Олон улсын эрх зүйн комиссын үйл ажиллагааны талаар НҮБ-ын чуулганд үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Олон улсын эрх зүйн комиссын үйл ажиллагааны талаар НҮБ-ын чуулганд үг хэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы 6 дугаар хорооны энэ 7 хоногийн хуралдаанаар Олон улсын эрх зүйн комиссын 66-р чуулганы тайланг хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч манай улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ Олон улсын эрх зүйн комиссын өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлж буйгаа илэрхийлээд энэ удаагийн тайланд дурдсан “Гамшгийн үед хүмүүсийг хамгаалах нь” сэдвээр Комиссын зүгээс 21 зүйл, заалтын төслийг баталсныг сайшаан эдгээр зүйл, заалтыг боловсруулахад Тусгай илтгэгч Эдуардо Валенсиа Оспинагийн оруулсан үнэтэй хувь нэмрийг онцолж, цаашид гамшгийн үед ард иргэдийг хамгаалах эрх зүйн илүү сайн орчин бүрдүүлэхэд энэхүү зүйл, заалтууд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Мөн зарим зүйл, заалт болон түүнийг хэрхэн ойлгох талаар Комиссын гаргасан тайлбарт гамшиг гэсэн ойлголтын талаар харилцан зөрүүтэй зүйл байгааг онцолж, зэвсэгт мөргөлдөөний үр дагаварт үүссэн нөхцөл байдлыг гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулах үндсэн зорилгоор боловсруулагдсан дээрх зүйл заалтад хамруулахгүй байх нь зүйтэй гэсэн манай улсын байр суурийг илэрхийлсэн болно.

Түүнчлэн Олон улсын эрх зүйн комиссын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг” сэдвийг оруулсантай холбогдуулан Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нэгэнт томьёолсон тодорхойлолтоос ялгаатай шинэ тодорхойлолтууд гаргаж ирэх нь уг гэмт хэргийг тодорхойлох, улмаар гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох үйл явцад хүндрэл учруулах магадлалтай болохыг илэрхийлэв.

Байнгын төлөөлөгч хэлсэн үгийнхээ төгсгөлд гишүүн улс орнуудын олон эрх зүйн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, боловсон хүчнийг сургах зорилгоор Женев хотноо жил бүр зохиогддог энэ жил 50 жилийнхээ ойг тэмдэглэсэн олон улсын эрх зүйн сургалтыг зохион байгуулахад Олон улсын эрх зүйн комиссын оруулж ирсэн хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа мэдэгдсэн болно.

Эх сурвалж: http://mfa.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж