Бүлэг дээр бүдэрсэн хуулийн төсөл чуулганы босгыг давав

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Бүлэг дээр бүдэрсэн хуулийн төсөл чуулганы босгыг давав

Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөл УИХ-д орж ирэх ээлжит оролдлогоо өнгөрөгч баасан гаригт хийлээ. Чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх эхний асуудал нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, Алслагдсан болон говийн бүсэд хамаарах сумдыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан юм.
Өмнөх парламентын үед ч алслагдсан бүс нутагт бүсийн нэмэгдэл олгох тухай зохицуулалт бүхий хуулийн төслүүд чуулганаас дэмжлэг авалгүй буцаж байсан аж.

Энэ удаагийн төслийг ч буцаах шийдвэрийг Ардчилсан намын бүлгээс өнгөрөгч долоо хоногт гаргасан тул “хэлэлцэх боломжгүй” гэх дардас аваад гарахал ойрхон байлаа. Гэвч ийм зүйл болсонгүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувийн саналаар уг хуулийн төслийг  хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлж орхилоо. 

Хэдий намын бүлгийн шийдвэр гарч “ард иргэдээ төрийн албан хаагч, албан бусаар нь ялгадаг нь учир дутагдалтай. Төрд ажиллаж байна уу, хувьд ажиллаж байна уу гэдгээр нь ялгах нь зарчмын хувьд буруу. Энэ хуулийн төслийг буцаах нь зүйтэй” гэж тохиролцсон ч хуралдаанд оролцсон гишүүд өөрсдийн сонголтыг хийж, хэлэлцэх нь зүйтэй гэж шийдлээ. Хуулийн төслийг санаачлан, өргөн мэдүүлэхэд Улсын Их Хурлын 30 гишүүн оролцсон нь, нөгөө талаас сонгууль ойртсон нь энэ хуулийн төсөл тийм ч амар буцахааргүй нөхцөлд хүргэв бололтой.
Хуулийн төслийн гурван асуудал дээр гол зангилаа гарч байсан бөгөөд үүнийг хэрхэн шийдвэрлэх нь хуулийг бүхэлд нь тодорхойлохоор байлаа. Үүнд, алслагдсан аймгууд гэдгийг хэрхэн тооцох, төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх эсэх, гаалийн татва­раас чөлөөлөх асуудлууд багтаж байв. Хэлэлцүүлгийн үеэр ч эдгээр асуудлын хүрээнд саналууд гарч байлаа.

Тухайлбал, Р.Раш гишүүн “Би хууль санаачилсан гишүүн ч гэлээ гаалийн татвараас чөлөөлөх нь хүн дээрээ очиж хэрэгжиж чадах болов уу, яах  бол гэсэн эргэлзээ бий” гэсэн бол Д.Дамба-Очир гишүүн “Захын хүн төрийн албан хаагч болох сонирхол бүх хүнд бий боллоо. 150 мянган төрийн алба хаагчтай болсон, тэднийгээ цэгцэлж авч чадахгүй л байгаа. Төрийн алба руу хошуурах нөхцлийг бид бүрдүүлж өгөх гээд байна” гэлээ.  Мөн Д.Дамба-Очир гишүүн, энэ хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр байгаа ч санхүүжилт нь хаана байна. Сүүлийн үед УИХ санхүүгийн эх үүсвэргүй хууль баталдаг болсон шүү” хэмээн анхааруулав.

Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг хэлэхдээ “Аймгуудыг ярихад тэр сум нь орохгүй, энэ сум орж байгаа гээд орон нутагт маргаан гарах юм байна. Хуваагдлын хувьд Улаанбаатараас бусад нь гэж хийхгүй бол болохгүй. Манай намын бүлгээс тавьж байгаа санал гэвэл хүн амын орлогын албан татвартай холбож үзэх юм бол 170 орчим тэрбум төгрөгийн төвлөрүүлэлт хийж байгаа. Үүний 110 нь нийслэл Улаанбаатарт, үлдсэн нь 60-аад тэрбум нь хөдөө орон нутагт хуваарилагдаж байгаа. Иймэрхүү байдлаар зохицуулалт хийвэл төрийн албан хаагч болон бусдад хамааралтай зохицуулалт болох байх. Хэрэв энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажил­лавал дургүйцэхгүй биз дээ” гээд бүлэг дээр ярьж тохиролцсоноо сануулав.  Үүний дараа алслагдсан бүс нутаг гэдгийг ямар шалгуур үзүүлэлтээр тооцох, аль аймаг орох эсэх талаар талаар багахан маргаан гишүүдийн дунд өрнөв. Энэ үед өөрийн сонгогдсон бүс нутгийг уг хуулийн ангилалд багтаачих санаатай хэд хэдэн гишүүн гарав. Иймд хууль санаачлагчдийг төлөөлж УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Алслагдсан нутгийн шалгуур үзүүлэлтэнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш, тээврийн үйлчилгээний үнэ өртөг гэх мэт найман шалгуур үзүүлэлтийг авч үзээд тогтоосон. Байгаль цаг уурын хувьд бас шалгуур тавьсан. Ган гачиг, зуд цөлжилт хаана, ямар давтамжтай явагдаж байгааг ч судалж үзсэн. Үүнээс хамаарч говийн бүс нутгийг тогтоосон” гэх тайлбарыг хийсэн юм. Гэсэн хэдий ч үүнийг тогтоох, ангилалд хамааруулсан үндэслэлийн талаар маргаан, шүүмж­­­­­лэл төгссөнгүй. Тухайлбал, “Өмнөговьд алслагдсан бүс нутгийн хөнгөлөлт байх нь арай зохимжгүй, Ингэхээр Оюутолгой, Тавантолгойн компаниуд үүнийг далимдуулаад урдаас шатахуунаа татваргүй оруулж ирнэ. Хууль санаачлагч нөхдүүд маань лоббинд орчихсон юм биш үү” гэв.

Ийнхүү шүүмжлэл нилээдгүй гар­сан тул хуулийн төслийг санаач­лагчид “Төрийн улс төрийн, захир­гаа­ны, тусгай болон үйлчилгээний албанд ажиллаж байгаа албан хаагчдад бүсийн нэмэгдэл олгох, говийн болон алслагдсан бүсийн нэмэгдлийг тухайн бүст ажиллаж буй төрийн албан хаагчийн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах,  тө­рийн улс төрийн, захиргааны болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид таван жил тутамд зур­гаан сарын цалинтай тэнцэх мөн­гөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгуул­лагаас олгох бөгөөд шаардагдах зард­лыг нь тухайн жилийн төсөвт тусгуулж байх зохицуулалт нь эхний алхам байх болно. Ховдод нэг уут гурил 40 мянган төгрөг байхад Улаанбаатарт 20 мянган төгрөг байх жишээтэй. Олдог орлого нь бага, зарцуулах нь их байх ийм үед алслагдсан аймгуудад ажиллаж буй иргэдийг дэмжих шаардлага зайлшгүй тулгараад байгаа гэдгээ учирлав. Мөн хууль хэрэгжиж эхэлнээр санхүүжилтын хувьд 20 орчим тэрбум төгрөгөөр улсын төсөвт орох орлого буурна. Уул уурхайн орлогоос олох  нэмүү орлогыг сул хөгжилтэй хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд зарцуулах тооцоог хийсэн гэдгийг тайлбарласнаар хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.

Чуулганаар мөн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн  төслийг хэлэлцэж дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүдээс “сонгуулийн эрх бүхий иргэд нийтээ­рээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох” зарчмыг тухайн сонгуулийг зохион байгуулж буй албан тушаалтны санаатай зохион байгуулсан үйлдлээс болж алдагдаж байгаа нь төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан гэмт үйлдлийн хэлбэрийг агуулж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хуулийг зөрч­сөн, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл” гэж үзэж зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээл­гэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.   Ингээд энэ хуу­лийн төслийг УИХ-д  мөн өргөн мэдүүлээд байгаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиу­дын төслийг нэгтгэж нэг төсөл болгох, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан ажлын хэсгийг байгуу­лахаар болсноор үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж