ч санал зөрөлдсөн хэвээр байна. Уг нь энэ цаг хугацаанд ажил ид бужигнаж байх байлаа. Тэгтэл сандал ширээний тухай өнгөрсөн хавраас хойш ярьлаа" гэдгийг онцолсон нь улстөрийн хүрээнийнхний анхаарлыг татаж байна. Энэ бол С.Баярын тоглолтын дөнгөж эхлэл гэж хэлэх хүмүүс ч байна. С.Баяр бол баргийн зүйл дээр амаа билүүдээд байдаг улс төрч биш. Түүнийг юу хэлэх вэ гэдгийг олон нийт үргэлж хүлээж байдаг фигур.
Ийнхүү С.Баяр өнөөгийн засаг төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалтын талаар чангахан гэгч дуугарах болсон нь 2012 оны сонгуулиас хойш нуувчиндаа орцгоосон МАН дахь түүний фракц хөдөлгөөнд орж эхэллээ гэсэн гаргалгааг хийхэд хүргэж буй юм.
Хэр баргийн юманд барьц алддаггүй МАН-ын лидерүүдийн дунд чимээгүй аниргүйхэн тэмцэл өрнөж эхэлснийг ч үгүйсгэхгүй.
Намынхаа даргадаа тоогдох гэж хуурамч гэрээ хийсэн Н.Дэмбэрэлийн үйлдэл угаасаа нэр хүнд муутай тус намын нэр хүндийг улам унагасан. Н.Дэмбэрэл өөрөө саваагүйтээд, сайхан сэтгэл гаргаад гэрээг хуурамчаар хийх том толгой гаргасан гэвэл эндүүрэл. Ийм диктатур сайтай намд ийм том толгой гаргах хүн тун цөөн.
Тиймээс сонгуулиас хойш нэг ч дээшлээгүй намынхаа нэр хүндийг улам бүр унасаар байгааг С.Баяр, У.Хүрэлсүх, С.Батболд нар хараад суухыг хүсээгүй бололтой.
Өнөөдөр С.Батболд, У.Хүрэлсүх нар намынхаа залууст зориулан лекц уншина гэсэн мэдээлэл байгаа. Мэдээж, МАН-ын хууччуул ийнхүү намынхаа залуустай шадарлах болсныг зүгээр ч нэг арга хэмжээ гэж хэлэхэд хэцүү юм. Өнгөрсөн хоёр жил нүүрээ ч харуулахгүй шахам зугатаж байсан МАН-ын хууччуул олны өмнө гитардаж, лекц уншиж, сургамж хайрлах болсон нь тус намын нэр хүндийг өргөхгүй бол 2016 оны сонгуульд дахин ялагдал хүлээх магадлал өндөр байгаатай холбоотой.
МАН-ынхны авах нэг чанар нь АН-ынхан шиг тогоон доторх хэрүүлээ гадагшаа хальж, дэвэргээд байдаггүй.
Тогоон дотроо цусаа гартал зодолдсон ч, бусдын нүдэн дээр тосоо гартал тэврэлдэж чаддаг тэднийг НАМ гэдэг гуравхан үг ямагт дарсаар ирсэн.
МАН-ын 27 дахь их хурлаар хотын фракцынханд эрх мэдлээ алдсан С.Баяр, У.Хүрэлсүх нар улстөрд эргэн ирснээ энэ мэтээр зарлаж байгаа нь ирэх сонгууль их л сонирхолтойгоор зурагдаж байна. Сөрөг хүчин атлаа рейтинг нь өдрөөс өдөрт уруудаж байгаа намынхаа жолоог дахин атгаж, ялагдлын хариуцлагыг хүлээх хэрэггүй гэдгээ С.Баяр, У.Хүрэлсүх нар сайн мэднэ. Гэхдээ тэд одоо л хөдлөхгүй бол нам нь нам даруулж магадгүй хэцүү байдалд байна.
Хэдийгээр яс булаацалдсан ноход шиг "зодолдож" байгаа АН-ын дэргэд МАН-ынхан тайван байгаа мэт харагдавч, нэр хүнд нь унаж байгаа нь тэднийг сандралд оруулах болсон гэсэн яриа бий.
С.Баярын хувьд Ерөнхий сайдын албыг хашиж үзсэн, өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдсөн, эрүүл мэнд нь сайжирсан гээд түүний дараагийн төлөвлөгөө нь арван зургааны оны УИХ-ын сонгуулиас илүү ар дахь сонгууль нь чухал байгаа. Ийнхүү сүүлийн өдрүүдэд МАН-ын хууччуул сүжрэх болсон нь тус нам ирэх оны сонгуульд бэлтгээд эхэлсэн тодорхой байна. .
Хийж байгаа улс төр бүхэн нь эсрэг оноо цуглуулах болсон МАН-ыг тэд аврах уу, алах уу.
Өнөөдрийн хувьд АН-ын зодоон ил харагдавч, МАН шиг ядарч яваа улс төрийн хүчин алга байна гээд хэлчихэд буруудахгүй биз.
Ж.НЯМСҮРЭН