Шадивлангаас Дарь-эх хүртлэх нийт 12,7 км замын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн, “HBO” ХХК ирэх наймдугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Энэ замд хоёр гүүр барихаас нэг гүүрийн ажил эхэлсэн байна. Хуучин гүүрийг шинэчлэн хийж байгаа тул графикт хугацаанаасаа өмнө явж байгаа гэж Нийслэлийн авто замын газрын мэргэжилтэн хэлж байсан. Найман метр модон гүүрийг шинэчлэн 10 метр бетонон гүүр барьж байгаа аж. Мөн замын траст 72 айл, 200 гаруй шонг чөлөөлжээ. Одоогоор хоёр айл газраа чөлөөлөөгүй байгаа аж. Газар чөлөөлөх ажлыг яаравчлуулах үүргийг Авто замын газрын дарга Д.Одод өгсний дараа Шархадны замтай танилцав.
Хотын дарга ирэх сургаар иргэд тойрон хүрээлжээ. Иргэн Р.Балсан “Шархадны замыг Эрдэнэтолгойгоос Шархадны эцэс хүртэл хааж, иргэд дөрвөн буудал алхаж байгаа ч сэтгэл хангалуун байна. Энэ зам машин явахад хүндрэлтэй, зам гэхэд хэцүү болсон байсан. Замыг шинэчлэх нь бидэнд л хэрэгтэй. Хэд хоног алхаад л сайхан замтай болох хойно” гэж байв. Уг замыг “Цайз” захаас Шархадны эцсийн буудал хүртэл засварлана. Замын ажил хийхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд хэсэгчлэн хааж байгаа юм байна. Энэ замыг “Ялгуусан” ХХК шинэ технологиор хийж гүйцэтгэж байгаа. Хуучин замын хучилтыг хуулж аваад дахин цементэн хучилт хийж, дээрээс нь өнгөлдөг. Нийслэлд ганцхан тус компани л энэ технологиор зам тавьж байгаа. Хэрэв энэ зам чанартай байж чавдал цаашид бусад компанид энэ технологийг санал болгоно гэдгээ Хотын дарга хэлсэн. Энэ зам долдугаар сарын 10-нд ашиглалтад орох гэнэ.
Герман элчингийн өмнө замын дулааны шугамыг 1978 оноос хойш шинэчлээгүй байгаад өнөө шинэчилж байгаа аж. Шугам шинэчлэх ажлыг “Бум бод” ХХК хийж гүйцэтгэж, ирэх зургадугаар сард дуусгах графиктай. Дараа нь гэр хорооллын дунд баригдаж байгаа Толгойтын төмөр замын фрезертэй уулзвараас Баянхошууны зам хүртлэх шинээр тавигдаж буй замын ажил, гүйцэтгэлийг шалгалаа. Хоёр тэрбум 350 сая төгрөгөөр бүтэж буй энэ зам бусад замыг бодвол шугам, цахилгаан сүлжээ байхгүй тул саад бэрхшээлгүй хурдан гүйцэтгэж байгаа гэв. Цаашид ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг “Өрнө говь” ХХК-ийн хамт олонд үүрэгдсэн. Засаг дарга Г.Мөнхбаяр “Зарим нэг газар цаг агаарын нөхцлөөс болж хойшилсныг эс тооцвол замын ажил сайн байна. Энэ хэвээр үргэлжлээд байвал наадмаас өмнө засвар, шинэчлэлийн ажлын үр дүнг нийслэлчүүд харж болохоор байна” гэв.