Өнгөрөгч долоо хоног бүхэлдээ Засгийн газар, Ерөнхий сайдын асуудлыг яг яах гээд байна гэх хүлээлттэй өдрүүд байлаа. Телевизийн дэлгэцнээ төсвийг тойрсон санал шүүмж өрнөж байхад хаалттай хаалганы цаана Ардчилсан намынхны фракциудын шийдэл хэрхэх нь илүү сонирхолтойгоор үргэлжилж байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын уулзалт, өдөржин хүлээлгэсэн АН-ын бүлгийн хуралдаанаар шийд эцэслэсэнгүй. Мөн яаравчилсангүй. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага аваад хойшлуулав. Иймэрхүү үйл явцтайгаар нэгэн ажлын өдрүүд дуусч, нөгөө ажлын өдрүүд рүү шилжихээр болов. Гэхдээ энэ хоёрын шилжилт дундуур өнгөрөгч амралтын өдрүүдэд АН-ын удирдах ажилтны зөвлөлгөөн болоод авлаа. Бас МАН-ын удирдах ажилтны зөвлөлгөөн зэрэгцэн болсон ч түүнийг нь сонирхох хүн байсангүй, бүр МАН-ынхан өөрсдөө нөгөө намын зөвлөгөөнийг ажин, чагнан сууж байгаа нь твиттер дэх бодлуудаас нь уншигдаж байв.
АН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөн нь аль эртнээс төлөвлөгдсөн бөгөөд урьд урьдынх нь олны анхаарлыг ингэтлээ татдаггүй байсан бол энэ удаагийнх цаг хугацааны хувьд халуухан үед таарч буй учраас эндээс ямар дүгнэлт гарах нь сонин байв. Ямартай ч өнгөрөгч хугацаанд АН-ынхан аймаг, сумын анхан шатны нэгжүүдэд ажиллаж намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзсан бөгөөд давхардсан тоогоор нийтдээ 10 гаруй мянган гишүүдтэйгээ уулзаж санал бодлыг нь сонсчээ. Ингээд намын жирийн гишүүд дэмжигчид удирдах шатныхан уулзаж дотоод асуудлаа сайтар ярилцаж, улстөрийн талаасаа ч намын зүгээс ч нэгдсэн нэг бодол, байр суурьтай байх нь зөв гэж үзсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, аймгуудын АН-ын гишүүдийн байр суурь бол төр засгийг тогтвортой ажиллуулах бөгөөд зөрчлөө дотооддоо ярилцаж ойлголцож явах ёстой хэмээн үзэж байгаа аж. Бүр тодруулбал, уур амьсгал Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас буулгахын эсрэг байв.
Үүний хажуугаар мэдээж шүүмжлэл байсан нь тодорхой. Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулж, Н.Алтанхуягт хариуцлага тооцох асуудал ч өндөр авсан. Мөн АН-ын удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцогчид тус намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн ихэнх нь оролцохгүй байгааг хатуу шүүмжилж байв. “Зөвлөлгөөнөөр сөрөгтэй нийлж, засгийг үймүүлж буй улс төрчдийг авч хэлэлцвэл зохино” гэх сценари явж Ж.Батзандан нарын гишүүдийг огцруулах асуудлыг ч хөндөөд авлаа.
Энэхүү хэвлэлийнхэнд хаалттай зөвлөлгөөний үр дүнг улс төрийн тоймчид “Ардчилсан намын дотоод зөрчил, хуваагдмал байдал дээд цэгтээ хүрсэн ч засгаа хамгаалж үлдэх нь 2016 онд ашигтай гэдэг дээр нэгдэхээс өөр гарц байхгүй гэж жирийн гишүүд нь үзэж байна. Тиймээс хөдөө орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүддээ хандан, засгаараа оролдох юм бол дараагийн удаа манай тойргоос гарна гэж байхгүй шүү гэх анхааруулгыг өгчээ. Н.Алтанхуягийн нам доторхи сөрөг хүчин МоАХ-ныхны хувьд Шинэчлэлийн засаг байгуулагдахтай зэрэгцээд ихэнх нь төрийн албан хаагч болоод ҮЗХ-ны гишүүнээсээ татгалзсан. Тиймээс Н.Алтанхуяг намын дарга өгөхгүй байх нэг том боломж нь энэ. Өөрөөр хэлбэл, Алтангадасынхан тоогоор олууллаа, нам дотроо хүчтэй байгаа учраас намын даргаа өгөхгүй гэдэг дээр хатуу тогтсосон байна. Ийм тохиодолд УИХ-ын гишүүдийн кнопоор л бүх асуудал шийдэгдэх нь ” хэмээн дүгнэж байна. Ингэхээр ажиглагчдын таамагласанчлан Ардчилсан намын ҮЗХ ойрын үед хуралдахгүй бололтой. Амралтаар үргэлжилсэн улс төр өнөөдөр дахин үргэлжилж Ардчилсан нам дахиад л Ерөнхий сайдаа өөрсдөө огцруулах уу гэдэг асуудлаа ярина.
Б.ЭНХ