Айлчлал, ашигт малтмал тойрсон долоо хоног

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Айлчлал, ашигт малтмал тойрсон долоо хоног

Ерөнхийлөгчийн айлчлалын халуун сэдэв юу байх бол?

“ОХУ-ын Ерөнхийлөгч бидний байр суурь нэг байгаа. Ард түмнийхээ шаардлагад үйлчлэх ёстой” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д хийх айлчлалтайгаа холбогдуулан өнгөрсөн долоо хоногт бизнесийнхэнтэй уулзах үеэрээ хэлжээ.

Тэгвэл Монголын бизнесменүүдийн “шаардлага” юу вэ? ОХУ руу мах, арьс ширэн бүтээгдэхүүн болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх, визийн хөнгөлөлт эдлэх, Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсийг нээх зэрэг тун тодорхой саналууд дээр тэдний хэрэгцээ, шаардлага нэгдэж буй гэхэд болно.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа хойд хөршдөө хийх гэж буй айлчлалаараа Засгийн газрын нэлээд олон гишүүн, хотын захиргаа, бизнесийнхнийг Москвад “урьж”, хоёр талд учирч буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө байгаа, “айлчлалын зорилго ч ийм” гэж дээрх уулзалтын үеэр мэдэгдсэнийг эс тооцвол айлчлалаар юу хэлэлцэх нь бүрхэгдүү байна.
Юутай ч энэ сарын 29-нд эхлэх түүний айлчлалын товыг Кремлийн хэвлэлийн алба анх цацахдаа Монголын талын санаачилгаар хоёр улсын Ерөнхийлөгч утсаар ярилцаж айлчлалын хугацааг тохирлоо гэж мэдэгдсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хойд хөршид айлчлах сураг чимээ уг нь бүтэн жилийн өмнө гарч, өнгөрсөн оны гуравдугаар сард товлогдож байсан ч хойшилсон юм. Хэдий хугацаагаар яагаад хойшилсныг аль ч тал албан ёсоор мэдээлээгүй өнгөрсөн. Юутай ч наана нь шийдэх асуудал байсан, тэр нь манай талаас хамаарах зүйл байв уу гэдэг таамаглалыг Ц.Элбэгдорж энэ удаад өөрөө Кремль рүү утас цохисон нь төрүүлж байна.

Шууд хэлбэл, энэ нь “Монголын тал айлчлалд бэлэн боллоо” гэсэн мессеж гэдэг таамаглалыг зарим ажиглагч хэлж байна
2009 оны намар Халх голын ялалтын ойд уригдан Монголд ирсэн Д.Медведев “их өрийн үлдэгдэл байгаа шүү” гэдэг мэдэглэл хийсэн. Их өр тэглэгдсэн гэдэгт итгэлтэй явсан монголчуудад энэ нь цочир мэдэгдэл байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал яригдаж байснаасаа хойшилсны шалтгааныг Медведевийн дээрх мэдэгдэлтэй холбон үзэх хүмүүс ч байдаг. Бодитой шалтгаан нь тодорхойгүй ч 2010 оны гуравдугаар сард товлож байсан Ерөнхийлөгчийн айлчлал сураг алдарч, тавдугаар сард нь тэрбээр Москвад Ялалтын баярын 65 жилийн ойн сүрт ёслолд зочны хувиар оролцоод бараг л өдөртөө буцаж ирсэн юм.

Айлчлалын сураг гарснаас хойш ийнхүү бүтэн жил өнгөрөхөд хоёр орны харилцааны зарим нэг асуудлаар ахиц гарсан нь айлчлалын товыг ахин зарлах таатай нөхцлийг бүрдүүлсэн ч байж болох юм. Хоёр оны зааг дээр Засгийн газрын тэргүүн С.Батболд ОХУ-д айлчилж, их өрийн асуудлыг эцэслэн шийдэж, төмөр зам, ураны салбарт хамтын ажиллагааны шинэ шийдэлд хүрсэн олзтойгоор Москвагаас ирсэн. “Их өрийн 97.8 хувийг ОХУ шууд тэглэсэн бөгөөд үлдэгдэл 3.8 сая ам.долларыг Монголын тал нэг удаад шилжүүлэхээр боллоо” гэж С.Батболдын айлчлалын үеэр ОХУ-ын Сангийн сайд мэдэгдсэн юм. Засгийн газрын тэргүүний айлчлалын үеэр ярьсан нэг асуудал нь Улаанбаатар төмөр замын асуудал. Монголын тал АНУ-аас Мянганы сорилын сангаар дамжуулан Орос, Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт 250 сая ам.долларыг авахаар болоод байсан ч Оросын тал дээрх тусламжид “хаалт” хийгээд байсан билээ. Учир нь 250 сая ам.долларыг авахын тулд Улаанбаатар төмөр замд санхүүгийн аудит хийх нөхцлийг АНУ-ын талаас тавьсан ч Оросууд үүнийг зөвшөөрөөгүй. Ингээд дээрх тусламж талаар өнгөрсөн юм. Харин Ерөнхий сайдын айлчлалын үеэр Оросын тал Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэхийн тулд 125 сая ам.долларыг гаргахаар шийдвэрлэсэн. Мөн нэг асуудал нь Монголын ураныг ашиглах хоёр улсын хамтарсан “Дорнод Уран” компани байгуулахаар тохиролцсон явдал. Тус компанийг байгуулах шийдвэр хоёр талд ажил хэрэг болоод байгаа ч “Дорнод Уран” компанид шилжин очих ёстой лиценз нь олон улсын шүүх дээр маргаан үүсгээд байгаа юм.

Сүүлийн нэг жилд хоёр орны харилцааны зарим асуудалд ийнхүү ахиц гарсан ч Ерөнхийлөгч сэтгэл дундуур яваа асуудлууд бий. Орост хэвлэгдэн гардаг нэгэн сэтгүүлд тэрбээр айлчлалтай холбогдуулан ярилцлага өгөхдөө хоёр орны харилцаанд “өөр” нөхцлөөр шийдэгддэг асуудал бийг дурдаад тухайлбал, төмөр зам гэж онцолсон байсан. Оростой харилцах харилцаагаа бодож, дэлхийн стандарт болох нарийн царигтай төмөр замаас татгалзан Орост ашиглаж буй өргөн царгийн төмөр замын сүлжээнд холбогдох шийдвэрийг Засгийн газар болон парламентаас гаргасныг тэрбээр дурдсан байсан. Гэхдээ Оросууд үүний хариуг барих биз ээ. Өөрийн нутаг дээгүүр төмөр замын тээвэрлэлтийн хөнгөлөлтийн тарифыг Монголд амлаад байгааг ч үүний жишээнд тооцож болох байх.

Өнөөдөр Орос, Монголын худалдаа эргэлтэд Монголын экспорт ердөө гурван хувийг эзэлж байгааг нэмэгдүүлэх, худалдааг либералчлах, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг өсгөх, “Алтанбулаг”-ийн чөлөөт бүсийг нээх зэрэг асуудлууд шийдэл хүлээж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх ярилцлагадаа сануулсан байсан. Тэгэхээр эдгээр асуудлыг энэ удаагийн айлчлалаараа хөндөх болов уу.

Хориг тавьсан хуулийн төслийг дэмжив

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч жилийн өмнө гаргасан юм. Улмаар энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр УИХ Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай хуулийг батлахдаа хоригийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл гэж тусгаад байв. Гэвч удалгүй энэ хугацааг цаашид хугацаагүй сунгахаа Ерөхийлөгч мэдэгдэж, УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан юм. Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцлээ. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа, зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжээс явуулж байгаа үйл ажиллагаа нь зарим тохиолдолд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Ерөнхийлөгч үзэж буй юм. 2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар зөвхөн хайгуулын лиценз олгогдсон талбай нийт нутгийн 24.5 хувийг эзэлж байв. Нийт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 10 гаруй хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд эзэмшдэг аж.

Гадаадын зарим орны төрийн бодлогод хил залгаа орнуудын ашигт малтмал, газрын тосны салбарт тусгай зөвшөөрөл худалдан авах замаар гео-эдийн засаг, геополитикийн бодлого хэрэгжүүлэх талаар тусгагдсан гэдэг мэдээлэл байдгийг төсөл санаачлагч дурджээ. Мөн орон нутгийн иргэдийн дунд газар нутгийг тусгай зөвшөөрлөөр дамжуулан гадаадынхны эрх мэдэлд шижүүлсэн гэдэг ойлголт түгсэн нь төр засагт үл итгэх байдал үүсгэсэн гэжээ. Дорноговь аймагт л гэхэд газар нутгийнх нь 50 хувь, Өмнөговь аймагт газар нутгийн 45 хувийг лицензээр бусдын мэдэлд шилжүүлсэн байгаа аж. Үүнээс үүдээд орон нутгийн иргэдийн нутаг бэлчээрийг хязгаарлах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөхийн тулд хайгуул хийхгүйгээр мэдэгдэж байгаа нөөцийн хэмжээнд химийн бодис хэрэглэн олборлолт явуулж байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг байна.

Энэ бүх байдал экологийн болон Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэж үзсэн учраас Ерөнхийлөгч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хяналтад авахыг чухалчилж байгаа аж.
Түүний санаачилсан тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хязгаарлах тухай хууль Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлах хүртэл мөрдөгдөхөөр төсөлд тусгаад буй юм. Дээр дурдсан сөрөг нөлөөллийг хязгаарлах, лиценз олгох асуудлыг боловсронгуй болгох асуудлыг Ашигт малтмалын тухай шинэ хуульд хэр хангалттай тусгах нь харин одоогоор тодорхойгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх төсөл УИХ-д хараахан хэлэлцэгдээгүй байгаа юм.

З.Боргилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж