Гадаадад байгаа иргэд хэрхэн бүртгүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Гадаадад байгаа иргэд хэрхэн бүртгүүлэх вэ?

Монгол Улс иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, одоогийн байдлаар 96 хувьд хүргээд байна. Харин гадаадад байгаа Монгол иргэдийг бүртгэх ажлыг  БНСУ-аас эхэлсэн юм. Тэгвэл хилийн чанадад байгаа иргэдийг бүртгэх дараагийн үед шат ирэх сараас эхлэхээр болжээ. Бүртгэлийн эргэн тойрон дахь асуудлаар ИБМУТ-ын Бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс зарим асуултад хариулт авлаа.

-Хилийн чанадад амьдарч байгаа иргэдийг тоолох ажил удахгүй  эхэлнэ. Энэ ажлыг ямар зохион  байгуулалттайгаар хийх вэ?

-Гадаад улс оронд  ажиллаж, амьдарч  байгаа Монгол Улсын харьяат иргэдийг бүртгэж, шинэчилсэн бүртгэлд хамруулах ажил ирэх сарын 1-нээс нэлээд өргөн цар хүрээтэй үргэлжилнэ. Өнгөрөгч гуравдугаар сарын 23-наас бид БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүртгэлд хамруулж, одоогоор 5000 гаруй хүнийг бүртгээд байна. Мөн Тува улсад байгаа 72 иргэн бүртгэлд хамрагдлаа. Бусад улсад суугаа иргэдээ тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газраар  дамжуулан  бүртгэх юм.

-Дипломат төлөөлөгчийн газаргүй оронд бүртгэлийг ямар журмаар явуулах вэ?

-Одоогийн байдлаар дэлхийн 40 гаруй оронд Монголын дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. Тэд нараас монгол иргэдийн судалгаа авсан байгаа. Дипломат төлөөлөгчийн газар байдаггүй орнуудын хувьд бусад хил  залгаа орны дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдээ бүртгэлд хамруулна. 

-Гадаадад суугаа монголчууд бүртгэлийн талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

-БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдээс судалгаа авахад ихэвчлэн монголд байгаа ар гэрийнхнээрээ дамжуулан бүртгэлийн талаарх мэдээллийг авсан байсан. Танай мэдээллийн сайтаас ч иргэд маань энэ талын мэдээллийг авч болно. Харин тухайн амьдарч байгаа газарт нь шинэчилсэн бүртгэл эхлэх тухай мэдээллийг Консулын газраар дамжуулан авч болно. Бид консулын газраар дамжуулан бүртгэхээс гадна монголчууд олноор амьдардаг муж, хотод очиж бүртгэл хийхээр төлөвлөж байгаа. Ингэхдээ тов, хугацаагаа урьдчилан зарлах учиртай. Жишээ нь, Чехэд 5000 орчим монгол иргэн амьдардаг. Тэдэнд гэхэд гар утасны оператороор дамжуулан бүртгэлийн талаарх мэдээллийг түгээж байна.

-Гадаад улс оронд хууль бусаар амьдарч байгаа иргэд тухайн улсын хууль, хяналтынханд баригдах вий гэх болгоомжлолоос болоод  бүртгэлд хамрагдахаас зайлсхийж болох юм?

-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахын ач холбогдлыг  бодох хэрэгтэй. Бид иргэнээ бүртгэхдээ хууль ёсоор ажиллаж байгаа, визний хугацаа нь дууссан гэхчлэн ялгахгүй. Бүх иргэнээ хамруулахыг бодож байгаа. Тиймээс тухайн иргэдийнхээ хувийн мэдээллийг нууцлах болно. Хэрэв хүсвэл тухайн улсад амьдарч байгаа хаягаараа биш Монгол дахь хаягаараа бүртгүүлэх боломжтой. Тодруулбал, тухайн иргэн  гэрийн хаяг, ажил, регистрийн дугаарын мэдээллээ ямар байдлаар өгөхөө өөрөө шийдэх учир айх зүйлгүй. Хамгийн гол нь бүртгэлд хамрагдсанаар Хүний хөгжил сангаас олгох хувь хишгийн мөнгө авах, “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа эзэмших, нэрийн данс нээлгэх эрх үүсэх, иргэний цахим үнэмлэх авах зэрэгт ач холбогдолтой учир шинэчилсэн  бүртгэлдээ заавал хамрагдах хэрэгтэй гэж гадаад дахь иргэддээ зөвлөмөөр байна. Тийм ч учраас Монгол Улсын иргэн бүр гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний аль нэг нь  байхад бүртгүүлэх боломжийг бид олгож байгаа. 

-Ер нь Иргэний шинэчилсэн бүртгэл цаашид хэдий хугацаанд үргэлжлэх бол?

-Монгол Улсад амьдарч байгаа 16-гаас дээш насны нэг сая 900 мянга иргэн бий. Одоогоор иргэний бүртгэлийн ажлыг таван сар орчим хугацаанд үргэлжлүүлж, бүртгэл 96 хувьд хүрээд байна. Гадаад улс орнуудад амьдардаг Монголын 100 мянга гаруй иргэн байгаа гэсэн судалгаа  бий. Эдгээр иргэдийг хоёр сарын хугацаанд шинэчилсэн бүртгэлд хамруулах боломжтой гэж бид тооцоолсон. Тэгэхээр хоёр сарын дараа иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил дуусна гэж бодож байна.  

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж