Хагарсан олгой тогооноосоо хальжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Хагарсан олгой тогооноосоо хальжээ

Олны анхааралд төдийлөн ороогүй нэг сэдвийг хөндөх болсон минь өнгөрсөн долоо хоногт хэвлэлд нийтлэгдсэн материалтай холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болон Өмнөд Солонгосын нэгэн иргэнтэй холбоотой залилангийн гэх мэдээлэл Энэтхэгийн нэгэн сайтад гарсан талаар зарим нэг хэвлэл бичсэнийг эрхэм уншигч анзаарсан байж магад. Мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлээр биш хаа хамаагүй Энэтхэгийн нэр зүсгүй сайтад тавигддаг нь хачирхалтай юм шүү. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвших цагаар гэнэтхэн л Энэтхэгийн сайтаас олдсоноос харахад энэ үйлдэл манайхны улстөрчдийн маруухан дэглэсэн улс төрийн үзэгдэл байх магадлалтай.

Сүүлийн үед Монголд өрнөж байгаа эгзэгтэй үйл явдлын үеэр захиалгын юм шиг мэдээлэл гадны хэвлэлүүдээр гарах нь  цөөнгүй боллоо. Энэ нь монголчууд бид дотроо хэрэлдэх нь багадаад гадныхныг үүндээ татан оролцуулж “хагарсан олгойгоо тогоондоо” байлгахгүй хаа хамаагүй гадуур цацдаг болсныг нотолж байна Улстөрчдийн санаачлан эхлүүлсэн энэ үзэгдэл манай улсын эв нэгдэл, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сайн зүйл авчрахгүй болов уу гэж бодсоноос үүнийг сануулахыг хүсэв.

FIFA-гийн Ёс зүйн комиссоос Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдыг хахууль авсан хэргээр аливаа хөлбөмбөгийн арга хэмжээнд оролцох эрхийг нь хассан гэх мэдээлэл мөн саявтархан тарж хэн хүнгүй пөө паа болсон. Энэ асуудлаар спортын салбарынхан мөн л талцаад үзэж байна. Монголын хөлбөмбөгийн спортод гай болсон “морь”-ийг холдуулсанд зарим нэг нь FIFA-д хайр зарлаад жигтэйхэн. 16 жил тасралтгүй сонгогдсон ч дорвитой зүйл хийсэн юмгүй, холбоогоо хоргодох байр л болгосон түүнээс салж “яс амрах” нь  зөв л байх. Гэхдээ Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль явагдахтай зэрэгцэн яагаад гэнэтхэн FIFA-гийн ёс зүйн комиссоос түүн рүү цалам шидээд уургалчихсан нь сонин санагдахгүй байна гэж үү. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэгчээр энд бас л танил “зохиомж” үнэртээд байгаа юм.

Хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Баярцогтын офшор бүсэд мартаж орхисон нэг мянган доллар /одоогийн ханшаар нэг сая 864 орчим мянган төгрөг/-ыг гаднын “мундаг” сэтгүүчид гэнэтхэн илрүүлсэн. Илрүүлсэн байгууллага гээд байгаа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн холбоо бил үү сонин нэртэй газар байдаг юмаа гэхэд очиж очиж Монголын улс төрчийг тоож мөрдсөн гэхээр бас л үнэмшил муутай. Нарийндаа бол Монголоос захиалсан хөгжим байсан байх  Аль нэг  оффшор бүсэд нэг мянга байтугай  хэдэн арван тэрбум доллар нуучихсан дэлхийн томчуулыг биш  ядуу орны улстөрчийн “гэм нүгэлийг” гэнэт илчилсэн нь  учир жанцантай л байж таарна. Энэ мэдээллийг гаднынхан гаргаж тавьсан шалтгаан нь юу вэ, тэдэнд ямар ашигтай вэ гэдгийн хамт тэрхүү мэдээллийг гадаадын хэвлэлд тавиулах, С.Баярцогттой муудалцах, ирээдүйн карьерыг нь баллах сонирхол хэнд байв гэдэг асуулт хариу  шаардана.

Бас нэгэн жишээ. Дэлхийн уул уурхайн гигантуудын нэг “Рио Тинто”-д  өндөр албан тушаалд томилогдсон анхны монгол хүн бол “Ал­тан Дорнод Монгол”- компанийн ТУЗ-ийн дарга Б.Болд. Тэрээр өмнө нь мөн л дэлхийн томчуулын нэг Жи Пи Морганд салбар хариуцсан Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан дэлхийн хэмжээний боловсролтой залуу. Хамгийн сонирхолтой нь түүнийг хоёр жилийн өмнө “Рио Тинто”-д ажиллахаар очихол манай монголчууд хэдийнэ баахан матаас бичээд өөртэй нь уралдуулаад явуулчихсан байжээ. Ажлаа авахаар очиход нь Монголоос ирсэн “хувийн хэргийг” нь бариад инээлдээд угтсан тухай хүмүүсийн ярихыг сонссон юм.

Энэ инээдэмтэй ч юм уу эмгэнэлтэй зангаа монголчууд бид хэзээ болих юм бэ. Гадныхныг ашиглан нэг нэгнийгээ намнадаг, нухдаг үзэгдэл улстөрчдөөр эхэлсэн бөгөөд энэ эмгэг урлаг, спорт, бизнесийнхэнд ч халдварлаж эхэлжээ. Тив алгассан хэрүүл маань эцэстээ юунд хүргэх вэ. Улс орны хөгжил, эдийн засаг цаашлаад тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд очихгүй гэх баталгаа байна уу. Биднийг ийм л болохоор “Монгол нүх болжээ” хэмээн гаднынхан бичиж байна. Уг нь бид чинь ухаант өвөг дээдсийн үр сад  билээ.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж