Эрүүлжүүлэх байраа эрүүлжүүлье

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэх байраа эрүүлжүүлье

Нийслэлийн зарим дүүргийн цагдаагийн хэлтсийн дэргэдэх эрүүлжүүлэх байр,
цаг хэтрүүлэн ажилладаг баар цэнгээний газруудад өнгөрсөн баасан гаригт
гэнэтийн шалгалт хийв. Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх байр засвартай
байсан тул Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэхийг зорилоо. Биднийг очиход
эрүүлжүүлэх байранд 18 хүнтэй, агааржуулалт муу, согтуу хүмүүс орилж
хашгичсан, архины эхүүн үнэр үнэртсэн орчин угтав. Энэ өдөр эрүүлжүүлэх
байранд ирсэн 18 хүнээс 12 нь  ахуйн архидалтаас болж энд ирсэн гэнэ. Эх
орны хишиг буюу 21 мянган төгрөг өгч эхэлсэнээс хойш ахуйн архидалт
нэмэгдэж эрүүлжүүлэхийн ачаалал ч ихэссэн гэдгийг цагдаагийнхан онцолж
байсан.

22.00 цагийн үед Төмөр замд байрлах эмэгтэйчүүдийн хорих ангид очиход
нэг ч хүн байсангүй. “Одоо ирэх арай болоогүй, нэг цагийн дараагаас ирж
эхэлнэ” гэнэ. Газар доор байрлах энэ байр 10 гаруй өрөөтэй, өрөө бүрт
хоёр ортой. Энд эмэгтэйчүүд, насанд хүрээгүй охид ирдэг гэнэ. Нэг өрөө
нь хоёр хүний ортой, цагаан хэрэглэлтэй, эмч, үйлчлэгчтэй эрүүлжүүлэх.
Эмэгтэй хүнд үйлчилдэг болохоор арай л цэвэр харагдаж байсан.
Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхэд хоногт 10-аас дээш хүн ирдэг аж.

Нийслэлийн цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан
ахлах байцаагч, дэд хурандаа М.Насанжаргал “Эрүүлжүүлэх байрны нөхцөл
муу, анх баригдсанаас хойш засвар хийж л өдийг хүрсэн. Эрүүл ахуй, бусад
нөхцлийн хувьд ямар нэг шийдвэр гаргах цаг нь болсон. Зөвхөн Баянгол
дүүрэг өнгөрсөн жил 20 сая төгрөг улсад тушаасан. Гэтэл энэ мөнгөнөөс
таван хувийг л буцааж өгдөг. Эрүүлжүүлэх байрнаас улсад орж буй
мөнгөнөөс 20 хувийг авах төсөл хэлэлцэгдэж байгаа. Эрүүлжүүлэх байр
хүнийг тав тухтай орчинд эрүүлжүүлээд гаргадаг байх ёстой” гэв.

23.00 цаг болгоод Баянгол дүүргийн эрүүлжүүлэх дээр очлоо. Нэлээд
хүнтэй, дуу шуугиантай байна. Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байр
засвартай тул энд хоёр дүүргийн хүмүүсийг авч байгаа аж. 23.00 цагийн
үед 18 хүн ирсэнээс 12 нь ахуй хүрээний архидалт гэнэ. Эрүүлжүүлэх байр
гэхээс илүү хоноглодог орц, хонгил шиг жихүүн, эхүүн үнэр нь цаанаа л
нэг хүйтэн.  Өнгөрсөн хоёрдугаар сараас согтуу хүмүүсийг хувцастай нь
эрүүлжүүлэхээр болсон тул ирсэн хүмүүс хувцастайгаа шалан дээр хэвтэнэ.
Өмнө нь архи үнэртүүлсэн л бол хорьдог байсан бол одоо ахуйн хүрээнд
согтуугаар танхайрсан, биеэ авч явах чавдаргүй, гэмт хэрэг үйлдсэн
хүмүүсийг эрүүлжүүлэхэд хонуулдаг болжээ. Хоногт 30 орчим хүн ирдэг аж.
Согтуурлын зэрэг тогтоох багажгүйгээс цагдаа нар баримжаагаар ажилладаг
гэх.

Эрүүлжүүлэх байранд нэг хоноход 6000 төгрөг төлдөг. Үүний 20 хувийг
эрүүлжүүлэх байрыг тохижуулах болон цагдаагийн ажилтан, эмч нарын ахуй
хангамжид зориулахаар хуулийн төсөл нь хэлэлцэж байгаа. Ерөнхийлөгчийн
нийгмийн бодлогын зөвлөх Ч.Сосормаа “Үнэхээр эрүүлжүүлэх байрны нөхцөл
хүнд байна. Эрүүлжүүлэх байр нь согтуу хүнийг эрүүлжүүлээд гаргах ёстой.
Гэтэл энд өглөө нь босоход буцалсан ус өгөөд л гаргадаг юм байна.
Согтуу байтугай эрүүл хүн байхад хүндрэлтэй газар. Улсад тушааж байгаа
мөнгөнөөс 20 хувийг авах, ямар нэг байдлаар эрүүлжүүлэх байрыг шинэчлэх
цаг нь болсон. Хуулийн төслийг дэмжиж, нөхцөл байдал ямар байгааг
Ерөнхийлөгчид уламжилна” гэсэн. Гадаад орнуудад Наркологийн эмнэлэг,
эрүүлжүүлэх хоёр нь холбоотой ажилладаг. Гэтэл Наркологийн эмнэлэг нь
согтуу хүн хүлээж авахгүй байхад эрүүлжүүлэх нь өөрсдийн боломжоороо
хонуулаад, архийг нь гаргаад явуулахаас ч аргагүй юм. Шалгалтаар явсан
албаныхан дараагийн ажилдаа орж, цаг хэтрүүлэн ажилладаг баар цэнгээний
газрууд руу явлаа. Баянгол дүүрэг, “Модны 2”-ын замд байрлах “Орд”
нэртэй баарнаас ажлаа эхлэв. Цаг 00.00 цаг өнгөрсөн ч баар ажиллаж байв.
Тус баар цаг хэтрүүлэн ажиллахаас гадна насанд хүрээгүй хүмүүст
үйлчилдэг гэх. Ороход тамхины утаанд битүү манан татаж, ямар ч агааргүй
бүгчим өрөөнд 30 гаруй ширээтэй ч сул суудал байсангүй. Насанд хүрээгүй
гэмээр жаахан хүүхдүүд пиво ууж сууна. Бидний бараанаар бармен нь мөнгөө
аваад ор сураггүй зугатсан. Хаах гэж байна гэдгийг үйлчүүлэгчид хэлэхэд
“яагаад хааж байгаа юм, танайх шөнөжин ажилладаг гэсэн биз дээ. Бид
авсан юм аа уугаад гарна” гэцгээн  ихэд дурамжхан байсан юм.

Тус баар эрүүл ахуй шаардлага хангаагүй, архи, пивоны хундагануудаа
угаадаг газар нь хогтойгоо хамт новширсон харагдана. Мөн энэ байгууллага
нь тусгай зөвшөөрөл байхгүй, Мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас үйл
ажиллагааг нь удаа дараа хаасан боловч байнга ажилладаг гэнэ.  Үйлчлүүлж
байсан хүмүүсээс нэг хүүхдийг дуудаж иргэний үнэмлэхийг шалгах гэсэн ч
“Байхгүй, гэрт байгаа. Би 22 настай” гэж хэлээд гарав. Хүүхдүүдийн
яриагаар энэ баар шөнөжин ажиллаж, тайчих үзүүлбэр ч үзүүлдэг гэх.
Хариуцсан хүн нь байхгүй байсан тул хаалгаа барьж, хариуцсан менежер,
дарга нь цагдаагийн хэлтэст очиж уулзахыг анхааруулаад тэндээс гарлаа.

Дараа нь “Mass”, “Dorgio”, “Ямайка”, “River sound” зэрэг шөнийн
клубуудээр орсон юм. Тэдгээр баарууд мөн л цаг хэтрүүлэн ажилладаг,
насанд хүрээгүй хүүхдүүдэд согтууруулах  ундаагаар үйлчилдэг, дээр нь
насанд хүрээгүй хүүхэд ажиллуулдаг аж. Шалгалтынхан орохоор барменууд нь
бүгд өдрийнхөө орлогыг аваад зугатсан. “Dorgio”,  “River sound”-д
торгууль ноогдуулж, архи согтууруулах ундааг лацдаж үйл ажиллагааг нь
түр хугацаагаар хаасан ч, Нийслэлийн цагдаагийн газрын Архидан
согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, дэд хурандаа
М.Насанжаргал “Үйл ажиллагааг нь хаагаад нэмэргүй. Эргээд л ажиллаад
эхэлдэг юм. Нийслэлийн Засаг даргад 28 баарны үйл ажиллагааг зогсоох
шийдвэр гаргаад өгөхөд эргэж ирэхдээ таван баарны нэр ор тас алга
болчихдог юм” гэв.

Нийслэлд 3678 аж ахуй нэгж согтууруулах ундаагаар үйлчилдэг бөгөөд
зөвхөн нэг хороонд 45 баар, пааб ажиллаж байна. Дээрхи 28 аж ахуй нэгж
цаг хэтрүүлдэг, насанд хүрээгүй хүүхдүүдэд согтууруулах ундаагаар
үйлчилдэг гээд олон шаардлага биелүүлдэггүй ч хэн нэгэн энэ үйл
ажиллагааны зөвшөөрлийг нь өгөөд байдаг нь сонин. Хотын дарга хаах
шийдвэр гаргаад ч нэмэргүй, хоёр хоногийн дараа эргээд үйл ажиллагаагаа
явуулна. Энэ бүхний ард хэн байгаа болоод Хотын даргын шийдвэр хүртэл
нөлөөлөхгүй байгаа нь гайхширмаар.

Ш.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж