Сонгогчдын “Б” төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

Сонгогчдын “Б” төлөвлөгөө

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн ээлжийн амралтаа авлаа. Өнгөрсөн есдүгээр сарын дундуур хийсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын кабинетэд бүтцийн өөрчлөлт хийх тухай мэдэгдэл энэ намрын халуун сэдвийн нэг байж, тэр хэрээр намрын чуулганы нээлтийг иргэд ихээхэн хүлээж байлаа. Улс орны эдийн засаг санхүүгийн хүндрэл манай редакцийг ч бас нэрвэж, монголчуудын ид амарч, айраг цагаа эргүүлдэг цагаар “хонины ээлжийг хариуцан үлдсэн учраас ийнхүү аравдугаар сард амарсан хэрэг. Харин амрахдаа өөртөө нэгэн амлалт өгсөн нь хэрэгтэй хэрэггүй юм уншиж тархиа гашилгахгүй гэсэн амлалт. Өдөр тутмын мэдээний редакцид бужигнаж байдгийн хувьд хэрэгтэй, хэрэггүй юм гэдэг нь улс төр тойрсон элдэв хар мэдээнээс хол байя гэсэн үг. Намрын чуулган эхэлж, засаг ид бужигнаж, ашгүй амарсан хойгуур бүх зүйл болоод өнгөрөх нь хэмээн дотроо олзуурхаж байсан нь талаар болов.

 

 

Гурван долоо хоногийн өмнө Монголын улс төр ямар байдалдаа байсан, тэр байдалдаа хэвээр угтлаа. Харин ч бүр дордсон бололтой юм. Зарим яамны сайдыг чөлөөлчихсөн, шинийг нь томилоогүй байгаа гэнэ. Яамдын тоогоор гурваар цөөлөхөөр болсон ч хэн тэдгээр яамыг толгойлох нь тодорхойгүй байгаа юм байна. Уг нь арваннэгдүгээр сар гэдэг ирэх оны төсвөө баталдаг маш хариуцлагатай үе, гэтэл сайд нь байхгүй яамны төсвийг хэлэлцэж байгаадаа ундууцах сөрөг хүчнийг буруутгах аргагүй. Бэлэн байгаа сайдын сэнтийд залрах хүн хэзээд, хаанаас ч олдоно, гагцхүү энэ хооронд улс орны хувь заяатай шууд хамааралтай, Сангийн, Уул уурхай зэрэг яамд ийнхүү эзэнгүй удах нь ямархуу хор уршигтайг мэдэж л баймаар.

Төрийн сан улайх дээрээ тулж, татвар, гааль, мэрэжлийн хяналт зэрэг төсвийн орлого бүрдүүлэгчдийг тайван суулгахаа болиод удаж байгаа гэсэн. Их дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж таарч, оюутан хүүхдүүдийнхээ төлбөрийг хийх гэж чамгүй их мах нийслэлийн хүнсний захын лангуунуудад ирж, хавартай харьцуулвал махны үнэ бага зэрэг буугаад байна. Хэрэв тэгээгүй бол ард иргэдийн амьдрал тартагтаа тулахад ойрхон байна. Зөвхөн зайлшгүй хүнсний бараандаа орлогоо арай ядан хүргэж байгаа өрхүүд олширлоо. Нэг үгээр хэлбэл, улс орон дампуурлын ирмэгт байна.

Хариуцлагыг хэн нэгэнд тохон, чичлэн ярих үргэлж амархан байдаг. Тийм ч учраас гүйцэтгэх засаглалыг толгойлж байгаа Н.Алтанхуягийг чичилж байна. Гэхдээ энэ байдал сүүлийн хоёр жилд л бий болсон уу гэвэл үгүй. Иргэд та бидний 1992 оноос хойш санал өгөн сонгож, эрх мэдлийг атгуулж ирсэн хүмүүсийн харалган, ахархан бодлогын үр дүн өнөөдөр юм. Дарга даргаараа төрдөг хэмээн 1990 онд нэгэн өндөр албан тушаалтан хэлээд адлуулж байсан шиг даргаараа төрсөн хүмүүсийн бүхэл бүтэн давхарга бий болжээ, өнгөрсөн ардчилсан сонгуулиудын явцад.

Асуудлын гол нь эдгээр дарга нарыг та бид л саналаараа сонгосонд байгаа юм. Хэтээ харсан, зөв бодлогыг хариу ач харалгүйгээр хийж чаддаг жинхэнэ төрийн хар зүтгэлтнүүд хаачсан бэ. Мэдээж, салбар салбартаа өөрт ногдсон ажлаа хэний ч өмнө нүүр улайхааргүй гүйцэтгээд, оногдсон цалингаа аваад  явж байгаа олон хүн бий. Гагцхүү тэд өрөг дээр даам гарах гэж улайран тулалдах ёс зүй тэдэнд үгүй. Хоёр нам тойрсон Монголын улс төр үеэ өнгөрөөжээ.

Өөрсдийнх нь төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадах жинхэнэ улстөрчдийг гаргаж ирэхийг Монголын ирээдүй сонгогчдоос шаардаж байна. Ингэхийн тулд улс орныхоо ирээдүй, хойч үедээ санаа зовинодог, болохгүй байгааг нь  шууд хэлж хариуцлага тооцож чаддаг иргэд хэрэгтэй.

Нэг хулгай хийсэн хүн хоёр дахиа хийнэ.

Нэр нь сэвтсэн улстөрчдийг сонгогч бид л өөрсдөө санал өгөөд дараагийн сонгуулиар гаргаад  ирдэг. Өнөөдөр таны цалин амьдралд хүрэлцээгүй, хүүхэд чинь чанартай боловсрол эзэмшиж, эрүүл мэндийн найдвартай үйлчилгээ авч, сэтгэл түвшин амьдарч чадахгүй байгаа бол бидний өөрсдийн буруу. Яагаад гэвэл бидний хүсч байгаа нийгмийг бидэнд байгуулж өгнө гэж хуурсаар байгаа хүмүүсийг сонгосоор л байгаа болохоор. .

Тиймээс өөрсдийн сонгоод явуулсан төрийн түшээддээ хариуцлага тооцож чаддаг, алдаа оноог нь хэлж чаддаг, шинэ түвшний сонгогч болох “Б” төлөвлөгөөндөө шилжих цаг болжээ.

Түүнээс биш танай хороонд зассан зам, барьсан сургууль цэцэрлэг, Цагаан сар, Ахмадын баяраар танд илгээсэн тавгын боов, ганц шил архинд хууртсаар байх аваас амраад ирсэн гурван долоо хоног биш, 30 жилийн дараа ч байдал өөрчлөгдөхгүй.

Д.НАРАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж