Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэнгэлдэх байгууламжийн зургаан ажилчин хордож эмнэлэгт хүргэгдсэнээс хоёрынх нь бие муу байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарчээ. Бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад:
-Аравдугаар сарын 27-ны өдөр Цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан хоёр ажилчин хорт хийнд хордсон хэрэг гарсан. Тэд одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тухайн өдөр зургаан хүн хордсон, ажилчид зориулалтын хувцасгүй байсан гэх мэтээр хэвлэлээр бичиж байгаа нь ор үндэсгүй. Лаг цэвэрлэх ажлыг тусгай зориулалтын хувцасгүйгээр хийх ямар ч боломжгүй. Шууд л угаартах хэмжээний аюултай орчин байдаг. Тиймээс тухайн өдөр зориулалтын хувцастай, хөдөлмөр хамгааллын заавар зөвлөгөөг өгөөд ажиллуулсан хэмээн хариулж байна.
Цэвэрлэх байгууламжийн лагаас их хэмжээний хорт хий ялгардаг бөгөөд ойрын таван жилд энэ мэт хэрэг гараагүй байжээ.
Д.ЦЭЭНЭ