Обамагийн ”Мянга нэгэн” үг

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Обамагийн ”Мянга нэгэн” үг

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тавдугаар сарын 19-нд  Ойрхи Дорнод ба Хойд Африкийн байдлын талаар өргөн цар хүрээтэй мэдэгдэл хийлээ. Өөрийн орныг шинэ нөхцөл байдалд зохицон хөдлөх чадвартайг харуулах ёстой АНУ-ын лидерийн үг харин эсрэг сэтгэгдэл төрүүлсэн байна.

Обама юу хүсэв

Сүүлийн хагас жилд арабын ертөнцөд гарсан маш хүчтэй геополитикийн томоохон хөдөлгөөн бүгдэд гайхалтай хэрэг боллоо. Энэ бүсэд бүрэн эрхт эзэд гэгдэх америкчууд хүртэл өөрсдийн “үнэнч нөхдийнхөө” суудал ганхахыг зовинон харж байлаа. Өөрсдийн “тоглоомын хүүхэлдэйг удирдаж байсан утсаа АНУ алдахаас өөр аргагүй болсон билээ. Хүүхэлдэйнүүдийн нэг хэсэг хэрэггүй болж, нөгөө хэсэг нь сүйрлийн ирмэгт хүрэв.

Дарангуйлагч нараас чөлөөлөгдсөн орнууд өөрсдийн тусгаар бодлогыг АНУ-гүйгээр явуулж эхлээд байгаа юм. Египетчууд нь палестинчуудыг эвлэрүүлж, Тунис засагтаа исламистуудыг оруулж ирлээ. Энэ бүгд нь шилжилтийн гэх хэдхэн сард хийгдсэн бөгөөд цаашид юу болохыг хүлээн таамаглаж суухаас өөр аргагүй.
Энэ нь АНУ-д таарахгүй байгаа нь ойлгомжтой. АНУ үйл явдалд зүгээр нэг ханддаггүй. Тэд бодлогоо гаргаад түүнийгээ хэрэгжүүлээд сурчихсан. Шинэ нөхцөл байдалд хуучин арга барил нь үр дүнгүй болсон юм. Ерөнхийлөгч Ойрхи Дорнодын шинэ стратегийг боловсруулах үүргийг Төрийн департаментад даалгасан. Энэ  нь тус бүс нутгийн оршин суугчдын итгэлийг авсан Америкийн үнэт зүйлийг урагшлуулан тогтоох, Вашингтоны зорилгыг биелүүлэхэд чиглэсэн байх ёстой байлаа.
Товчлон хэлбэл өөрийн нөлөөний дэглэмийн сүлжээгээр нөлөөгөө үзүүлэх хуучин системд шинэ орлуулагч хэрэгтэй болсон байлаа. Энэ сэдвээр тархи угаах үр дүнг Барак Обама 19-нд дэлхий дахинд зарлав.

Обама юу гэж ярив

Нэн түрүүнд ерөнхийлөгч баримтыг бү­тээгч­дийн нэг Хиллари Клинтонд талархлаа илэрхийллээ. Обамагийн хэлснээр тэр эмэгтэй түүхэнд АНУ-ын гадаад бодлогын газрын  шилдэг удирдагч гэж нэрлэгдэх ёстой гэнэ.
Ажил хэргийнхээ тухай цааш нь ингэж ярьжээ. Хэрэв ерөнхийлөгчид итгэх юм бол АНУ цэргээ Ирак, Афганистанаас аажмаар гаргана. “Талибан” санаачлагаа алдсан, Осама бин Ладенгаа алдсан  “Аль-Каида” амь тавьж байгаа. Үүний зэрэгцээ эрх чөлөө, цэцэглэлтийг хүсч байгаа араб ертөнц террорын оронд дарангуйлагч дэглэмүүдийн эсрэг  энхийн эсэргүүцлийг авсан гэж Обама хэлжээ.

Янз бүрийн орнуудад гудамжинд гарсан хүмүүст тэр талархал илэрхийлэхдээ хоолойн өнгө нь өөрчлөгдөн амь үрэгдсэн хувьсгалын баатруудыг дурсаад тэр гол сэдэвтээ “Бидний нүдэнд өрнөж байгаа түүхэнд Америк ямар үүрэгтэй байх вэ гэсэн асуудал бидний өмнө тавигдаж байна”гэсэн үгээр гол сэдэвтээ орлоо.
Үүрэг нь хэвээр үлджээ. АНУ тероризм ба  үй олноор хөнөөх зэвсгийг тараахгүйн төлөө тэмцэнэ. Бүс нутгийн аюулгүй байдлыг (нэн ялангуяа Израилийн аюулгүй байдлыг) хангахыг дэмжин, хуучин шалгагдсан найз нөхөдтэйгээ түншилнэ.
Өөрчлөлт нь  гэхээр одоо АНУ өөрийн зорилгоо биелүүлэхээр шамдахаас гадна бодлогоо энгийн ард түмний эрх ашигт нийцүүлэн тааруулж байхаар шийдсэн байна. АНУ зарим орнуудын дэглэмийн тогтвортой байдлыг биш, тэдний иргэдийн хууль ёсны хүсэл эрмэлзлэлийг дээгүүр тавьж байх гэнэ. Мөн тайван жагсагчдын эсрэг хүчирхийлэл явуулахын эсрэг зогсч, хүний эрхийг, шинэчлэлийг дэмжинэ гэдгээ Обама амлав. Үүндээ голчлон материаллаг тусламж үзүүлэхээр амлаж байна. Ардчилал, шинэчлэлийн замд зогссон орнуудад зээл тусламж олгож өрийг нь цайруулж, харгис дарангуйлагч нарт хориг арга хэмжээ авахаар амласан байна.

Ойрхи Дорнодын гол болох Араб-Израилийн сөргөлдөөний талаар хэдэн минут ярихдаа Обама шинэ гэхээр зүйлийг бараг хэлсэнгүйгээр аргалав. Тэрээр энхийн яриа хэлэлцээрийн талд байгааг хэн хүнгүй мэдэж байлаа. Энэ хэсгийн гол үгээр “Эцсийн эцэст израильчууд ба палестинчууд өөрсдөө ажиллах ёстой. Хэн ч тэднийг эвлэр гэж шахаж чадахгүй. Гэхдээ асуудлын төгсгөлгүй статус-кво-г хадгалаад байх нь учир утгагүй” гэж хэлснийг нь онцолж болно. “Өөрсдөө учраа олцгоо. Аль болох хурдан бол сайн” гэж товчхондоо ойлгож болох юм.
Баримттай ганц санаа нь газар нутгийн асуудлаа 1967 оны Палестин, Израилийн хилээс эхлэн шийдэх ёстой гэснийг шинэ гэж хэлэхэд бэрхтэй. Үүнээс гадна Иерусалимд энэ талаар ярих хүсэл огт үгүй байгаа билээ.

Ерөнхийлөгч Ойрхи Дорнодын ард түмний хүсэл эрмэлзлэлийг дэмжихээр амласан, өөрсдийн эрхийн төлөө тэмцэж буй хүмүүсийн ялалтад эргэлзэхгүй байгаа өөдрөг үгээр мэдэгдлээ төгсгөлөө. Обамагийн үг хэлсэн танхимд алга ташилт удтал үргэлжиллээ. Гэхдээ яг ийм маягаар түүнийг үг бүрийг нь хүлээн авч байсангүй.

Обамагаас юу хүлээж байв

Албан бусаар түүний үгийг Төрийн департаментын байрны хэвлэлийн бага хурлын тасалгаанд дипломатууд сонсов. Тэд л сэдвийг амьдралд хэрэгжүүлэх ёстой хүмүүс гэдэг нь ойлгомжтой. Гэлээ ч энэ мэдэгдлийг зөвхөн дотоодын хэрэглэгчдэд биш гадаадынханд зориулсан юм. Нэн түрүүнд итгэлийг нь олж авахаар шийдсэн энгийн арабчуудад зориулсан байна. Энд Америкийн ерөнхийлөгч ердийнх шигээ гялалзаж чадаагүй гэж болохоор.

Түүний үгнээс лалын орнуудын оршин суугчид сонсохоор найдаж байсан үгээ бараг сонссонгүй. Биелээгүй найдлагынх нь жагсаалт харьцангуй их. АНУ-ын ерөнхийлөгчөөс тэд олон тооны араб дарангуйлагчдыг олон жил дэмжиж байсандаа уучлал гуйна гэж лавтай хүлээж байсан биз. Ливийн босогчдын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг хүсч байсан нь тодорхой. Ирак, Афганистанаас нэн даруй цэргээ татна гэж бас найдаж байлаа. Гуантанамогийн шоронг хаана гэж хүлээсэн.

Бас Бахрейн ба Саудын вантангууд мэтийн дарангуйлагч “найз нараасаа” сална гэдгийг ч хүлээсэн нь тодорхой. Израилийг дэмжихээ зогсоогоод тэднээс 1967 оноос хойш эзэлсэн нутгаа чөлөөлж өгөхийг шаардана гэж бодоцгоож байсан нь лавтай. Палестины нэгдмэл Засгийн газрыг дэмжээд тэдэнтэй хэлэлцээр эхэлнэ гэж найдаж байлаа.  Тавдугаар сарын 19-ний өмнө Арабын хэвлэлүүд энэ талаар дурьдан Обама арабын ертөнцийн эрчимтэй өөрчлөлтийг ашиглан үнэн хэрэгтээ шинэ гадаад бодлого явуулна гэж болгоомжтойгоор мэдээлж байсан аж. Түүгээр нь болсонгүй. Ерөнхийлөгчийн гоё сайхан үгийн урсгалын ард өмнөх нь хэвээр үлдэнэ, харин хайрцаг сав нь шинэ байна гэсэн утга байгаа юм.

Шудрагаар хэлбэл ганцхан түүний үгнээс Америкийн гадаад бодлого өөрчлөгдчихнө гэж хүлээж байсан өөдрөг сэтгэлтнүүд ховор байсан  биз. Дэлхийн хамгийн хүчирхэг орны удирдагч Барак Обама эрх чөлөөгөө ихээхэн хязгаарлуулсан хүн  юм байна гэх сэтгэгдэл төрөхөөс өөр аргагүй.

Обамад юу саад болов

Америкийн том түнш, Америкийн зэвсгийн томоохон худалдан авагч, исламын шашны өлгий нутаг, дэлхийн нефтийн дөрөвний нэгийг нийлүүлэгч Саудын Араб Ойрхи Дорнодод зориулсан ерөнхийлөгчийн үгэнд нь дурьдагдаагүйг бараг бүх шинжээчид хэлж байна. Хэрэв энэ нефтийн вант улс арабын хувьсгалд өөрийгөө харуулаагүй бол тийм байж болох юм гээд өнгөрөөх байсан. Гэтэл Бахрейны үймээнийг Саудын арми л дарсан билээ. Дэлхий даяар “буруу номтны эсрэг” гэх террорист дайныг хийгч салафитууд энэ орноос л санаа бодлоо тарааж цэцэглэсэн юм. Обамагийн дурьдсан Осама бин Ладен сауд хүн байсан билээ. Саудын вант улсад хүний толгой, гарыг цавчихаас гадна эмэгтэйчүүдээ тэмээнээсээ арай дээгүүр үнэлдэг бөгөөд ер нь хүний эрхийг бол уландаа гишгэсэн орон. Обамад саудчуудад ядаж сануулах олон шалтгаан байсан ч түүнийг хийсэнгүй.

Үүнд гайхах зүйлгүй. Саудын Арабад хувьсгал гарвал Америкийн хувьд аймшгийн зүүд болох гурван шалтгаан бий. Үүнд: нефть, зэр зэвсэг ба терроризм юм. Саудын нефтьгүйгээр дэлхийн эдийн засгийн сүйрэл гарна. Саудчуудад зэр зэвсэг худалдахыг зогсоовол Америкийн цэрэг, аж үйлдвэрийн лобби Обамагийн “толгойг” секундын дотор аваад хаяна биз. Салафитуудаар дүүрсэн энэ улсад ардчилал тогтооно гэвэл 2001 оны есдүгээр сарын 11 өдөр бүр гарах нь ойлгомжтой хэрэг.

Арабын ертөнц хичнээн хувирсан ч Саудын Араб ба Персийн булангийн түүний дагавар орнууд  АНУ-ын хувьд халдашгүй үлдэх нь ойлгомжтой. Бахрейныг хөндөх зүрх Обамад байсан бол цаашлуулах боломж нь түүгээр дууслаа.  Үүгээр хэрэг явдал дуусаагүй. Саудчууд Америкийн Израильд үзүүлэх шахалтыг дэмжих л байсан биз. Гэтэл АНУ-ын нутаг дэвсгэрт еврейн лобби хүчтэй. Түүнд ордог хүмүүсийн дэмжлэггүйгээр АНУ-д ерөнхийлөгч болно гэж үгүй биз дээ.
Америкийн оршин суугчдад  бол Ойрхи Дорнод огт хамаагүй байж болно. Харин лоббичид гадаад бодлогодоо дургүйцвэл ерөнхийлөгчийн ямар ч дотоод эдийн засгийн алхмыг Конгресс зогсоох чадвартай. Тэр нь энгийн америкчуудын хэтэвчид нөлөөлөх учраас ерөнхийлөгчид хамгийн том “гай” болж байна. Обамад 2012 онд дахин сонгогдох шаардлага байгаа…

Израильд үүнийг сайн мэднэ. Тиймээс ерөнхий сайд Биньямин Нетаниягу Америкийн ерөнхийлөгчийн үгийг сонсоод 1967 оны хил хязгаарт буцах талаар яриа байхгүй гэлээ. Иордан голын баруун эргийн еврейн суурингуудыг оролдуулахгүй гэж Иерусалим үзэж байгаа юм.
Арабуудтай тоглох нь эрсдэлтэй гэдгийг Обамад удалгүй тайлбарлах болно. Энэ долоо хоногийн турш эхлээд Нетаниягу, дараа нь American Israel Public Affairs Committee гэх лоббист нэгдэл энэ сэдвээр Обамад лекц унших болно. Тэр хичээлээ баталгаажуулан Нетаниягу Конгрессийн хоёр танхимд Израиль яагаад Ойрхи Дорнодын цорын ганц ардчилал гэдгээ, америкчууд яагаад тэднийг дэмжих ёстойг хэлж өгнө.

Обама яагаад сонирхолгүй гэж

Мэдээж, Ойрхи Дорнодын янз бүрийн үйл явдлаар Вашингтоны санаа бодол чухал нь ойлгомжтой. Гэтэл АНУ-аас үл хамаарах хүч тоглоомд гарч ирсний улмаас Вашингтоны үүрэг улам нэмэгдэх болно. Арабын хувьсгалаас исламистуудын үзэл санаа, нөлөө нь буурч, энгийн иргэд байдлыг үндсээр нь өөрчлөх боломжтойг харуулж өглөө. Айдсаа алдсан иргэд гэсэн тодотголтойгоор. Тэд Тунис, Египетийн дарангуйлагчдыг унагаж, Йемений ерөнхийлөгчийн улс орондоо тавих хяналтыг нь үгүй болгоод байна. Тэд Саудын Араб, Бахрейны удирдагч нарыг айлгаад авлаа. Тэд Сирийн Башар Асад, Ливийн Мауммар Каддафийн суудлыг ганхуулж байна. Тэдний шахалтаар палестинчуудын ФАТХ, ХАМАС хоёр нийлэхээс өөр аргагүй болоод Египетийн шилжилтийн Засгийн газар нь Газын зурвасын хилийг нээхэд хүрэв. Тэд Израильд марш хийж, эсэргүүцлээ хэдэн зуу биш, хэдэн арван мянган хүнтэйгээр давтахаар амлаж байна.

Энэ бүгд нь АНУ-аас гадуур болсон билээ. Арабын зарим дэглэм тэжээгдэж, өөр нэг хэсэг нь айдаст байх нь АНУ-д ашигтай байсан бөгөөд харин одоо байдал өөр болжээ. Бүс нутаг дахь Америкийн нөлөө нь АНУ тэнд болж байгаа өөрчлөлтийн ойлгон бодлогоо хэрхэн хурдан тохируулж чадахаас хамаарна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж