Нууцыг дэлгэсэн ”Майничи” байцаагдана

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Нууцыг дэлгэсэн ”Майничи” байцаагдана

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүдээр цацагдаж буй Америк, Япон улс Монголд цөмийн шаараа булшлах талаарх мэдээлэл хамгийн нууцлаг бөгөөд  хардалт, сэрдэлт дагуул­сан  сэдэв болоод байна. Хэн, хаана, хэнтэй ямар яриа хэлэлцээр өрнүүлснийг  нотлох баримт сэлт одоохондоо байхгүй ч, “хэн байж болох вэ” гэх эрэлд хэрэгт дуртай нөхөд хэдийнэ морджээ.

Японы “Майничи” сонин бо­лон CNN, Ройтерс зэрэг дэлхийн томоохон агентлагуудаар цацагдсан тэрхүү мэдээлэл монголчууд төдий­гүй япончуудыг ч сандаргаад бай­­­­­­­гаа бололтой. Тиймдээ ч Японы парламент цөмийн хаягдал Мон­голд булшлах тухай нийтэлсэн “Майничи” сонины сэтгүүлч, редак­торуудыг  дуудаж асуулга тавих гэнэ.   “Майничи” сонинд АНУ болон Япон цөмийн хаягдлаа Монголд хадгалахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэхдээ, цунамигаас үүдэлтэй атомын станцын ослоос болж гурван улсын гэрээ байгуулах өдөр нь товлогдоогүй байгаа тухай дурдсан бий.

Энэхүү мэдээллийг Гадаад харил­цааны яам, Цөмийн энергийн газар, “Мон-Атом” төрийн өмчит компанийн удирдлагууд няцааж, Мон­голын Засгийн газар цөмийн хог хаягдлыг булшлах талаар хэнтэй ч яриа өрнүүлээгүй, тийм хууль эрх зүйн үндэс байхгүй гэдгийг том дуугаар мэдэгдээд байгаа. Харин япончуудын хувьд тэрхүү мэдээллийг хэнээс авсан талаарх байцаалт өрнүүлэхээр шийдсэн байна. Магадгүй Монголд цөмийн шаар булшлах төлөвлөгөө нь задар­сан нь япончуудыг сандаргахад хүргэсэн байж болох талтай. Учир нь зарим албаны хүмүүс хэн нэгэн хувь хүн, дарга цэрэг  Япон болон АНУ-тай дээрх асуудлаар яриа хэлэлцээр өрнүүлсэн байж болохыг үгүйсгэхгүй байгаа юм.  Мэдээж жирийн нэг иргэн Дорж, эсвэл жижиг дунд үйлдвэрийн эзэн Дондог нарт тийм эрх мэдэл байхгүй. Захын нэг “баагий” Америк, Японтой цөмийн хог хаягдал булшлах талаар ярилцчихдаг юм  биш. Нэлээд сэр­гэлэн, хөдөлгөөнтэй тэгээд эрх мэдэл­тэй нөхрөөс л гарах санаа.
Тэгэхээр Монголд цөмийн хаягд­­лаа булшлахаар америкчууд бо­лон япончуудтай  хэн сэм яриа өрнүүлэв, түүнд ямар сонирхол байв гэдэг л өнөөдрийн хувьд хамгийн сонирхолтой асуулт болоод байна.

Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд “Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно”, мөн хуулийн 4.2 дугаар зүйлд “Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалт байдаг. Нэгэнтээ хуулин­даа бусдын цөмийн шаарыг хадгалах, түр байршуулахыг хориглочихсон болохоор Монгол Улс албан ёсоор америк, япончуудтай аюултай хог хаягдлын талаар яриа өрнүүлээгүй нь үндэслэлтэй. Харин албан бусаар, ханцуй доторх наймаа хийхээр төлөв­лөсөн нөхдүүд байсан учраас л дэлхийн томоохон хэвлэлүүдийн сонирхлыг ингэтлээ татсан болов уу. 

Хэдийгээр монголчууд албан ёсоор ийм гэрээ хэлэлцээр хийгээгүй гэдгээ мэдэгдээд байгаа ч “Майничи” сонин борлуулалтаа нэмэгдүүлэх гэж CNN, Ройтерс агентлагууд үзэгч­дийнхээ тоог өсгөх гэж худлаа мэдээ сенсаацилаагүй нь тодорхой. Тэдэнд ч бас үндэслэл байсан болоод л дээрх мэдээллийг цацсан байх. Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Н.Батбаяр нарын ги­шүүд Ерөнхий сайд С.Батболдод хандан асуулга тавихдаа Засгийн газраас цөмийн хаягдлын талаар баримталж буй өнөөгийн байр суурь, урьд өмнө цөмийн хаягдлыг нууцаар булж байсан гэх мэдээлэл үндэслэлтэй эсэхийг шалгаж тогтоохыг хүссэн. 

Цөмийн шаарыг нутагтаа байр­шуулж, хадгалсан тохиолдолд ту­хайн улс маш их хэмжээний мөн­­­гийг нөхөн төлбөр болгож авдаг. Олон тэрбум ам.доллараар яригддаг тэрхүү гэрээг хийхэд зуулчилсан нөхөр зуучлалын хөлс болгож, нийт мөнгөний 3-8 хувийг нь халаа­салдаг олон улсын дүрэм, журам ч байдаг гэнэ. “Мөнгө цагаан, нүд улаан” гэгчээр тэр их мөнгөний төлөө “аюултай хог хаягдлыг Мон­гол Улсын хилээр дамжуулан тээвэр­лэхийг хориглоно” гэсэн Мон­гол Улсын хуулийг уландаа гиш­гэхийг санаархсан тэр нөхөр хэн байж болох вэ. Хэн хэн гэгч нөхдүүд саяхан Америк, Японыг зорьсон бэ. Эндээс л бид “хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур”-ыг хайх хэрэгтэй болох нь. “Бид тийм гэрээ хийгээгүй” гэж мэдэгдэхээсээ илүү хэн тийм яриа өрнүүлэв ээ гэдгийг олох нь Засгийн газрын үүрэг бус уу.

Ж.НЯМСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж