ОУВС-гийн экс тэргүүн Доминик Стросс-Кан жилдээ 318 мянга орчим ам.долларын тэтгэвэр авна гэж ABC News телевизээр мэдээлсэн байлаа. Олон улсын валютын сантай 2007 онд хийсэн гэрээний дагуу Стросс-Кан цалин эмэгдлийнхээ хамт 496 мянган ам.доллар байсан бөгөөд харин өнгөрсөн жил цалин шагнал нь нэмэгдээд жилдээ 530 мянган ам.доллар болжээ.
Стросс-Каныг Нью-Йоркоос нисэхийнх нь өмнө нисэх буудалд баривчилсан. Хүчингийн хэрэгт холбогдсон түүнийг Нью-Йоркийн шүүх өнгөрсөн пүрэв гаригт нэг сая ам.долларын барьцаатайгаар хотоос гарч явах эрхгүйгээр шоронгоос сулласан. Хөдөлмөрийн гэрээ нь тасалдсан компанийн топ менежерүүдэд “алтан шүхэр” гэж нэрлэгдэх цалин, тэтгэвэр өгөх журам АНУ-д байдаг. Түүнд хамрагдсан Каны жилийн тэтгэмж нь сангийн тэргүүн байсан цалингийн 60-65 хувьтай тэнцэж байгаа юм. Үүний дагуу Кан нас бартлаа жил бүр 318-349 мянган ам.доллар авч байх болжээ.
Ш.Мягмар