Дэлхийн зах зээлд нефтийн ханш сүүлийн саруудад буурч, одоогоор нэг баррель нефть 87-90 ам.доллар болоод байна. Монголын шатахууны үнэ бүрдэлтийг дэлхийн зах зээлийн ханштай уялдуулж тогтоодог болсон тул нефтийн ханш буурч байгаа нь Монголд хэрхэн нөлөөлөх нь сонин.
Энэ талаар Уул уурхай, эрчим хүчний яамны газрын дарга Л.Раднаасүрэнтэй товч ярилцлаа.
-Нефтийн үнэ дэлхийн зах зээлд сүүлийн саруудад буурч байна. Үүнтэй холбоотойгоор Монголд шатахууны жижиглэнгийн үнэ буурах боломжтой юу?
-Нэг баррель нефтийн үнэ энэ оны 5-8 дугаар саруудад дунджаар 102 ам.доллар байсан бол одоо 87-90 ам.доллар болсон. Мөн ОХУ-аас манайд нийлүүлдэг шатахууны хилийн үнэ өмнө нь 1000 ам.доллар байсан бол одоо 900 ам.доллар байгаа. Шатахууны үнэ буух гадаад хүчин зүйл бүрдсэн ч одоо төгрөгтэй тэнцэх ам.долларын ханш өндөр байна шүү дээ. Тиймээс шатахууны үнийг валютын ханшийн савалгаанд өртүүлэхгүйн тулд форвард хэлэлцээр хийсэн. Монголбанк, Уул уурхайн яам хамтран Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж, импортлогч компаниуд шатахуун худалдаж авах ам.доллараа форвард хэлцэл хийсэн үнээр авч байгаа. Форвард хэлцлээр тогтсон ам.долларын ханш нь 1525 төгрөг. Гэтэл одоо төгрөгтэй тэнцэх ам.долларын ханш 1870-аас давчихаад байна. Энэ зөрүүг Монголбанк төлж байгаа гэсэн үг. Тиймээс дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсан ч төгрөгтэй тэнцэх ам.долларын ханш өндөр байгаа учраас цаашдаа шатахууны үнэ төдийлөн буухгүй. Тогтвортой байна.
-Компаниуд шатахууныг ам.долларын хямд ханшаар тооцон авч, Монголбанк зөрүүг нь төлж байгаа гэлээ. Цаашдаа хэрхэн зохицуулалт хийх юм бэ?
-Ер нь шатахууны үнэд ам.долларын ханш голлон нөлөөлдөг тул одоогийн валютын ханш руу дөхүүлэх зохицуулалт хийх шаардлага бий. Дээр хэлсэнчлэн импортлогч компаниуд ам.долларыг 300 гаруй төгрөгөөр хямд тогтоосон хэлцлээр авч байгаа тул одоогийн валютын ханшийн түвшинтэй ойртуулах шаардлага гарч байгаа.
-Гол хөшүүргэ болох компаниудын авч буй ам.долларынх нь ханшийг одооныхтой ойртуулчихаар шатахууны үнэ нэмэгдчих юм биш биз?
-2013, 2014 онд дэлхийн зах зээл тогтворгүй байлаа. Жилийн өмнөхөөс төгрөгтэй тэнцэх ам.долларын ханш хэдээр өсчихөөд байгаа билээ. Гэтэл шатахууны үнэ хэвэндээ л байна. Монголбанк, Уул уурхайн яам хамтран Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлснээр шатахууны үнийг тогтвортой байлгахад үр дүнгээ өгсөн гэж хэлж болно. Хамгийн гол нь жижиглэнгийн үнэд ямар ч өөрчлөлт оруулахгүйгээр, импортлогч компаниудад алдагдалгүйгээр Монголбанктай хамтран тооцоолол хийж, одооны ханшид ойртуулна. Энэ тооцоо арваннэгдүгээр сарын 15 гэхэд тодорхой болчих байх. Үүнээс дүгнэж хэлэхэд ойрын үед жижиглэнгийн үнэд болон импортлогч компаниудын ашиг, алдагдалд ямарваа өөрчлөлт гарахгүй. Шатахууны үнэ тогтвортой байна гэдэг нь хамгийн чухал.
-Ирэх онд Монголбанктай хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, компаниудад хөнгөлөлттэй зээл олгох уу?
-Шатахуун импортлогч компаниудад нийт 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон. Одоогийн байдлаар бидэнд ирсэн мэдээллээр нийт зээлийн 20 хувь нь эргэн төлөгдөөд байна. Үлдсэн 80 хувийг Монголбанк энэ оныг дуусахаас өмнө компаниудаас авна гэсэн. Ирэх онд импортлогч компаниудад дэд хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл олгохгүй байх. Импортлогч компаниуд хувь хувьдаа эргэлтийн хөрөнгөө шийдэх хэрэгтэй болно. Үүгээр нэг яригдсан асуудал бий. ОХУ-ын тэргүүний Монголд хийсэн айлчлалын хүрээнд Оросын банк, санхүүгийн байгууллагынхан эргэлтийн хөрөнгөөр дэмжихээр рублийн хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамтай ярилцаад явсан. Хэрхэн шийдэгдэхийг одоогоор хэлэх боломжгүй байна.
-Монгол Улс ирэх онд хэдий хэмжээгээр шатахуун импортлох вэ?
-Манай улсын жилийн шатахууны хэрэгцээ 1.4 сая тонн. Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралдаанаар ирэх жил Монгол нэг сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авах тухай протоколд тусгасан. Үлдсэн 400 мянган тонныг БНХАУ болон бусад улсаас авна. Ингэснээр шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг эх үүсвэрээс авдаг байсныг өөрчилж байгаа юм.
-Шатахуун оруулж ирэх боомтын хүчин чадал одоо ямар байгаа вэ?
-Өмнө нь ОХУ-д шатахууны хомсдол үүсч, Наушк боомтоор шатахуун оруулж ирэх боломжгүй болсоны улмаас манайх гуравхан хоногийн шатахууны нөөцтэй болж байлаа. Тэгвэл одоо ганц боомтоос авдаг байсныг өөрчилж, Замын-Үд дэх боомтын хүчин чадлыг сайжруулсан. Замын-Үд дэх боомтын хүчин чадлыг 14 мянган м/3 хэмжээгээр нэмснээр сард 40 мянган тонн шатахуун оруулж ирэх боломжтой болсон. Энэ нь нийт сарын шатахууны хэрэгцээний 45 хувийг хангаж байна. Өөрөөр хэлбэл, боомтын хүчин чадлын хувьд ч тэр, шатахууны импортын эх үүсвэрийн хувьд ч тэр, ганц эх үүсвэрээс хамааралгүй болсон. Ингэснээр шатахууны нөөц хомсдож, үнэ савлах эрсдлийг хааж байгаа юм.
У.БОЛОР