Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг өөрийн удирдаж байсан яамны ажилчиддаа хагас сая төгрөг “бэлэглэсэн” гэх мэдээлэл гарав. Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад “Тийм зүйл огт байхгүй” гэлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эргэн тойрных нь журмын нөхдөөс эхлээд удирдлагад нь ажилладаг хүмүүс “нарийн тооцоотой, гар чангатай” нэгэн гэж тодорхойлдог юм билээ. Эдийн засгийн хөгжлийн яамны 120 гаруй ажилтнууд сайдаасаа урамшуулал авах нь бүү хэл аравдугаар сарын 15-наас хойш цалин авахгүй гэдэг мэдэгдэл хүлээн аваад байгаа гэнэ. Учир нь Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор хэд хэдэн яамдыг нэгтгэсэн ч шинэ сайдуудыг томилоогүй байгаа учир цалин хөлс тавихад хүндрэл үүсчээ. Тиймээс дээрээ суудлаа олтол хэдэн яамдын ажилтнууд тодорхойгүй хугацаараа цалингүй ажиллах болсон байна. Ар гэрийнхээ амьдралыг тэжээж яваа дунд шатны ажилчид энэ шийдвэрт ихэд бухимдаж байгаа ч “Төрийн албан хаагч байж энэ зэргийн эрсдэл хүлээх нь энгийн үзэгдэл” гэх лүндэн буулгасан юм байх. Гэхдээ бүтцийн өөрчлөлтөд орсон яамдын хэдэн зуун ажилчдын асуудлаар Ажлын хэсэг гарч, цалин хөлсийг хэрхэх асуудлыг судлахаар болсон гэнэ.
М.ШАРХҮҮ