Ирээдүйтэй сүмоч Ичиножёо А.Ичинноров

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Ирээдүйтэй сүмоч Ичиножёо А.Ичинноров

Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлчийн тэмцээн арваннэгдүгээр сарын 9-23-ны өдрүүдэд Фүкүока хотноо болох билээ. Энэ сарын башёд сэкивакэ цолтойгоор барилдах Ичиножёо А.Ичинноровын тухай мэдээллийг хүргэж байна.

Дэвжээний нэр: Ичиножёо Такаши

Алтанхуягийн Ичинноров

Архангай аймгийн Батцэнгэл сум. 1993 оны 4 сарын 7 өдөр

Дэвжээ: Миниато

Амжилт: Жюүрёод 1 удаа түрүүлсэн. Аки башёд маэгаширагийн 10-с барилдахдаа 13 даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

Мэргэжлийн сүмод ороод жил болоогүй байгаа ч гэлээ аль хэдийн “Монголын үлэмж биет”, “Малчин сүмо”, “Монголын мангас” нэрийг аваад байгаа тэрээр мэргэжлийн сүмогийн анхаарал татсан бөхийн нэг болоод байна.

Ичиножёогийн аав Ш.Алтанхуяг 190 см, ээж Н.Болортуяа 175 см өндөртэй аж. Тэднийх байнга нүүдэллэж амьдардаг бөгөөд тэрээр багын аав, ээждээ тусалдаг байжээ. 10 нас хүрээгүй байхдаа гэрээсээ 5 км хол орших голоос ус зөөдөг байсан байсан. Тэрээр нэг явахдаа 20 литр, өдөрт 200 литр ус зөөдөг байжээ.

Ийнхүү Монголын үлэмж биет нэрийг аваад байгаа Ичиножёогийн тав, долоо, есдүгээр сарын башёд хэрхэн барилдсаныг өгүүлье.

 

Тавдугаар сарын башё:

Тавдугаар сарын башё Токио хотын “Кокүгикан” ордонд тавдугаар сарын 11-25-нд боллоо. Энэ башёгийн жюүрёд сүүлийн өдөр хүртэл хэн түрүүлэх нь тодорхойгүй байсан юм. Тэмцээний сүүлийн өдөр Котоюүки 11 ялалттай тэргүүлж, манай Кагамио, Ичиножёо, Сэйро нар 10 ялалттай нэхэж байсан. Ингээд 15 дахь өдөр Кагамио тэргүүлж явсан Котоюүкиг унагааж, Сэйро жюүрёогийн манлай бөх Азүмарюүг, Ичиножёо Тамаасүкаг ялснаар дөрвөн бөх халз барилдах болсон юм. Сугалаагаар Кагамио Сэйрог, Ичиножё Котоюүкиг ялсан. Ичиножёо, Кагамио нар барилдан, Ичиножёо ялснаар жюүрё зиндаанд түрүүллээ. Тэрээр ийнхүү жюүрёод анх удаа барилдахдаа шууд түрүүлсэн юм. Энэхүү амжилт нь мэргэжлийн сүмод ороод гурван тэмцээн барилдаанд жюүрёод түрүүлсэн нь Миябияма, Эндотой зэрэгцсэн амжилт болжээ. Тэрээр тэмцээний дараа хэлэхдээ: “Өөртөө итгэлтэй байсан минь намайг түрүүлэхэд хүргэлээ. Анх удаа 15 хоног барилдлаа. Тэмцээний дундуур ядарсан ч сүүлийн өдрүүдэд гайгүй болсон. Нагоя башёд дээд зиндаанд орохын төлөө барилдана” гэжээ.

Жюүрё-Ичиножё 11 даваа 4 унаатайгаар түрүүллээ.

Долдугаар сарын башё:

Зуны барилдаан буюу Нагоя башёгийн жюүрёод эхний өдрөөс тэргүүлж явсан Ичиножёо 13-1 үзүүлэлтээр түрүүлэх боломжтой байсан ч хоёр унаатай байсан Гүржийн Точиношинтэй сүүлчийн өдөр барилдан, ёрикири мэхээр ялагдсан юм. Адилхан хоёр унаатай болсон бөхчүүд нэмэлт барилдаан хийхэд хашир туршлагатай Точиношин ялснаар Ичиножёо хоёр тэмцээн дараалан жюүрёод түрүүлэх сайхан боломжоо алдав. Гэхдээ Ичиножёо 9 дүгээр сарын башёд макүүчид зодоглосон юм.

 

Есдүгээр сарын башё:

Ичиножёо А.Ичинноров Аки башёд маэгаширагийн 10-с барилдахдаа 13 даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Тэрээр озэки Кисэносато, Гоэйдо, ёкозүна Какүрюү М.Ананд нарыг өвдөг шороодуулж, Икиой, ёкозүна Хакүхо нарт унасан билээ. Дээд зиндаанд анхлан барилдахдаа тэмцээний сүүлийн өдөр хүртэл тэргүүлэгчдийн эгнээнд явсан тэрээр хоёр гол шагналыг хүртсэн юм.

Намрын тэмцээний тусгай шагнал:

Кантошёо дайчин барилдааны шагнал – Ичиножёо А.Ичинноров ("Минато" дэвжээ)

Шүкүншё гарамгай барилдааны шагнал – Ичиножёо А.Ичинноров ("Минато" дэвжээ)

Ирэх башёд сэкивакэ цолтойгоор барилдах Ичиножёо А.Ичинноров аравдугаар сарын 27-нд эмнэлгээс гарч, үсээ боолгосон юм. Аки башёгийн дараа А.Ичинноров тойргийн барилдаан болон телевизийн ярилцлага гээд маш завгүй ажиллаж байсан бөгөөд тэрээр хэвтрийн дэглэм барих шаардлагатай болсон юм. 

Ийнхүү өнгөрөгч есдүгээр сард ордон дүүрэн үзэгчтэй болсон Аки башёгийн гол дүрийн баатар нь шинэ озэки Гоэйдо, ёкозүна Хакүхогийн аль нь биш байсан бөгөөд "шинэ цэрэг" Ичиножёо байлаа. 192 см өндөртэй, 199 кг жинтэй, сүмод барилдаж буй монгол бөхчүүдээс цор ганцаар малчны хүү тэрбээр ийнхүү сүмогийн дараагийн аваргаар нэрлэгдэж байна.

Дээд зиндаанд нэг башё барилдаж асар богино хугацаанд Сэкивакэ цолтон болсон А.Ичинноров сүмогийн түүхэнд анх удаа тохиож буй цоо шинэхэн үзүүлэлтийн эзэн болж монголоор овоглох нэгэн дээд амжилт ийнхүү бичигдэж байгааг Японы төдийгүй дэлхийн хэвлэл мэдээлэл онцолж байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж