З.Энхболд:Надад ерөнхий сайд болох боломж байсан ч болохгүй

Хуучирсан мэдээ: 2014.11.04-нд нийтлэгдсэн

З.Энхболд:Надад ерөнхий сайд болох боломж байсан ч болохгүй

 Тус аймагт 200 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрны барилгыг улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр богино хугацааны дотор чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтад оруулсан нь үдээс хойш тууз хайчилснаар нээлтээ хийлээ. Түүнчлэн "Боловсрол" хотхон болон Ахмадын сувиллын нээлт энэ үеэр болсон юм.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболдоос тодруулга авав.

-Сүхбаатар аймгийн бү­тээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Танд ямар сэтгэгдэл төрөв?

-Ж.Батсуурь дарга, М.Зо­ригт гишүүн нар хийх гэж байгаа ажлаа их тайлбарладаг байсан. Хийнэ хэмээн зураг байсан хороолол өнөөдөр бодитоор бий болжээ. Айлуудаар нь орж үзлээ. 40 сая төгрөгөөр иргэд хаустай болсон байна. Улаанбаатарт 40 саяар гарааш ч авч хүрэхгүй гэдгийг манайхан мэдэж байгаа. Аймгийн удирдлага, компани хоёр анх амласан гэрээгээ биелүүлж валютын ханш өссөн ч гэсэн ажил болчихсон байна. Улсын төсвөөс "Боловсрол" хороололд сургууль, цэцэрлэг барьж өгөх амлалттай байгаа. Энэ жил шинэ обьект бариагүй ч гэсэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургуулиудын нэгийг нь бариулахаар сая газар дээр нь шийдлээ. Цэцэрлэгийн асуудлыг шийдэх байх. 21 аймгийг бүтээн байгуулалт хийж байгаагаар нь жагсаавал Сүхбаатар аймаг тэргүүлнэ. Бусад аймгуудтай адилхан хөрөнгө оруулалт авдаг. Гэхдээ өөрсдөө санаачилгатай тул улсаас өгсөн багахан мөнгөөр их ажил хийж байна. "Боловсрол" хороололд улсаас нэг ч төгрөг өгөөгүй. Амласан зүйл нь 200 хүүхдийн дотуур байр байсан. Энэ нь харин ажил болжээ. Сургууль, цэцэрлэг, номын сан барих үүргээ биелүүлнэ гэдгээ хэлсэн. Хүн санаачилгатай, сэтгэлтэй байвал ямар ч ажлыг хийж болдгийг Сүхбаатар аймгийн жишээ харуулж байна.

-Та эдгээр хаусыг найман хувийн орон сууцны зээлд хамруулах тухай ярьсан. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?

-Найман хувийн зээлийг олон давхар орон сууцанд өгдөг дүрэмтэй. Монголбанкнаас хоёр мэргэжлийн хүнийг нь дагуулж ирээд энэ байшингуудад ч гэсэн зээл өгөх хэрэгтэй гэдгийг хэллээ. Төвлөрсөн дэд бүтэцтэй хаус маягийн амины орон сууцанд зээл өгөхөөр ярьж байгаа. Удахгүй шийдэгдэх байх. Тэгэхээр журам өөрчлөгдөнө.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаж байна. Таныг Ерөнхий сайд болох гэж байна гэсэн яриа гараад байгаа?

-Тийм цуурхалд хариу өгөөд байх цаг зав надад байхгүй. Засгийн газрыг томилдог хүн яахаараа Засгийн газрын тэргүүн болно гэж. УИХ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар тогтвортой байгууллага юм. УИХ-ын дарга, гишүүдийг хэдэн гишүүн гарын үсэг зурж огцруулж болдоггүй. УИХ дөрвөн жилдээ тогтвортой ажилла, ажлаа хийж чадахгүй сайдууд, Ерөнхий сайдыг сольж болно. Сайдыг нэг гишүүн, Ерөнхий сайдыг 19 гишүүн огцруулах санал оруулж болно гэдгийг Үндсэн хууль өөрөө агуулсан. Энэ нь Засгийн газрыг солих бол төр засгийн тогтвортой байдалд хамаагүй, УИХ нь тогтвортой байдаг юм аа гэдгийг л хэлж байгаа юм. Надад Ерөнхий сайд болох боломж байсан ч болохгүй. Ерөнхий сайд солигдлоо гэж бодоход УИХ-д АН-ын 35 гишүүн бий. З.Энхболдыг хасаад 34 гишүүнд Ерөнхий сайд болох зам нь нээлттэй гэсэн үг. Би Ерөнхий сайд болохгүй учраас энэ жагсаалтаас намайг хасч болно.

Э.БОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж