“Би үхэхээр, чи үх гэж байгаа юм уу”

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

“Би үхэхээр, чи үх гэж байгаа юм уу”

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор Боловсролын тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай зэрэг хуулиудад орж буй өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна.

Төсвийн хуулийн өөрчлөлтийн талаар гишүүн С.Бямбацогт “Төсөвт мөнгө нь байхгүй болонгуут багавтар мөнгийг орон нутагт нь өгчихөөд, та нарт мөнгийг нь өгчихсөн шүү, юугаа барихаа өөрсдөө мэдээрэй гээд орхиж байна. Гүйцээх ёстой обьектуудыг гүйцээх ёстой мөнгөнийхөө 20 орчим хувийг л өгчихөөд асуудлаас бултах гэж байна”  гэсэн бол гишүүн Б.Бат-Эрдэнэ “Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэхтэй холбоотой төслийг Төсвийн байнгын хороон дээр унагасан нь зүйтэй. Ерөнхий сайдын оруулж ирсэн бодлого нь болохгүй байна. Төсвийн орлого байнга нэг их наяд төгрөгөөр тасарч байна. 2012 оноос хойш шинэ зүйл барьсангүй. Бидний барьсан ажлыг 2012 оноос хойш очиж тууз хайчилснаас өөр юу хийв. Долоолгосон цөөхөн хэдэн төгрөг өгчихөөд орон нутагт эрхийг шилжүүлж байна гэж яриад явж болохгүй” гэв.

Сангийн яамны мэргэжилтнүүдийн өгч буй тайлбараар нүүрсний орлого буурсантай холбоотойгоор татварын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Өнөөдрийн байдлаар 74 хувьтай явж байгаа. Татварын орлогыг 2013 оны гүйцэтгэлээс илүү гаргахаар ажиллаж байгаа гэнэ.

Дараагаар нь гишүүн Ч.Хүрэлбаатар “Та нарын өр асуудал болно. 2015 онд улсын төсвийн орлого тун муудна. Ийм үед төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж нийтийн биеийн тамир, боловсрол, эмнэлгийн зардлыг шилжүүлнэ гэж байгаа нь буруу. Боловсролын хуульд нэмэлт оруулах замаар энэ салбарт хувийн хэвшлийнхний оруулах хөрөнгө оруулалтыг хаах гэж байна. Тэдэнд мөнгө өгөхгүй гэж байгаа санаа л явж байна. Мөнгөгүй учраас л аймгуудад эрх шилжүүлнэ гэж байгаа биз дээ, мөнгө байсан бол эрх мэдэл шилжүүлэхгүй байсан л биз дээ. УИХ-аас обьект болгоныг санхүүжилтийн эх үүсвэртэй нь батлах ёстой гэсэн хуулийг зөрчиж болохгүй” гэснийг сайд Н.Алтанхуяг үгүйсгэж “Худлаа тоо яриад байх юм. Өрийн төлбөр гээд байгаа зүйл чинь гэнэт бий болчихсон зүйл биш. Өмнө нь 1,6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг иргэддээ тараасан. Түүнээс болж их хэмжээний өр үүссэн. Одоо бол бидний зээлж авсан мөнгө хөрөнгө оруулалт болж байгаа, үр ашиг нь үр хойч минь эдлэнэ. Оюутолгойгоос л гэхэд иргэдэд мөнгө тараах гэж 250 саяын зээл авсан байсан, хэд хоногийн өмнө 100 сая доллар буцааж өглөө” гэсэн юм.

Ар араасаа шүүмж, асуулт үргэлжилсээр, Ц.Дашдорж гишүүн “Дуусаагүй 19 обьектод зориулж 7,8 тэрбум төгрөгөөр санхүүжилт өгнө гэж байна. Гэтэл энэ нь хаанаа ч хүрэхгүй мөнгө. Материалын үнэ өссөн байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлынхаа төлөө дарамтанд орж байна. Орон нутагт ингэж шилжүүлснээр дарамт л очино. Ийм хүнд үед орон нутагт эрх шилжүүлэх нь зарчмын хувьд буруу” гэв. 

Бүгд эсэргүүцсэнгүй. З.Баянсэлэнгэ гишүүн “Орон нутагт эрхийг шилжүүлэх нь буруу юм уу, шилжүүлэх мөнгө нь бага учраас буруу юм уу. Зарчим зөв шүү дээ.  Орон нутагт эрх шилжүүлнэ гэхэд мөнгө бага байна гэж шүүмжилж байна. Гэтэл нийслэл өөрсдөө хэмнэлтээ оруулж ирэх хэрэгтэй. Иргэдийн төлөөлөл дээр улирал дээр 20 сая төгрөг аваад сууж байдаг дарга хэрэгтэй юм уу. Зургаан орлогч байх шаардлага бий юу”  гэсэн бөгөөд  Боловсролын сайд Л.Гантөмөр төлбөр өндөр хувийн сургуулиудад ялгаатай хувьсах зардал өгнө гэснийг тайлбарлаж “хуулийн өөрчлөлтөөр хувийн хэвшлийн сургуулийн 80 хувь нь өмнө авч байсан мөнгөө хэвээр авна. 10 хувь нь 80 хувийг нь авна. 5 сая төгрөгнөөс дээш, 10 сая төгрөгийн төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг өөрөөр тооцсон нь буруу зүйл биш” гэв.  

Үргэлжлүүлэн Д.Ганбат гишүүн “Эдийн засаг хүнд байна. Ийм үед дэд сайдуудаа татья. Төр ч бүсээ чангалах ёстой. Орон тоог энд багасгаад, орон нутагт нэмэх хэрэгтэй. Наадмын талбай, театраас илүү эмнэлэг сургуулиа эхэнд шийдэх ёстойг хуульчлах ёстой” гэж байв. Гишүүн С.Дэмбэрэл ч мөн хэмнэлтийн талаар ярьж “хүний хөгжил сангаас бүх хүүхдэд мөнгөө өгөх юм байна. Гэхдээ зорилтот бүлэг рүүгээ чиглүүлээд 50 хувьд нь өгөх боломж байдаггүй юм уу” гэх санал хэллээ.

Чуулган үргэлжилж байна.

Б.МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж