Ирэх оны төсвөөс эхлээд эдийн засгийн ач холбогдолтой олон асуудлыг хэлэлцэж байх ёстой энэ цаг үед төрийн ажил гацаанд орлоо. Засгийн газрын бүтцийг цомхтгож, шинэ сайдуудыг томилох асуудал шийдэгдээгүй байхад МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан нь энэхүү эх захгүй улстөржилтийн гал дээр тос нэмэв. Харин олон нийт, хөдөөгийн иргэд үүнд ямар бодолтой байгааг өнгөрсөн бямба гаригт болсон АН-ын удирдах ажилтны зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн аймаг, сумдын удирдах албан тушаалтнуудаас тодруулсан юм. Ингэхдээ доорхи хоёр асуултын хүрээнд хариулт авлаа.
-Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг хөдөөгийн иргэд хэрхэн дүгнэж байна вэ?
-МАН-ын бүлгээс гаргаад байгаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг орон нутгийнхан ямар байдалтай хүлээж авч байна вэ?
Говь-Алтай аймгийн Цогт сумын АН-ын дарга Д.Баяраа
-Манай хөдөөгийн иргэд Засгийн газрын тогтвортой байдлыг хүсч байгаа. Н.Алтанхуяг тэргүүтэй Шинэчлэлийн Засгийн газар үнэхээр сайн ажиллаж байна. Манай ард түмэн итгэл хүлээлгээд дөрвөн жилийн хугацаатай сонгосон. Монгол орон сумаасаа эхлээд өнгө зүсээ засч, өөрчлөгдөж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулж хөдөө нутгийн ард иргэдэд эрх мэдлийг өгсөн гээд олон шат дараалсан үйл ажиллагааг нь ард иргэд хүлээн зөвшөөрч, энэ Засгийн газрыг сайн ажиллаж байна гэж үзэж байгаа. Манай намын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. 21 аймаг, есөн дүүрэг 331 сумын намын удирдлагууд дуу нэгтэйгээр Шинэчлэлийн Засгийн газраа тогтвортой ажиллуулж, дэмжиж ажиллахыг УИХ дахь намын бүлэгтээ саналаа хүргүүлсэн байгаа.
-Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтийг МАН-ын бүлгээс гаргасныг хөдөөгийн ард иргэд улстөржилт гэж харж байгаа. Яагаад гэвэл Засгийн газар жигд үйл ажиллагаатай байгаа учраас сөрөг хүчний улстөрийн явуулгыг явуургүй үйл ажиллагаа гэж үзэж байна.
Увс аймгийн Завхан сумын ИТХ-ын дарга С.Өлзийдэмбэрэл
-Хөдөөгийн иргэд бол Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлын эсрэг байгаа. Би анхан шатны нэгжид ажилладаг хүн. Засгийн газар болон Ерөнхий сайдыг огцруулснаар ашиг хонжоо хайсан, албан тушаал авах гэсэн хүмүүст л хожоо гарна гэхээс биш ард иргэдэд ямар ч хожоо байхгүй. Үүнийг хөдөөгийн иргэд маш их эсэргүүцэж байгаа. Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж ажиллахыг УИХ-ын гишүүдээс хөдөөгийн иргэд хүсч байгаа. Засгийн газрыг ажлыг нь хийлгэхгүй байн байн унагах гээд байгаа нь улс орны эдийн засагт хүндрэлтэй байна. Нөгөө талаасаа улс төрийн тогтворгүй байдал бий болно. Энэ нь эргээд ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Ийм учраас бид Засгийн газрыг тогтвортой байлгахыг л хүсч байна.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудал бол МАН-ынхны улстөрийн ашиг хонжоо хайсан л явдал. Энэ бол үнэн чанартаа улс орны ажлыг, Засгийн газрыг сайжруулах гэсэн санаа огт биш. МАН-ын нөхдүүдийн дараагийн сонгуулийнхаа нүүдлийг хийж, АН-ыг дотор нь хагаралдуудах гэсэн улстөрийн явуулга. Тийм учраас Шинэчлэлийн Засгийн газрыг ажлыг нь хийлгэхийг, тогтвортой байлгахыг УИХ-ын гишүүдэд уриалж байна.
Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга Ю.Баттулга
-1996-2000 онд Засгийн газар дөрвөн удаа солигдож байсан. 2000 оны сонгуулиар манай намаас гуравхан гишүүн сонгогдоод алдаж байсан. Энэ түүхийг дахин давтахыг иргэд хүсэхгүй байна. Бүх цаг хугацаанд манай намын гишүүд дэмжигчид Засгийн эрхийг авч, улс орноо хөгжүүлж, ажилтай орлоготой болохыг хүсч байсан. Манай нам 2012 оны сонгуульд Засгийн эрхийг авлаа. Ерөнийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Ардчилсан Ерөнхийлөгтэй боллоо. Энэ бол манай намын гишүүд дэмжигчдийн 25 жилийн ажлын үр дүн. Манай намын дарга маш сайн удирдан зохион байгуулсанд бид баярлаж байгаа. Одоо тогтвортой ажиллуулах нь л чухал. Манай хөдөө орон нутгийн иргэд Засгийн газрыг тогтвортой байлгаж, ажлын үр дүнг нь үзэхийг л хүсч байна. Засаг тогтвортой байвал ард иргэдийн амьдрал дээшилнэ. Дөрвөн удаа Засаг солигдоход ард иргэд ямар хэцүү байсныг бид мэднэ. Тийм учраас Засгийн газрыг үүрэг хариуцлагыг нь өндөржүүлээд, цааш нь ажиллуулах хэрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого бол ард иргэдэд хүрч байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт бол хөдөөд бүтээн байгуулалтыг авчраад зогсохгүй орон нутагт эрх мэдлийг өгч байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ард иргэдийн хүсэн хүлээж байсан ажлыг шийдээд явж байгаа. Засгийн газрыг тогтвортой байлгах тал дээр иргэн бүр нэг санаатай байгаа.
-Ерөнхий сайдын санаачилж хийж байгаа ажлыг жирийн иргэд харж байна. Өмнө нь байгаагүй өөрчлөлт, бүтээн байгуулалт хийгдэж байна. Төрийн албаны үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэдэг болсон, сум багууд бүгд өөрчлөгдсөн. Сургуулийн засварын асуудлыг л гэхэд бид УИХ-ын гишүүд эсвэл харьяа яамаар шийдүүлдэг байсан. Одоо бол Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө ямар ч асуудлыг эрэмбэлж байгаад шийдвэрлэж байна. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах бол зохимжгүй асуудал. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа иргэдэд хүрч байгаа.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Б.Нарантуяа
-Манай Говь-Алтайчууд Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг л хүсч байна. Яагаад вэ гэхээр Шинэчлэлийн Засгийн газрын бодлого шат шатандаа амжилттай хэрэгжиж байгаа. Засгийн газрын хийсэн бүтээсэн ажил нь бидний нүдэнд илт байгаа учраас үүнийг ард түмэн дэмжиж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал дээр манай Говь-Алтайчууд эсрэг байр суурьтай байгаа. Н.Алтанхуяг сайд үнэхээр сайн ажиллаж байгаа. Иргэдрүүгээ чиглэсэн ажлыг Засгийн газрын тэргүүн санаачлан хэрэгжүүлж байгаа нь иргэдийн амьдрал дээр бодитоор үр дүнгээ өгч байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг манай УИХ-ын гишүүд ухаалгаар шийдэх байх гэдэгт иргэд итгэж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэлийг бүх салбарт хийсэн.
Дорнод аймгийн АН-ын дэд дарга Э.Гантулга
-Дорнод аймгийн иргэд болон намын гишүүд дэмжигчид Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэсэн байрь суурьтай байгаа. Хоёр жилийн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газар орон нутаг руу чиглэсэн олон ажлуудыг хийсэн. Ер нь бол 2016 оны сонгуулиар ард иргэд дүнгээ тавина. Тийм болохоор үлдэж байгаа бүрэн эрхийн хугацаанд нь тогтвортой ажиллуулах хэрэгтэй. Өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газрыг унагаад, маргааш эдийн засаг сэргэх юм шиг МАН-ын нөхдүүд ярьж байна. Тийм юм бол байхгүй ээ гэв.
Ийнхүү Шинэчлэлийн засгийн газрын хэрэгжүүлсэн ажил хөрсөн дээрээ бууж, орон нутагт амьдрал өөдөлж байхад засгаа “самарч хаях”-ыг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой. Харин сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирсэн нь анхны тохиолдол биш. Энэ удаагийнх зургаа дахь нь болж байгаа нь өнгөрсөн хоёр жилийн УИХ-ын чуулган хугацааны 50 хувьд нь засгийг огцруулах асуудлыг хэлэлцүүлсэн гэсэн үг. Ийнхүү шударга зарчмаар сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээсээ илүү засгийн ажлыг гацаахын тулд сөрж байгаад орон нутгийн иргэд бухимдаж байгаагаа хэлсэн юм.
С.ОТГОН