Мадрид хотын төвөөр 2000 хонь туужээ

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Мадрид хотын төвөөр 2000 хонь туужээ

 

Испанийн малчид өчигдөр /ХI.2/ Мадрид хотын төвөөр 2000 хонийг тууж, олны анхаарлыг татжээ. Малчид өдрөөс өдөрт орон нутаг нь хотжиж, үйлдвэржилтийн нөлөөгөөр мал аж ахуйн соёл хумигдаж байгаад олны анхаарлыг татах үүднээс “хонины парадыг” зохион байгуулсан байна. Мадрид хотын төвөөр олон мянган хонь  майлалдан, малчид хонх жингэнүүлэн явсан нь жуулчид төдийгүй оршин суугчдын анхаарлыг ихээр татсан байна. Малчид автозамын хөдөлгөөнийг саатуулан олон мянган хонийг туусаар хотын эртний захиргааны байшинг өнгөрөн, “Пуэрта-дель-соль” талбайгаар явж, Испанийн төв банкны хажуугаар өнгөрөн. Рэтиро парк хүрчээ. Хоньчидтой хамт уламжлалт хувцасаараа гоёсон бүжигчин, дуучид нэгдсэн байв.

 

Испанийн малчид олон зууны турш тус орныг хөндлөн гулд малаа тууварлах эрхтэй байсаар ирсэн аж. Эрт цагт малчид Мадрид хотоор малаа тууварлан явахдаа эрх баригчдад 25 алтан зоос тушаадаг байжээ. Мадрид хотыг II Филип хааны үед Испанийн нийслэлээр зарласан аж. Испани нь мал аж ахуйн үйлдвэрлэлээрээ Европтоо тэргүүлдэг байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж