Н.Алтанхуяг З.Энхболдтой байраа солих уу?

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг З.Энхболдтой байраа солих уу?

Эцэслэсэн тодорхой мэдэгдэл, мэдээлэлгүйгээр хоёр дахь өдрөө Ардчилсан намын улс төр буцалж байна. Нам дотроо учир зүйгээ олох гэж төрийн ажлыг гацаасаар хэд хонов.  Тохиролцоонд хэзээ хүрэх  нь ч одоо хүртэл тодорхойгүй.

 Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ирэх лхагва гариг хүртэл завсарлага авлаа. Тус намын бүлгийн хуралдаанаас эцэслэн шийдвэрээ гаргаагүйгээс гэнэ.

 Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг өнгөрсөн лхагва гаригт байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшилсон. Төрийн гурван өндөрлөг Их тэнгэрт уулзаж, зөвшилцсөн талаар хэвлэлүүдмэдээлж байна.  Албан бус мэдээллээр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг намын даргаасаа татгалзах болж, дараагийн намын даргыг сонгохоор Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа зарлахаар болсон аж. Үүнтэй холбогдуулан зарим аймгаас ҮЗХ-ны гишүүдийг дуудсан ч байж болзошгүй байна. Гэхдээ энд нэг өнцөг байгаа нь МАН Монгол улсын Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьснаас Ардчилсан намын даргатай асуудал яриагүй. Хэрэв Н.Алтанхуягийн  намын даргын суудлыг томчуул хоорондоо тохирч байгаа бол огцруулах саналд нэгдсэн Ардчилсан намынханд ард түмнийхээс өөр зорилго байжээ гэж хардахаас аргагүй нь. За хоорондоо тохироод Ерөнхий сайдынхаа суудалд үлдвэл намын даргад нь хэн нэр дэвших вэ гэсэн асуудал гарч ирнэ. Төрийн ордонд шивнэлдэж буйгаар УИХ-ын дарга З.Энхболд намын даргаа авах гэнэ. Гэхдээ авах гэж хэлэхэд бас хэцүү. Энэ албан тушаалд олонхийн саналыг авч сонгогддог. Гурван дарга суугаад шийдчихдэг ч бол сайхан байна. Алтанхуяг айхтар хүн учир тохирсон хүнээ сонгуулъя гэж бодъё. Энэ тохиолдолд түүх дахин давтагдаж, 2007 онд МАН-ын дарга М.Энхболд С.Баярт эхлээд намын даргаа өгч, дараа нь Ерөнхий сайдаа өгсөн шиг үйлдэл болно. С.Баяр М.Энхболдтой хотыг хамтарч удирдаж явсан Н.Болормаа тэргүүтнээр нь намнуулан, аргагүй байдалд оруулан давхар дээлийг нь дан болгосон. Харин дараа нь намын дарга Ерөнхий сайд байна гэсэн шалтгаанаар үлдсэн дээлийг нь  тайлуулж өөртөө авсан билээ. Үүнтэй нэгэн адилаар З.Энхболд намын даргаа авбал Ерөнхий сайдаа нэмж авахаар гараа сунгах л болно. Энэ нь ч гарцаагүй. Хууль журамдаа ч тийм байгаа. Харин С.Баяр шиг намынхныхаа “санааг хураах” чадал байх уу. Маргааш нөгөөдөр болох Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаар л энэ тодорхой болно.    

 Гэхдээ үйл явдал арай өөрөөр ч өрнөж мэдэх юм. Эхлээд Ерөнхий сайдыг нь авна. Тэгвэл намдаа хүчтэй үлдэх Алтанхуягийн тоглолтоос айгаад спикерийн алх атгуулж магадгүй. Энэ тохиодолд бидний таамагласанчлан хоёрдугаар хүн гуравдугаар хүний байр солигдоно. Учир нь “УИХ-ын сонгуульд олуулаа болж чадсан, 21 аймгийн 16 аймагт нь Ардчилсан нам засаглаж байгаа нь Н.Алтанхуяг гэдэг хүний гавъяа, хичээл зүтгэл” гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дуугарч байна. Энэ нь өөртэй нь сайн тохиролцохгүйгээр ямарч асуудал явахгүйг л харуулаад байна.

 Бүр өөр хувилбар байна. Магадгүй Н.Алтанхуяг буланд шахагдаад намын даргаа өгөх тохиролцоонд хүрч болох ч ҮЗХ-ны хуралдаанаар асуудлыг өөртөө нааштайгаар эргүүлж мэднэ. Ардчилсан намын ҮЗХ-нд түүний толгойлдог “Алтангадас”-ынхан олонхи гэдэг. Дээр нь өөрөөс нь албан тушаал авсан фракциудын цөөнгүй гишүүд бий. Хэрэв засаг өөрчлөгдвөл тэдний суудал ч савлах нигууртайг хэн хүнгүй мэдэж ҮЗХ-гоор Н.Алтанхуяг ялсан тохиолдолд асуудал эргээд яг эхэлсэн цэгтээ ирнэ. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдаа огцруулах процесс эхнээсээ эхэлнэ. Дахин бүлэг нь ярина, Энэ тохиолдолд харин хамтын шийдвэрийн талаар ярих боломж үлдээгүй л байх бол уу.

Л.ХАЛИУ
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж