Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал өгсөн СЕХ-ыхон мөн оролцсон байна. Саналаа хураангуйлж хэлэлцүүлэгт бэлэн болгосон төслийг ирэх лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр тогтсон байна. Үүний дараа намын бүлгүүдийн хооронд мажоритари болон хувь тэнцүүлсэн суудлын алиныг нь түлхүү авах гэдэг гол маргаан өрнөнө. УИХ дахь намын бүлгүүд ирэх 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэдэг дээр санал нэгдсэн хэдий ч хуулийн төсөлд оруулж ирсэн 50:26 гэдэг харьцаан дээр санал нэгдэж чадаагүй. Ардчилсан намын бүлэг энэ тоог дэмжиж байгаа ч МАН-ын бүлэг эсрэг байгаа билээ.
Албан бус мэдээллээр энэ харьцааг 38:38, эсвэл 24:52 болгох тухай өөр хоёр хувилбар яригдаж байгаа юм байна. Ямартаа ч ажлын хэсэг саналаа бэлтгэж УИХ-д оруулахад бэлэн болсон болохоор Сонгуулийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар батална гэсэн намуудын амлалт ажил болоход алхам ойртлоо.