ЖДҮ-ийн санхүүжилтыг тав дахин нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн санхүүжилтыг тав дахин нэмэгдүүлнэ

АНУ-д сургалтад хамрагдаад ирсэн аймгуудын засаг дарга нарыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч баасан гаригт хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд эхний үгэндээ сонгууль ойртсоныг сануулж, аймаг бүр хөтөлбөрийн хэрэгжилтийг зуун хувь биелүүлэхийг үүрэгдэв.

Засгийн газрын тэргүүний илтгэлд “Ойрын үед аж үйлд­вэрийн салбар, ЖДҮ-ийг дэмжих 300 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг УИХ-аар хэлэлцэж бай­гаа. Үүний дараа ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг аймаг бүрт бараг тав дахин нэмэгдүүлэн хувиарлах болно” гэх мэдээлэл гарав. Мөн энэхүү хөрөнгийг үр дүнтэй зарцуулж, шинээр ажлын байр бий болгож түүндээ орон нутгийн ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийг нэг бүрчлэн хамруулан мэргэшүүлэх чиглэлээр биечлэн анхаарч, энэ талын судал­гаа тайлангаа ч нарийвчлан гаргаж өгөхийг Аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Үүний зэрэгцээ ЖДҮ эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх таатай орчин бүрдүүлэх чиглэлээр 19 хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лахаар Засгийн газар ажиллаж байгаа, үүнд саналаа нэмэрлэхийг ч тэдэнд анхааруулав.
Ерөнхий сайдын үгний бага­гүй хэсэгт шүүмжлэл байсан бөгөөд “Ажлаа бид цаасан дээр буулгах биш, бодитоор харуулах хэрэгтэй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний эхний таван сарын биелэлтийг авч үзвэл хэрэгжилт нь 80 хувьтай гэх дүгнэлт гарчээ, энэ бол цаасан дээрх үзүүлэлт. Гэхдээ  ажилтай болсон иргэдийн  тоо нэгдүгээр улирлын дүнгээр 6800 хүн гэж гарсан нь ажил удааширалтай явагдаж байгаагийн илрэл. Орон нутагт намайг  ажиллаж байх үед эрүүл мэндийн салбарын хүнд суртал, хариуцлагагүй байдлыг иргэд ихээхэн шүүмжилж байна. Тиймээс иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, энэ салбарын үйл ажиллагаанд Засаг дарга нар хатуу анхаарал  тавьж ажиллах хэрэгтэй” гэв.

Мөн асуудалд хариуцлагагүй хандаж буй зарим засаг дарга нарын чихийг ч улайлгаад авав. Тэрээр “Хамгийн их ажилгүй иргэдтэй Баян-Өлгийн дарга нар том толгой гаргаж тайлан мэдээгээ ирүүлээгүй байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй. Увс, Өмнөговь аймгийн сумдад хөдөлмөр эрх­лэл­­тийг дэмжих ажил зохион байгуулагдаж эхлээгүй байгаа нь байж болохгүй зүйл” хэмээв.
Мөн тэрээр энэ жил тэмдэг­лэлт ой, баяр наадам ихтэй байгаа учир зөв зохистой тэмдэглэж, зунжин намаржин найр наадмаа сунжруулахгүй байхыг зөвлөж орон нутагт байгаа ажилгүй иргэдийн судалгааг нэр овог, байр­шил, регистерээр нь гарган аймгуудын хөдөлмөр эрхлэлтийн албадаар дамжуулан шинэчилсэн маягтаар бүртгэн нэгдсэн мэдээл­лийг энэ сардаа багтаан Үндсэний хороо, НХХЯ-нд ирүүлэхийг үүрэг болголоо.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж