Өөрийн чинь даатгал өөрт чинь хүртээлгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Өөрийн чинь даатгал өөрт чинь хүртээлгүй

Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т  “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй” гэх заалт бий. Гэвч УИХ-аар хэлэлцэгдэж буй Жолоочийн хариуцлагын хуу­лийн төслөөр бол биднийг ч хуулийн дагуу ялгаварлаж, заримд нь татвар нэмж, заримынхыг нь хасахыг санаархаж байна.

Хувь хүн хэн бэ гэдгээс хамаарч нийтлэг зохицуулалт агуулсан хуу­­лийн үйлчлэл нь өөрчлөгдөж болохгүй. Уг төслөөр даатгалын хураам­жийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэм­жээг дараахь итгэлцүүрээр нэмэг­дүүлэх буюу хорогдуулан тооцох аж. Үүнд нь, жолоочийн оршин суугаа газрын байршил, өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага, даат­галын гэрээний хугацаа зэргийг харгалзан үзэх юм байна. Гэтэл зөвхөн үүнийх нь цаана хорин жилийн өмнө жолооны үнэмлэх гаргуулаад огт машин бариагүй өдий хүрсэн Дулмаа, арван жил тээвэрт явсан Доржоос туршлагатай болж таарах нь. Мөн насанд хүрсэн, эсвэл хүрээгүй гэх хууль зүйн ангилал байдаг болохоос биш 23-тай хүн, 40-тэй хүн ялгаатай гэх ялгавар байж болохгүйг ч хууль санаачлагчид мэддэггүй бололтой.

Үүнээс том алдааг хуулийн зарчим дээрээ хийсэн нь “жолооч бүр албан журмын даатгалд заавал хамрагдах” тухай зохицуулалт аж. Ингэснээр машинтай машингүй хамаагүйгээр жолооны үнэмлэхтэй л бол татвар төлөхөөр болж байгаа юм. Танд “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооний үнэмлэх байгаа бол даатгалын суурь хураамж 12.500 төгрөг;  “B” ангиллын хураамж 33.000 төгрөг;  “C” ангиллын ху­раамж 42.500 төгрөг;  “D” ангиллын хураамж 53.000 төгрөг; жолооч нь “B”, ”C”, эсхүл ”D” ангиллаас гадна “E” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй бол жолоочийн даатгалын суурь хураамж нь дээрх хураамжны хэмжээнээс 7.000 төг­рө­гөөр илүү хэмжээтэй байхаар төлөвлөжээ. Аль болох их мөнгө “салгах” зарчим дараа дараагийн заалтуудаас бүр ч тодорхой болно. Тухайлбал “Даатгуулагч нь хэд хэдэн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй бол даатгалын хураамжийг жолооны ангилал бүрээр тооцон гаргаж тэдгээрийн хамгийн өндөр нэг хураамжийг төлнө” гэх мэт. Хэрэв эдгээр татварыг төлж, даатгалд заавал хамраг­дахгүй бол өнөөх цагдаа нар нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийтгэлийг оноох гэнэ.

Мөн ийнхүү татвар төлсөн хэрнээ осол гаргасан тохиолдолд жолооч намайг “хохирогч” гэж үзэхгүйгээ хуулиар шууд баталгаажуулах нь. Өнөөх хуулийн төслийн “Даатгалын тохиолдолд үл хамаарах хохирол” гэдэгт сэтгэл санааны хохирол, хүрээлэн буй орчныг бохирдуулснаас үүссэн хохирлоос гадна ачаа, даатгуулагчийн авто т‎ээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг оруул­сан байгаагаас харвал үү­нийг ойлгоно. Нэгэнт даатгалд хамрагдаж байгаа тохиолдолд осол гаргаж машин тэрэг, ачаа барааны хохирол хүлээсэн бол нөхөн төлбөр авч болохгүй гэж үү. Жолооч  намайг огтхон ч бодоогүй хирнээ даатгалын компанийг хохиролгүй болгох зохицуулалтад нилээдгүй ач холбогдол өгчээ.

Дахиад л төслийг ишилье. “Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл” гэх хэсгээс илүү тодорхой харагдана. Хэрэв жолооч осол бол­сон талаар даатгалын компани, цагдаа­гийн газарт  мэдэгдээгүй бол, ослын газраас зугтаасан бол,  согтууруулах ундаа, мансууруулах бодис х‎эрэг­лэсэн  үедээ осол гаргасан бол даат­гуул­сан жолооч гарах төлбөрийг төлөх гэнэ.  Мөн үүн дээр хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол ту­хайн буруутай этгээдээс гаргуулах гээд нилээдгүй юм бий.

Ингээд энэ хуулийн төслийг бү­хэлд нь харахаар зохицуулах гэж оролд­сон санаанууд нь эргээд даатгалын хэдэн компаниудыг үйл ажиллагааг “даатгах” зорилготой мэт хараг­дах аж. Ингэхэд юу билээ, даатгалын компаниудыг бас сонгоно гэл үү?

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж