Олон улсын валютын сан төсвийн алдагдалд орж санхүүгийн хямралд өртөөд байгаа Португаль улсад 26 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг дэмжиж олгохоор шийдсэн байна. Энэ мөнгөн тусламжийг нэн даруй Португалийн талд шилжүүлэх ажээ.
Энэ онд Португаль улс ОУВС-аас 12.6 тэрбум, Европын холбооноос 25.2 тэрбум еврогийн санхүүгийн тусламж аваад байсан билээ. Мөн ойрын гурван жилийн хугацаанд Европын Холбоо болон ОУВС Португальд дээрхи тусламжуудтай нийлээд нийтдээ 78 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болоод байгаа аж. Энэ их хэмжээний санхүүгийн тусламж авсныхаа хариуд Португаль улс олон улсын санхүүгийн байгууллагын өмнө хэд хэдэн өөрчлөлт хийх үүрэг хүлээж байгаа юм. Тухайлбал, эрүүл мэндийн тогтолцоондоо шинэчлэл хийж, хувьчлалын чухал өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх юм байна.
Олон улсын байгууллагын үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгийн ачаар одоо хэрэгжүүлж байгаа “бүсээ чангалах” хатуухан арга хэмжээнээс зарим нэгийг нь тухайлбал нийгмийн халамжийн болон тэтгэврийн хэмжээг бууруулахаас португальчууд зайлсхийж болохоор байгаа аж.
Үүний зэрэгцээ ОУВС Грек улсад төсвийн өрөө дарах болон төсвийн алдагдлаа нөхөхөд нь шаардлагатай байгаа нэмэлт санхүүгийн тусламийг өгөх эсэхээ шийдэхээр хэлэлцэж байгаа юм. Грек улс өмнө нь энэ чиглэлээр санхүүгийн ихээхэн хэмжээний тусламж авч байсан тул дахин санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн тулд тус улсын саналыг сайтар судалж үзэх болж байгаагаа ОУВС мэдэгдэж байгаа гэнэ.
Өнгөрсөн онд гэхэд л ОУВС болон Европын Холбооноос Грект нийтдээ 110 тэрбум еврогийн санхүүгийн тусламж олгосон бөгөөд ихэнх хэсэг нь Германы төсвөөс гарсан санхүүжилт байсан аж.
Улс орнуудад өгөх тусламжийн гараа сунгаж байх энэ зуур ОУВС хэмээх энэ байгууллагын экс тэргүүний (хэрэгт холбогдсон тэргүүн нь өнгөрсөн долоо хоногт огцрох хүсэлтээ гаргажээ) шуугиан тарьсан хэрэг явдлаас болж суларсан орон зайд шинээр тодрох өрсөлдөгчдийн нэрс тодроод байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Экс тэргүүн Стросс Кан нь Нью- Йоркийн Софитель зочид буудлын 32 настай үйлчлэгч эмэгтэйг хүчирхийлэхээр завдсан хэргийн улмаас огцрохоор болж байгаа билээ. Түүнд тулгаж байгаа олон зүйл ангийн дотор 25 жил хүртэл хорих ял багтаж байгаа бөгөөд одоогоор Манхэттэний нэгэн хороололд гэрийн хорионд байгаа аж. Дашрамд дурдахад хэдэн жилийн өмнө Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд байсан нэгэн эрхэм өөрийн нууц амрагтаа их хэмжээний цалинг үндэслэлгүй олгож байсан хэргээр мөн л шүүхийн хаалга татаж байснаас үзвэл олон улсын санхүүгийн байгууллагуудын томилгоонд нэлээд хатуу шалгуур тавих болж байх шиг байна.
Харин энэ шалгуурыг давж ОУВС-ийн ерөнхийлөгчөөр очих хүсэлтэй байгаа 10 орчим эрхмийн нэрсийг дэлхийн мэдээллийн агентлагууд гаргаж тавьсан байна. Тэдний дотор олны танил цөөнгүй хүмүүс орсон байгаа юм. Уламжилж ирсэн тогтолцоогоор бол ОУВС-ийн тэргүүнээр Европын төлөөлөл, харин Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр АНУ-ын төлөөллийг сонгодог байсан бол энэ удаад томилгооны хүрээ илүү өргөжих бололтой мэдээлэл гарч байна. Сүүлийн үед эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа хөгжиж буй орнуудын төлөөлөл олон улсын санхүүгийн энэ байгууллагад өөрсдийн нөлөөг өндөр төвшинд буюу шийдвэр гаргах хэмжээнд байлгах сонирхол нэмэгдэж байгаа нь энэ удаагийн өрсөлдөөнөөс харагдаж эхэлжээ.
Тухайлбал, сүүлийн үед “газар аваад” байгаа БРИК-ийн гишүүн орны төлөөлөл ОУВС-ийн тэргүүний өрсөлдөөнд орж ирж байгаа юм. Энэтхэгийн ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Сингх Ахлувальяа болон ойрмогхоноос БРИК-ийн бас нэгэн гишүүн болж байгаа Өмнөд Африкийн сангийн сайдаар 13 жил ажилласан Тревор Мануэлийг энд дурдаж болохоор байна.
Харин бусад нэр дэвшигчийн хувьд өмнө нь мөрдөж ирсэн сонгодог уламжлалаар буюу Европын орнуудын төлөөлөл голцуу байгаа юм. Тэдний дотор олон улсын улстөр эдийн засгийн бодлогод түлхүүр тоглогч нар байж ирсэн нэр хүндтэй хүмүүс ч оржээ.
Жишээ нь, Их Британийн сангийн сайд байсан Гордон Браун энэ өрсөлдөөнд оролцох юм байна. Түүнийг нэлээд эртнээс олон улсын санхүүгийн томоохон байгууллагын тэргүүн болох магадлалтай хэмээн тооцож байсан билээ. Гэвч энэ талаар Их Британийн одоогийн ерөнхий сайд Дэвид Кэмерон өөр бодолтой байгаагаа бас мэдэгдсэн байна. Тэрээр Гордон Брауныг Британийн төсвийн алдагдалтай холбоотой асуудлыг огт анхаардаггүй байсан хэмээн буруутгаж байгаагаа саяхан мэдэгдсэн аж. Мөн Их Британийн ерөнхий сайд хэлэхдээ ОУВС-ийн тэргүүнээр заавал Европоос биш, харин өөр орны төлөөллийг сонгох цаг ирсэн гэж хэлсэн байна.
ОУВС-ийн тэргүүний төлөөх өрсөлдөөнд орж байгаа бас нэгэн сонирхолтой эрхэм бол хатагтай Кристин Лагар юм. Тэрээр одоо Францын сангийн сайдын албан тушаалыг хашиж байгаа нэгэн билээ. Түүнийг дэлхийн нэр хүнд бүхий эдийн засгийн Financial Times сэтгүүлээс 2009 онд Европын хамгийн шилдэг сангийн сайд хэмээн шалгаруулж байжээ. Мөн тэрээр G 8 буюу “Их 8”-ын орнуудын түүхэн дэх хамгийн анхны сангийн сайд эмэгтэй болж байна.
Гэвч түүнд бас нэг сул тал бий. ОУВС-ийн тэргүүнээр сүүлийн жилүүдэд голцуу франц иргэншилтэй хүн сонгогдож ирсэн нь магадгүй сонголтыг түүнээс холдуулж болох аж. Тэгээд ч одоо хэрэг төвөгт орооцолдоод байгаа түүнтэй эх орон нэгт ОУВС-ийн экс тэргүүн Доминик Стросс Каннын хэрэг явдал ч саад болж магадгүй байна.
Мөн ОУВС дахь улс орнуудын өрсөлдөөн ч бас хурц болж байгаа бололтой. Саяхан Европын Холбооны зарим албан төлөөлөгч нарын зүгээс саналаа хэлэхдээ Грек, Ирланд, Португаль зэрэг европын орнуудад төсөв санхүүгийн хурц хямрал үүсчихээд байгаа энэ үед ОУВС-ийн тэргүүнээр европын томоохон гүрнүүдийн төлөөлөл байх нь зүйтэй гэж онцлон сануулжээ.
Тэгвэл ОУВС болон Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн томоохон байгууллагын шийдвэр гаргах төвшний албан тушаалын хуваарилалтад хөгжиж байгаа орнуудын зүгээс дургүйцэх хандлага нь улам бүр өсч байгаа гэж зарим шинжээчид хэлж байгаа юм.
Тухайлбал, эдийн засгийн нөлөө нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа Хятад улс ОУВС-ийн тэргүүнээр хөгжиж байгаа орнуудын төлөөлөл байхыг дэмжих болно гэж шинжээчид үзэж байгаа ажээ. Хятад улсын санал ОУВС-ийн хүлээгдэж байгаа томилгоонд нөлөөлж болох магадлал өндөр гэдгийг ч тэд дүгнэлтдээ дурдсан байна.
Учир нь Хятад улс ОУВС-аас гаргасан өрийн бичгийн томоохон хувийг эзэмшигч орны нэг болж байгаа юм. Мөн Хятад улс 2008 онд ОУВС-д асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр тус байгууллагын санхүүгийн боломж гурав дахин нэмэгдэж байсан ажээ. Энэ нь тухайн үед дэлхийн хэмжээнд болж байсан хямралын үеэр тус байгууллагын санхүүгийн асуудалд маш их хувь нэмэр болж байсан байна.
Одоогоор ОУВС-ийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Жон Липски саяхан хийсэн мэдэгдэлдээ ирэх наймдугаар сард өөрийн үүргийг шилжүүлэх болно гэж зарласан байна. Тийм болохоор энэ хугацаанаас өмнө ОУВС-ийн тэргүүнийг журмын дагуу тус байгууллагын гүйцэтгэх захирлуудын санал хураалтаар шийдэх хэрэгтэй болж байгаа юм. Тэдгээр гүйцэтгэх захирлууд нь ОУВС-ийн гишүүн орнуудаас томилогддог бөгөөд тус байгууллагын төв байрлах Вашингтон хотноо санал хураалтыг явуулах ажээ.