Удам, судраа мэдэж, ургийн бичгээ хөтөлдөг уламжлал нь монгол түмний бусдаас ялгарах нэгэн онцлог билээ. Төрийн их баяр наадамдаа зодоглож буй бөхчүүдийн удам судрыг сөхөж үзэхэд ямар нэг хэмжээгээр бөхийн угсаа, гарал байх нь лавтай. Харин энэ дундаас улсын наадамд шөвгөрсөн, шөвгөрөөгүйг нь тоолвол цөөхөн. Мэдээж хоёр Мөнх аваргаас эхлээд Монголын түүхэнд домог болон үлдсэн удамт бөхчүүдийг бөх сонирхогчид андахгүй. Энэ удамт сайхан хүчтэний үргэлжлэл Говь-Алтай аймгийн Жаргалан суманд ч гэсэн буухиалан байна. Жаргалан сум хэзээнээсээ алдарт хурдан хүлэг, хүчит бөхөөрөө цуутай нутаг. Ардын засгийн үеийн их хүчтнүүдийн нэг дархан аварга Шаравын Батсуурь энэ сумынх. Тэрээр дээлийн сугаа тасартал үеийн хөвгүүд, адуу малтай ноцолдож байгаад ардын цэрэгт мордож, Ховдын хязгаарын цэрэг байхдаа улсад түрүүлэн улмаар дархан аварга болсон харьшгүй хүчит бөх. Дархан аваргын бяр хүч, ааг омог, сүлд хийморь Жаргалангийн цэнхэр нутагт үеэс үе дамжин хадгалагдсаар байна. Түүнийг залгамжлан гарч ирсэн бөхчүүдийн нэг нь Улсын начин Д.Шоовдойхүү болон түүний хөвгүүд юм. Энэ удаагийнхаа дугаарт аав хүү гурван хүчтэний талаар сонирхуулъя.
УЛСЫН НАЧИН Д.ШООВДОЙХҮҮ
Доржпаламын Шоовдойхүү нь эцэг, эхийн аль ч талаас нь хөөгөөд үзэхэд удамт бөхийн үргэлжлэл нь өөрөө байдаг. Түүний өвөө Доржинзэмбэ нь нутаг усныхаа овоо тахилгын наадмын түрүү үзүүрт тунаж үлддэг харьшгүй хүчтэй нэгэн байж. Байгалиасаа төрмөл бяртай. Гэвч энэ бяр мэхээ малын бэлчээрт “зэврээж” өнгөрөөсөн, аймаг хошуу аймаг дамжин барилдаггүй нэгэн байсан талаар нутгийнх хөгшчүүд хуучлах юм билээ. Харин Д.Шоовдойхүүгийн ээжийн талаас н.Батжаргал гэдэг аймгийн заан хүн байсан бөгөөд түүний хөвгүүд ч Монгол бөхийн хойморт хүч үзэн яваа гэнэ. Д.Шоовдойхүү нь 1986 оны улсын баяр наадамд гурвын даваанаас улсын заан У.Пүрэв, улсын арслан Ж.Чойжилсүрэн, дархан аварга Д.Дамдин нарыг хаяж Улсын начин цол хүртжээ. 1984 онд 31 насандаа аймагтаа түрүүлэн арслан болсон тэрээр 1986 онд начин болсон нь энэ. Үүний дараа 1988 онд дахин аймагтаа түрүүлж, 1992, 1993 онд шөвгийн дөрөвт үлдсэн юм байна. Харин улсын баяр наадамд байнга зодоглож, идэвхтэй барилдаж яваагүй гэдгийг энд онцлох ёстой. Төрсөн нутагтаа суугуул түүний улсын баяр наадамд хаа нэг ирж барилдсан цөөхөн жилийн нэг нь улсын начин хүртсэн тэртээх 1986 он юм. Шоовдой начных одоо ч гэсэн Жаргалан сумандаа аж төрөн амьдарч байгаа. Шоовдой гуай нутаг усандаа нэр хүндтэйгээс олон сайхан анд нөхөртэй хүн. Улсын заан Ц.Баярсайханыг Монгол бөхийн жудаг ёсыг өөрөө үлгэрлэн үзүүлдэг эрхэм дүү гэж өргөмжлөх бол хар багын найз сумын заан Н.Бүргэд, аймгийн начин С.Сүхбаатар нарыг түшиг тулгууртай эр хүн шиг эрчүүд байсан гэж хуучилж байсан. Тусгай хамгаалалтын газарт байгаль хамгаалагч, банкны тооцооны төвийн эрхлэгчээр 30 гаруй жил ажилласан энэ буурайнх гурван хүү, хоёр охинтой. Мэдээж гурван хүү нь аавынхаа шийрийг хатаасан бяртай хөвгүүд гэдгийг бөх сонирхогчид андахгүй мэднэ дээ. Ш.Тогтохбаяр, Ш.Томбаяр, Ш.Шинэбаяр гээд баяраар үргэлжилсэн энэ хөвгүүд бөхийн хойморт одоо ч гялалзаж явна.
УЛСЫН НАЧИН Ш.ТОГТОХБАЯР
Ш.Тогтохбаяр хүүгийнхээ барилдааны арга барилыг Шоовдой начин өөртэй нь тун адилхан гэж онцолж байсан. Элэг бүс, сэнжигний барьцнаас л хаяна. Хамгийн гол нь шийдэмгий барилдчихдаг тэр зан чанар өөртэй нь адилхан гэсэн. Аавынх нь найз нөхөд, хүрээлэл нь дандаа барилдаанч байсан учраас Ш.Тогтохбаярын хувьд Монгол бөх өөрт нь дэндүү ойрхон байж. Аавыгаа начин болдог жил зургаахан настай байсан түүний хувьд багадаа тусгайлан бэлтгэл сургуулилт хийж яваагүй гэнэлээ. Үеийнхээ залуустай ноцолдох, аавтайгаа барилдах нь ирээдүйд улсын цолонд хүргэх алхам болсон ч байж мэднэ. Тэрээр 2008 онд улсын баяр наадмаас улсын начин цол хүртсэн. Жил бүрийн улсын баяраар цолоо ахиулах бөхчүүдийн таамагт бичигдэж яваа тэр хувь хүнийхээ хувьд тун даруухан нэгэн. Бөхчүүдийн хээгүй, гүндүүгүй зан чанар түүнээс нэвт үнэртдэг гэхэд болно. Аавынхаа монгол бөхийн өв, ёс заншлаа гээлгүй, эцэг эхээс өвлүүлж өгсөн эр хүний олон сайхан чанарыг хадгалж, тэр чанараараа ард түмнийхээ дунд домогшиж, хайр хүндэтгэлийг хүлээж яваарай гэх захиасыг биелүүлэхийг хичээж яваа залуу гэж ойр тойрны найзууд нь онцлох юм билээ.
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Ш.ШИНЭБАЯР
Аймгийн хурц арслан Шинээгийн хор шартай тэр чанар нь тодоос тод харагддаг. Миний мэдэхэд сурагч байхдаа үеийнхээ хөвгүүдтэй барилдаж уначихаад шарлахсандаа уйлж байсан энэ хүү улсын баяр наадамд ч гэсэн уначихаад уйлж л байсан. Залуу насны ааг омог, бяр чадалдаа бярдаж яваа Ш.Шинэбаяр нь начны отгон хүү. Ш.Тогтохбаяр ахыгаа бодвол багаасаа л бэлтгэл сургуулилт хийж, Монгол бөхийн эрдэмд нэвт суралцаж яваа отгон хүүдээ аав нь ихээхэн итгэл хүлээлгэдэг юм билээ. Барилдааны арга барилын тухайд ааваасаа шал өөр. Ахаасаа ч өөр гэсэн. Дархан аварга А.Сүхбатад шавь орж, “Олимп” сургуулийг дүүргэсэн энэ залуу 2011 онд Говь-Алтай аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, дараа жил нь дахин түрүүлж аймгийн хурц арслан болсон байдаг. Аав, ах, багш гээд ойр тойронд байх бүхэн бөх учраас түүний гаргах амжилт ч тодорхой биз ээ.
Ийнхүү Монгол бөхийн төлөө өөрсдийгөө зориулан яваа Д.Шоовдойхүү начны хөвгүүдийн талаар бичвэл нэлээд цаг зав орох шинжтэй. Учир нь Шоовдой начны дунд хүү сумын харцага Ш.Томбаяр, дүүгийнх нь хүү сумын заан Б.Баяртогтох, хүргэн болох аймгийн начин Д.Сансрайдорж, Р.Эрдэнэбаяр нар ч гэсэн Монгол бөхийн хойморт дэвж яваа идэр залуус юм байна.
Д.БОЛОР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин