УИХ-ын төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан орж ирсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр орон нутагт төсвийг захиран зарцуулах эрх шилжүүлж буйг сөрөг хүчний гишүүд мөн шүүмжилж байсан бөгөөд Ч.Хүрэлбаатар нар “Орон нутагт буй обьектуудаа санхүүжүүлэх боломжгүй, мөнгө нь хүрэхгүй болоод л та нар эрх шилжүүлнэ гээд байгаа биз дээ. 2015 онд улсын төсвийн орлого муудах үед төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж нийтийн биеийн тамир, боловсрол, эмнэлгийн зардлыг шилжүүлнэ гэж байгаа нь буруу. Боловсролын хуульд нэмэлт оруулах замаар энэ салбарт хувийн хэвшлийнхний оруулах хөрөнгө оруулалтыг хаах гэж байна. Тэдэнд мөнгө өгөхгүй гэж байгаа санаа л явж байна. Мөнгөгүй учраас л аймгуудад эрх шилжүүлнэ гэж байгаа биз дээ, мөнгө байсан бол эрх мэдэл шилжүүлэхгүй байсан л биз дээ. УИХ-аас обьект болгоныг санхүүжилтийн эх үүсвэртэй нь батлах ёстой гэсэн хуулийг зөрчиж болохгүй” гэж байв.
Хуралдаанд хотын дарга Э.Бат-Үүл оролцон өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Энэ төсвийн төслөөр явах юм бол нийслэл хүнд байдалд орно. Энэ бол төсөвт маш том зарчмын өөрчлөлт авчирна. Хууль нь байхгүй байхад нийслэлийн суур зардлыг хянаад оруулаад ирлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хууль зөрчсөн төсөв оруулан хэлэлцэх боломж байхгүй учраас ирэх нэгдүгээр сарын 1-нээс төсвийн дэг тогтохоос аргагүйд хүрнэ. Ингэвэл, цалин тэтгэвэр гээд бүхий л зүйл хамгийн багаар тооцогдож тавигдана. Ийм нөхцөлд бүгдээрээ гудамжинд гарцгаах болно” гэсэн юм.
Тус байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн болон дэмжээгүй саналууд одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орж хэлэлцэгдэнэ.
Б.ЭНХ