Энэ жилийн наадмаар бөхчүүд нэгнийгээ цохисон, амнаас нь сэнжигдсэн, чихнээс нь татсан гээд олон спортын бус үйлдэл гаргасан. Тэр дундаа Өвөрхангай аймгийн харьяат, Улсын начин Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандоржид унасныхаа дараа хөлийн цэцээр ажиллаж байсан Улсын харцага Д.Сэрээтэрийг нударч авч, хэл амаар доромжилсон нь олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл хүлээсэн юм.
Тэгвэл энэ жудаггүй явдлыг Монголын жүдогийн холбооноос зүгээр өнгөрөөгөөгүй аж. Б.Сугаржаргал уг нь +100 кг-ын жинд барилдаж, жүдогийн шигшээ багт харьяалагддаг байсан ч өвгөн харцагад гаргасан ааш авирынх нь улмаас түүнийг жүдогийн шигшээ багаас хөөсөн байна.
Энэ талаар Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга “Б.Сугаржаргалыг жүдо бөхөөр барилдуулахгүй. Одоо үндэсний бөхөөрөө л барилдах байх” хэмээн ярьсан байна.
Т.АНУ