Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Рожер ван дэн Бринк Голланд өвчин хэмээх эдийн засгийн өвчинд нэрвэгдэж, илааршуульж чадсан голландчуудын нэгэн төлөөлөгч.
Европ тивийн эдийн засагт төдийлөн анхаарал татдаггүй жижигхэн цэг Голланд улс 1959 онд нефтийн асар том орд газруудаа ашиглаж эхэлжээ. Харамсалтай нь баялгийн хараал хүртэж Голланд өвчин гэдэг нэр томьёог дэлхийд таниулсан бас нэг тодотголтой болсон юм.
Хэдийгээр голландчууд эдийн засгийн асар хүнд өвчинд дайруулж, түүхэнд улсынхаа нэрээр нэрлүүлсэн ч түүнийгээ илааршуулж чадсанаараа бас бахархдаг. Нэгэн үе өдгөөгийн монголчууд шиг байгалийн баялгаас олж ирсэн асар их мөнгөөрөө балгалзаж, халамжийн улс болон өнхөрч унах замдаа орж байгаагаа голландчууд өөрсдөө мэдэрч хамтын хүчээр эмчилж чадсан. Рожер тэр үед хэдийгээр балчир байсан ч гэр бүлийнхэн нь долоо хоногтоо ганцхан удаа цуварч эгнэн халуун усанд ордог байсан хүнд үеэ тод санадаг. Түүнийг оюутан байхад төрөөс боловсрол, эмнэлгийн үйлчилгээг үнэгүй болгож, оюутнууддаа тэтгэлэг олгож, хааяа цагийн ажил хийгээд тун дажгүй цалин авч амьдрал нь дажгүй сайхан санагддаг байсан ч ийм замаар явж болохгүй ээ гэдгийг мэдэрдэг байсан гэж ноён Рожер ван дэн Бринк өнөөдөр ярьж, монголчуудтай туршлагаа хуваалцахыг хүсч байна. Хөгжиж буй орнуудын нэг давуу тал нь бусдын туршлагаас санаа аван тэдний бүдэрч унаж байсан чулууг тойрон гарах боломжтой байдаг гэдэг. Хэрвээ ухаантай бөгөөд зөв замаар явахыг хүсч байвал шүү дээ. Ингээд Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч ноён Рожер ван дэн Бринкийн яриаг хүргэж байна.
-Голланд улс эдүгээ Европын хүчирхэг эдийн засагтай улсуудын нэг. Дэлхий нийтийг доргиосон 2008 оны санхүүгийн хямралд ганхаагүй цөөхөн улсын нэг. Монголчуудад өнөөдөр тулгарч байгаа Голланд өвчнийг та болон голландчууд биеэрээ туулан гарсан. Энэ талаар ярилцахад их сонирхолтой байна?
-Өнөөдөр Голланд улс Герман гэх мэт Европын хүчирхэг эдийн засагтай улсуудын нэг. Хэдийгээр эдийн засгийн гүн өвчин туссан ч түүнээ эмчилж чадсан. Голланд улсын эдийн засаг тогтмол 3-4 хувийн өсөлттэй байдаг. Эдийн засгийн өсөлт 5,0 хувьд хүрэхэд эдийн засгийн “буум” тэсрэлт боллоо гэгддэг. Гэхдээ энэ 3-4 хувийн өсөлт хүмүүсийн нэгэн үеийн амьдралыг өөрчилж, өдий дайны амжилттай, тогтвортой байдлыг хангаж чадаж байна. Голландчууд анх 1959 онд байгалийн баялгаа нээж, 1960-1970-аад онд газрын тосоо боловсруулан борлуулж маш их хэмжээний орлого олж эхэлсэн. Засгийн газрын орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь Голланд өвчин үүсэх нэг шалтгаан болсон. Их хэмжээний орлого эргээд валютын ханшид нөлөөлсөн. Тухайн үед Голланд дотоод валютын ханшийг нэрлэсэн үнэд тогтмол барих бодлоготой байсан. Валютын ханш уян хатан бус тогтмол байгаа энэ тохиолдолд ханш орж ирж байгаа их хэмжээний орлогын эсрэг хариу үйлдэл үзүүлж чаддаггүй. Нэгэнт валютын ханш тогтмол байгаа болохоор дотоодын бараа үйлчилгээний үнэ хариу үйлдэл үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, дотоодын бараа үйлчилгээний үнэ өсч, дотоод валютын ханш их хэмжээгээр чангарсан.
Жишээлбэл, Герман хүн Голландад очоод маркаа голланд мөнгөнд хөрвүүлэхэд “Ямар үнэтэй юм бэ” гэж гайхмаар хэмжээнд хүрчихсэн байсан. Нэрлэсэн ханш тогтмол мэт боловч амьдралын бодит ханш маш их чангарсан. Голланд хүний цалин Герман мэргэжилтэн хөлслөхөөс хамаагүй үнэтэй тусахаар болж байгаа юм. Энэ тохиолдолд дотоодын бусад үйлдвэрлэлийн салбарт хүндээр тусч байсан. Жишээлбэл, Голланд усан онгоц, автомашин үйлдвэрлэдэг байсан бол зогсонги байдалд орсон. Нүүрсний үйлдвэрлэл ч уналтад орсон. Маш их хэмжээний ажлын байр үгүй болж, хаагдсан. Гэтэл Засгийн газар маш их мөнгөтэй орлого ихтэй байсан учраас хүүхдийн мөнгө, ажилгүйдлийн тэтгэмж олгох, тэтгэврийг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарыг үнэ төлбөргүй болгох гэх мэт маш том хэмжээний хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан. Хүүхэд төрсөн цагаас авсанд ортол нь боловсрол, эмнэлэг гэх мэт бүх зүйл үнэгүй, төрөөс хүн болгоныг бөөцийлдөг болсон учраас бид халамжийн улс болсон. Засгийн газар энэ бүх халамжийн хөтөлбөрүүдээ өөрт нь байгаа мөнгөнөөс гадна ирээдүйд олох орлогоо барьцаалан санхүүжүүлж байсан. Үйлдвэрлэлийн салбар уналтад орж, инфляци өсч, ажилгүйдэл нэмэгдсээр байхад ажилгүй болсон хүмүүс төрөөс олгож байгаа халамжийг хүртээд л сууж байх болсон. Засгийн газрын төсөв маш их тэлж, тэр хэмжээгээр өр нь ихэсч халамжийн улс маань уналтад орж байсан ч 20 гаруй жил тансагласан. Харин 1980-иад оноос бид ямар замаар явж байна вэ, ямар их баялагтай байснаа юу болгож хувиргаад, ямар замбараагүй байдалд орчихов оо гэдгээ бүгд ойлгосон. Засгийн газар ч ойлгосон. Засгийн газар дангаараа энэ байдлыг засч чадахгүй байсан учир ажил олгогч, хувийн хэвшлийнхэн болоод үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хэлэлцээрийн ширээнд сууж, хамтдаа зүтгэн чармайсаар энэ хямралыг давж гарч чадсан. Үйлдвэрчний эвлэлийнхэн ч хэдий чинээ цалин тэтгэмж нэмэхийг шаардаж, Засгийн газар түүнийг биелүүлэх тусам нөхцөл байдал улам хүнд болж байгааг ойлгосон. Тиймээс Үйлдвэрчний эвлэлийнхэн гишүүдээсээ санал авч хэлэлцэн 1982 онд гурван тал хамтран хэрхэн нөхцөл байдлыг засах талаар хэлэлцээрийн ширээний ард суусан. Хэдийгээр тухайн үед социалист нам Засгийн эрх барьж байсан ч халамжийн хөтөлбөрөө бууруулах, хүмүүсийг өөрсдөө ажил хийж, амьдралаа сайжруулах боломжийг олгох ёстой гэдгийг ойлгосон. Эхний алхам нь Засгийн газар зардлаа бууруулж, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдээ хасч танаж эхэлсэн. Энэ нь мэдээж хэрэг маш их эсэргүүцэл, улстөржилттэй тулгарсан. Хүн болгон өөрийнх нь авч байгаа халамжийг багасгахад дуртай байхгүй шүү дээ. Үйлдвэрчний эвлэлийнхэн Голланд хүний цалинг Германынхтай ойролцоо төвшинд байлгахыг зөвшөөрсөн. Тухайн үед Герман Европ тивийн эрчим хүчний том нийлүүлэгч байсан. Герман эрчим хүчээ өөрийнхөө Гамбург боомтоороо дамжуулах уу, эсвэл Голландын Ротардамаар дамжуулах уу гэдэг асуудал тулгарахад үнийн хувьд өрсөлдөхүйц байх шаардлага тулгарсан. Дээр герман мэргэжилтнийхээс голландынх өндөр байсан тухай дурдсан. Харин өрсөлдөхийн тулд тэдэнтэй жишихүйц цалингаар ажиллаж, ажилтай үлдэх эсэхээ шийдэх хэрэгтэй болсон. Үүнд зөвшилцөж арга хэмжээ авч чадсан нь Голланд өвчинтэйгээ тэмцэх том арга хэмжээ болсон.
-Таны ярьж байгаа энэ жишээ Монголын өнөөгийн байдалтай бас нэлээд төстэй шинжүүд анзаарагдаж байна, тийм үү?
-Тийм. Монгол байгалийн баялгаараа дэлхийн анхаарал татаж эхэлсэн. Бид бол энэ өвчний асуудал юундаа байдаг, эдийн засагт яаж хүндээр нөлөөлдөг вэ, яаж шийдэх вэ гэдгийг мэддэг ард түмэн. Тухайн үед танайх шиг л хүүхдийн мөнгө тарааж, халамжийн хөтөлбөрөө нэмж байсан. Гэхдээ энэ буруу гэдгийг ойлгоод улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө олон нийтэд зарлахаасаа өмнө хоорондоо зөвшилцөж, зохицуулалт хийдэг болсон. Тухайлбал, хүүхдийн мөнгө өгөхөөр зарлах гэж байгаа бол энэ ямар үр дүнд хүргэдгийг мэдэх болохоор хоорондоо ярьж байгаад ард түмэнд зарлахаасаа өмнө зохицуулалт хийдэг болсон.
-Монгол Улс ч гэсэн Голланд өвчний хөнөөлийг харьцангуй ойлгож байгаа. Тухайлбал Төсвийн тогтвортой байдлын хууль баталлаа. Саяхан бас улс төрийн намууд бэлэн мөнгөний амлалт өгөхгүй байхаар тохиролцсон?
-Монголчууд 2008 онд эдийн засгийн хямралд өртөж байсан. Энэ хямрал алдааг давтахгүй байхын тулд маш олон шийдвэр, хууль журам гаргаж чадсан. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Үүгээр 1982 онд Голландад гурван талд хэлэлцээр хийж байсан нөхцлийг та бүхэн хуульчилж гаргаж чадсан. Бэлэн хэрэгжүүлэх сайхан хууль чинь та нарт байна. Жил тутмын зардлыг тогтвортой байдалд барих, өрийн хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас илүүгүй байна, жил бүрийн орлогын илүү гарсан хувийг тодорхой санд төвлөрүүлэх гэх мэтчилэн маш сайн заалтуудыг суулгаж чадсан. Танай улс төрийн хүчнүүд ийм хууль зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгож, харилцан зөвшилцөлд хүрч үүнийг баталж чадсан. Энэ хуулийг батлах гэж байх үед танай улс төрийн хүчний нэг удирдагч “Иргэний хувьд би энэ хуулинд маш дуртай байна. Харин улстөрчийн хувьд бол үзэн ядаж байна” гэж хэлж байсныг би санаж байна. Хэдийгээр та нар үндэсний хэмжээнд зөвшилцөж, хуулиа батлан гаргасан ч гэсэн жижиг улс төрийн оролдлого, явуулгаар хуулийн үндсэн үзэл санааг хэрэгжүүлэх ажлыг хойш нь татсаар байгаа нь ажиглагдаж байна. Үүний нэг тод жишээ нь хуулийн гол үзэл санааг хэрэгжүүлэх хугацааг 2013 болгон баталсан. Энэ магадгүй 2012 онд сонгууль болохтой холбоотой байж болох юм.
-Тийм ээ. Төсвийн тогтворжилтийн хууль бүрэн утгаараа 2013 он гэхэд хэрэгжинэ гэж хугацаа заасан нь 2012 он хүртэл одоогийн энэ байдлаа хэвээр нь хадгалж, өөрөөр хэлбэл сонгуульд янз бүрийн сайхан амлалт өгч, төсвөө тал тал тийш нь цацаж оноо авах нь гэсэн хардлага төрүүлээд байгаа. Энэ талаар ч бас “Ардын эрх” сонин өмнө нь хөндөн өгүүлж байсан?
-Сонгуулийн өмнө төсвийн алдагдлыг ийм их хэмжээгээр тэнцвэржүүлж барих улс төрийн алхам хийж чадахгүй гэж үзэж байж болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэгвэл 2013 он хүртэл яах вэ, юу болох бол гэсэн асуудлыг үүсгэж байна. Уг нь эдийн засаг өсч, зэсийн үнэ өндөр байх тусам аль болох их хэмжээгээр нөөц үүсгэж, ирээдүйдээ зориулж хөрөнгөө хадгалах хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа байх. Уг нь та бүхэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг гаргачихсан учраас дахин хямралд өртөхгүй гэж найдаж байгаа байх. Харамсалтай нь хуулийг баталсан ч мөрдөж эхлээгүй байгаа учраас яг 2008 оны хямралын өмнөх нөхцөл байдал давтагдахаар байна. Яагаад гэвэл хууль баталсан ч мөрдөж эхлээгүй байгаа.
-Тийм ээ. Төсвийн тогтвортой байдлын хуулийг хэлэлцэх явцад үнэхээр чухал зорилтуудыг дэвшүүлэн гаргасан боловч 2013 онд бүрэн хэрэгжихээр баталчихсан учраас тэр болтол юу тохиолдох бол гэсэн айдас яалт ч үгүй байна. 2012 оны сонгуулийг өнгөртөл гэсэн үг шүү дээ. Магадгүй эрх баригчид 2012 оны сонгуулийг одоогийнх шигээ балгалзсан, мөнгө тараасан, төсвөө тэлсэн хэвээр өнгөрөөхийг хүсч байгаа байх. Хоёр жилийн ийм тэнэглэл эдийн засагт хэр хор хөнөөл үзүүлж чадах вэ?
-Эрсдэлтэй гэж тодорхойлсон байгаа. Эрсдэлтэй гэдгээс илүү өөр үг хэрэглэж чадахгүй нь.
-Эелдэг ёсны үүднээс үү?
-Бидний хэрэглэж чадах хамгийн дээд хэмжээний үг энэ. Юу тохиолдож болохыг хэн ч хэлж чадахгүй учраас үүнээс өөр үг хэрэглэж чадахгүй байна л даа. Жишээлбэл, нэг жилийн өмнө Грек, Португалид юу болохыг хэн ч хэлж чадахгүй байсан шүү дээ. Тиймээс бодит байдал яаж хувирахыг хэн ч тааж чадахгүй. Тийм учраас өмнө нөхцөл байдал ямар байсан, өнөөдөр ямар байна гэдгийг харьцуулаад л хямралын өмнөх нөхцөл байдалтай төстэй байна шүү гэдгийг л анхааруулан хэлж байгаа хэрэг. Та бүхэн Дэлхийн банкнаас гаргасан эдийн засгийн тайланг харсан байх.
-Өмнөх хямралын үед монголчууд зээл олох боломж муу байсан. Харин өнөөдөр бол Оюутолгой, Тавантолгойгоосоо мөнгө олчих юм чинь гээд манай эрх баригчид айхгүй байж болох юм?
-Засгийн газрын орлого өсч байгаа нь үнэн. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 56 хувь өссөн. Гэтэл орж ирж байгаа их орлогоо одоо байгаа алдагдлаа багасгах, нөөц бий болгохын төлөө зарцуулахгүй, орж ирсний хэрээр нэмж зарцуулж байна. Орлогын урсгалыг дагаад зарлагаа ихэсгээд байгаа тэр алдагдлаа хаанаас санхүүжүүлэх гэж байгаа юм бэ? Яагаад нэмэлт зардал гаргаад байгааг гайхаж байна. Засгийн газрын бонд гаргаад алдагдлаа санхүүжүүлнэ гэж байгаа бол амжилт хүсье л гэхээс өөр үг алга даа.
-Бонд гаргасан ч эргээд өр болж ирэх учраас уу, эсвэл манай Засгийн газар бондоо амжилттай арилжаалж чадахгүй бол гэж үү?
-Грек Ирланд зэрэг улсууд бонд гаргаж санхүүжүүлээд өрөө хаана гэж байсан ч хүсч байсан амжилтдаа хүрээгүй шүү дээ. Тэр тусмаа олон улсын зах зээлд анх удаа гарах гэж байгаа Монгол Улсын хувьд тийм ч амжилттай байна гэж бодохгүй байна. Бондоо амжилттай гаргаад зарж чадлаа гэхэд өнөөдөр орж ирж байгаа хөрөнгийн урсгал дээр нэмэгдээд эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэхийг хэлэхэд хэцүү.
-Тийм ээ. Бондоос олсон орлогоо ч мөн халамжийн хөтөлбөртэй зарцуулаад байвал юу болохыг төсөөлөхөд хэцүү биш. Гэхдээ иргэд өнөөгийн эрх баригчид, улстөрчид хэчнээн тэнэглэж байсан ч 2013 онд хууль бүрэн хэрэгжиж эхлэхээр бүх зүйл сайхан болох байх гэж итгэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл хоёр жил үргэлжилж магадгүй байгаа тэнэглэл эдийн засгийг минь сэхэх аргагүй унагачихгүй тогтож байх болов уу л гэж найдахыг хүсээд байна. Бид 2013 он хүртэл тэсч чадах болов уу?
-Олон улсын валютын сан, Дэлхийн банк бидний өвчний эмчлээгүй. Үйлдвэрчний эвлэл, өөрөөр хэлбэл голландчууд бид өөрсдөө санал санаачлага гаргаж эмчилж чадсан. Тийм учраас монголчууд үнэхээр нөхцөл байдлыг ойлгож байгаа юм бол яагаад 2013 оныг хүлээх ёстой гэж. Эрх баригчид, бодлого тогтоочдоосоо “Яагаад 2013 оныг хүлээж байгаа юм бэ, яагаад өнөөдрөөс эхэлж болохгүй юм бэ” гэж асууж, реакци үзүүлж болохгүй гэж…? Голланд ч, Чилид ч ийм хууль баталж чадаагүй. Та нар бол ийм сайн хууль баталж чадсан. Гэтэл яагаад хэрэгжүүлж чадахгүй байгаа юм бэ? Энэ хуулийг өнөөдөр хэрэгжүүлэх сонирхолгүй байгаа юм чинь 2013 онд хэрэгжүүлэх болов уу гэж өөрсдөөсөө асуугаад үзэх хэрэгтэй л дээ. Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газрын төсвийн алдагдал ДНБ-ийн 5,0 хувь байсан, 2011 оныхыг 9,9 хувь байхаар баталсан. Гэтэл Төсвийг тогтвортой байдлын тухай хуулиар бол 2013 онд төсвийн алдагдал ДНБ-ий 2,0 хувьтай тэнцэхээр байна гэж хуульчилсан. Хэрвээ ийм бага хэмжээнд барина гэж зорьж байгаа бол одоогийнхоо алдагдлыг багасгах талаар одооноос яагаад анхаарч болохгүй гэж. Магадгүй 2012 онд 10 хувь хүрчихсэн байх алдагдлыг нэг жилийн дотор 2,0 хувь бууруулж чадах уу?
-Тийм ээ, 2012 он сонгуулийн жил болохоор манай улстөрчид хэтэрхий их “идэвх” гаргаад алдагдал 15 хувьд ч хүрч болох юм. Тэгвэл хууль хэрэгжүүлэх хугацаагаа “2030 он” хүртэл сунгачихаж чадах л улсууд даа, манай улстөрчид? Та түрүүн хуулиа 2013 оноос хэрэгжүүлнэ гэдэгт итгэхэд хэцүү гэх утгатай санаа хэлж байсан? Магадгүй энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй боллоо гээд хүчингүй болгочих ч юм билүү гэсэн болгоомжлол бас байж болох юм?
-Би та бүхэнд зөвлөх аргагүй. Үнэхээр ойлгож байгаа бол та бүхний асуудал. Миний хувьд танай өнөөгийн байдал тамхинд гүн донтсон хүн “Маргааш би тамхинаас гарна” гэж амлахад хэн ч итгэдэггүй, итгэхэд хэцүү байдаг шиг л харагдаж байна. Хүмүүс 21 мянган төгрөгний бэлэн мөнгө аваад бүгд сэтгэл хангалуун байгаа. Гэтэл нөгөө талд нь инфляци өсөөд л байгаа шүү дээ. Сүүлийн саруудад махны үнэ буурснаас болж инфляци буурч байгаа боловч суурь инфляци өссөн. Гэхдээ “21 мянган төгрөг чинь өнөөдөр цаас болчихлоо, юмны үнэ нэмэгдээд байна” гэж хүмүүс шаардлага тавиад эхлэхээр хандлага өөрчлөгдөх байх. Хүмүүсийн шаардлагын дагуу эрх баригчдын бодлого ч өөрчлөгдөх байх гэж найдаж байна. Гэхдээ дээр асууж байсанчлан мөнгө тараах нь инфляцийг хөөрөгдөж байна гэдгийг хүн болгон мэдэж байгаа юм чинь өнөөдрөөс эхлээд яагаад больчихож болдоггүй юм бэ гэж дахиад асуумаар байна л даа.
-Инфляцийн өсөлтийг эсрэг Монгол банк бодлогын хүүгээ чангатгах арга хэмжээ авч байна. Энэ үр дүнгээ үзүүлэх болов уу? Нөгөө талаас хэдийгээр бодлогын хүүг чангатгасан ч тэртэй тэргүй гадны хөрөнгө оруулалт их байгаа учраас тэгтэл нөлөөлөхгүй байж бас болох талтай ч юм шиг?
-Мөнгөний бодлогын ганц хэрэгслээр, нэг талаас хүчин чармайлт гаргаж бус маш олон талын хүчин чармайлтаар инфляцийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Монголбанк мөнгөний бодлогоо хязгаарлахаар оролдож байсан ч нөгөө талаас Засгийн газар зардлаа нэмсээр байх юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй нь боломжтой. Төсвийн бодлого, мөнгөний бодлого, валютын ханшийн бодлого бүгд уялдаатай арга хэмжээ явуулж байж үр дүнд хүрэх боломжтой.
-Монголчууд Хөгжлийн банк байгуулан нэлээд томоохон төслүүдийг санхүүжүүлэх гэж байна. Энэ манай улсын нэр хүнд, зээлжих чадварт хэрхэн нөлөөлөх бол?
-Зээлжих эрхэд хэрхэн нөлөөлөхийг зах зээл л өөрөө хэлж өгнө. Гэхдээ энэ бол хэцүү асуудал. Өнөөдөр яг санхүүжүүлэхэд бэлэн төсөл байна уу? Санхүүжилт өгөхийн тулд юун түрүүнд төслүүдээ гаргаж эхлэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол төслийн санаа төдий биш техник эдийн засгийн үндэслэлийг нь хийсэн, ашиг орлого, үр өгөөж, хэрэгжүүлэх арга замыг тогтоосон жинхэнэ утгаараа нарийвчилсан төсөл байх ёстой. Дөнгөж байгуулагдаж байгаа энэ банк төслүүдийг бүрэн гүйцэт гаргаж ирэхэд хэдий хугацаа зарцуулахыг би хэлж мэдэхгүй. Чадвартай, туршлагатай, олон жил ажилласан манай Дэлхийн банк гэхэд ямарваа нэг төсөл боловсруулахад нэг жилийн хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс бид бүх төслийг эсвэл нэг онцгой төслийг бүрэн гүйцэт боловсруулсны дараа л санхүүжилтээ хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Бүрэн цогц төсөл байхгүй бол санхүүжилт хийгээд яах билээ?
