“Гирё-шинса башё” нэрээр зохиогдсон тус барилдаан Токио хотын Кокугикан ордонд ердийн башётай адил 15 хоног үргэлжилсэн бөгөөд макүүчи буюу дээд зиндаанд Монголын найман сумоч зодоглолоо. Харин жюүрё зиндаанд Монголын төлөөлөл байсангүй ээ.
Мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргалын тухайд 13 дахь өдрийн барилдаанд озэки Харумафүжи Б.Бямбадоржид, мөн сүүлийн өдрийн барилдаанд озэки Кайод өвдөг шороодсоноор 13 даваа, хоёр унаатай сорилго барилдааныг өндөрлүүллээ. Монголын бусад сумочдын хувьд озэки Харумафүжи 10 даваа, таван унаатай, комүсүби Какурюү М.Ананд 12 даваа, гурван унаатай, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар нар тус бүр найман даваа, долоон унаатай башёг дуусгасан бол Шотэнро Д.Нямсүрэн 4-11, Тамаваши Б.Мөнх-Оргил 7-8, Асасэкирюү Б.Дашням 7-8 гэсэн амжилт гаргалаа.