-Нийгэмд сайхан сонсогдох, халамжийн төслүүд биш. Прагматик утгаараа ашиг өгөх төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай гэж хэлээд байна аа даа. Гэхдээ мэдээж хэрэг маш нарийн тооцоо, судалгаа, бэлтгэлтэйгээр…?
-Халамжийн төслүүдийг хэрэгжүүлэхэд маш амархан. Тараагаад л болно. Таны хэлж байгаа ашиг өгөх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд их бэлтгэл хэрэгтэй. Тэр бүү хэл тухайн төсөл хэдийгээр үр ашигтай байсан ч эдийн засгийн чадавхиас хэтэрсэн бол муу үр нөлөө үзүүлнэ. Сайн, муу ямар төсөл байгаагаас гадна энэ бүгд нийлээд эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг нарийвчлан харах, эдийн засгийн чадавхийг бодолцон тогтоох нь чухал. Гаднаас хөрөнгө оруулалт их орж ирж, эдийн засаг халж байгаа энэ үед энэ бүх төслүүдийг хэрэгжүүлэхэд ч эдийн засаг улам их хална.
-Жишээлбэл, манай 100 мянган айлын орон сууц хөтөлбөр жижиг дунд орлоготой иргэдийг орон сууцтай болгох, хотын асуудлыг шийдэх, барилгын компаниудаа дэмжих гээд олон сайн талтай. Эцсийн дүндээ иргэд зээлээ төлөхөд Засгийн газар ч санхүүгийн алдагдал хүлээхгүй сайн төсөл санагддаг…?
-Тийм ээ. Голландад танай 100 мянган айлын орон сууцтай адил боловсрол, эрүүл мэндийн гээд маш сайхан олон төслүүдийг хэрэгжүүлсэн. Харамсалтай нь, энэ төсөл болгоныг нийлүүлээд эдийн засагт үзүүлэх нөлөөг нь харах юм бол инфляцийг хөөрөгдсөн, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулсан, макро эдийн засагт сөргөөр нөлөөлсөн байсан. Тийм ч учраас би ганц нэг төслийн тухай ярихгүй байна. Энэ ч сайн төсөл гээд төсөл болгоныг нийлүүлээд хэрэгжүүлээд байх юм бол макро эдийн засагт нөлөөлнө. Хэдийгээр бүх хүнд таалагдсан ч төсөл болгон тусдаа асуудал биш бүгдийг нь нэгтгэж, эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг бодож үзэх нь чухал. Сайн муу бүх төслүүдийг нэгтгэж төсөв, инфляци, цалин хөлсөд хэрхэн нөлөөлөх үндэсний хэмжээний том зургаар нь харж байж сонгоно уу гэхээс биш тус тусад нь хэрэгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлэх талтай.
Ноён Рожер эдийн засгийн том зургийг бүхэлд нь харах хэрэгтэйг эрх баригчид, бодлого боловсруулагчдад сануулахыг хүсч байлаа. Гэхдээ тэр өөрөө сануулах биш, хэрвээ монголчууд үүнийг ойлгож бас хүсч байвал яагаад эрх баригчдадаа нөлөөлөх оролдлого хийж болохгүй билээ гэсэн санаа цухалзаж байгааг та анзаарсан байх аа. Нээрээ яагаад бид 2013 онд Төсвийн тогтворжилтын хууль хэрэгжиж эхэлтэл улстөрчид бага шиг тэнэглэж, эдийн засаг маань бага шиг доройтож, арай ч амь тавьчихгүй торгоож байгаасай гэж санаа амарлингүй хүлээж суух ёстой гэж?