-Хамгийн түрүүнд бүсээ чангалах ёстой. Болж өгвөл төр өөрийнхөө зардлыг танаж, татварын хөнгөлт үзүүлмээр байна. Гэтэл манай Засгийн газар болж л өгвөл татвараа нэмэх бодлого л барьдаг. Үүний цаана хүний эхлүүлчихсэн бизнес бий-
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хууль батлагдвал бага орлоготой жижиг компаниуд нэг хувийн татвар төлдөг болох нь. Хэрэгцээ шаардлага нь юу вэ?
-Өнөөдрийн байдлаар манай улсад 72 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас нэг хувийн татварын хөнгөлөлтөд 97 хувь нь хамрагдах тооцоо байгаа. Эдгээр аж ахуй нэгжүүд нийт татварын орлогын 10 хувийг бүрдүүлж байна. Гэхдээ уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэрэг чиглэлийн бизнес эрхлэгчдэд нэг хувийн татвар хамаарахгүй. Нэг хувийн татварын орчин бий болгох ямар шалтгаан байна вэ гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд татварын ачаалал байна. Энэ хэсгийнхэн нэг хувийн татварын орчинд орсноор бизнесээ дэмжих, ажлын байраа хадгалж үлдэхэд тодорхой нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас X /чагтан/ тайлан гаргаж байгаа 20-иод мянган аж ахуй нэгж татварын тайлангаа ил тод гаргадаг болоход нэг хөшүүрэг болох юм. Татвар төлөгчдийн бааз суурь өснө. Энэ хуультай зэрэгцээд Засгийн газраас Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 1.5 тэрбумаас доош орлоготой компаниудын 1.5 тэрбумын орлогод оногдуулж байгаа татварын 90 хувийг буцаан олголт хийе гэж байгаа. Өөрөөр хэлбэл 10 хувийн татвараа авчихаад эргүүлээд буцаан олголт хийнэ гэхээр агуулгын хувьд адилхан болчихож байгаа юм. Эхлээд хүмүүсээс тайланг нь аваад жилийн эцэст буцааж өгнө. Энэ хууль УИХ-ын чуулганаар орсон ч татвар төлөгчдөд хүндрэл үүсгэх, хүнд суртал, шат дамжлагыг нэмэх юм байна гэж үзээд буцаасан. Одоо дахиад орж ирж байна. Эцсийн дүндээ нэг хувь байгаа учраас шууд хөнгөлөх нь зөв гэдэг зарчмаар хуулийн төслийг өргөн барьсан.
-Татварын хөнгөлөлттэй холбоотой асуудал дээр томоохон компаниудын лобби их байдаг шүү дээ.
-Лобби байна гэж үзвэл дээрх 41 мянган аж ахуй нэгжийн л лобби байгаа байх. Татварын орчноо харахад татварын орлогын 87 хувийг нийт компаниудын ердөө гурван хувь нь бүрдүүлж байгаа. Ийм нөхцөлд өрхийн амьжиргаагаа залгуулдаг, цөөн ажлын байр бий болгодог жижиг аж ахуй нэгжүүдээс төр заавал татвар авах шаардлагагүй. Татвар төлөх соёл бий болгох, компаниудын татвар төлөлтийн мэдээллийг нэгтгэх үүднээс татварын хэмжээг шууд тэглэлгүй нэг хувь болгоё гэж байгаа юм. Харин үүнд хамаарахгүй уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхины салбар ашиг өндөртэй учир хөнгөлөлт үзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Эдийн засгийн хямралын үед нэг ч гэсэн ажлын байрыг хадгалах, аж ахуй нэгжүүдийн хаалгыг бариулчихгүй байх, хэвийн явж байгаа салбараа татварын хөнгөлөлтөөр дэмжих нь хамгийн зөв бодлого. Үүний тулд төр хамгийн түрүүнд бүсээ чангалах ёстой. Болж өгвөл төр өөрийнхөө зардлыг танаж, татварын хөнгөлт үзүүлмээр байна. Гэтэл манай Засгийн газар болж л өгвөл татвараа нэмэх бодлого л барьдаг. Үүний цаана хүний эхлүүлчихсэн бизнес бий. Энэ бизнесээ яаж ийгээд зогсоохгүй аваад үлдчихмээр байдаг. Ийм л хэцүү хайчин гал дунд байна.
– 2015 оны төсөвт МАН шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулсан, таны хэлдгээр бүсээ чангалсан, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн төсөв оруулж ирсэн л гээд байгаа шүү дээ?
-Бүсээ чангалаагүй. Урсгал зардлыг 20 хувь хүртэл танах УИХ-ын тогтоол баталсан. Гэтэл урсгал зардлыг 15.8 хувь өсгөж оруулж ирлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо 30 гаруй мянгаар нэмэгдсэн. Зөвхөн төрийн алба хаагчдын тоогоо өмнөх хэмжээнд нь барихад л хэдэн зуун саяар төсөв хэмнэгдэнэ. Шаардлагагүй орон тоонд намын харьяаллаар хүмүүс ажилд авснаас энэ тоо нэмэгдэж байгаа. МАН-ыг Засгийн эрх барьж байх үед төрийн алба хаагчдын тоо 140-145 мянгын хооронд хэлбэлзэж байсан бол одоо 180-190 мянгад хүрлээ. Энэ бүхэн төсөвөө анх төлөвлөхөөсөө алдаа гаргасантай холбоотой. Төсвийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан ч одоо долоон хувьтай байя гээд оруулаад ирлээ. Төсвийн орлогоо дандаа худлаа тооцдог. Төсвийн орлогын үндсэн эх үүсвэр байгалийн баялаг. Өнгөрсөн жил гэхэд 31 тонн алт олборлоно гэж тооцсон ч одоогоор Монголбанкинд есөн тонн алт л тушаалаа. 31 сая тонн нүүрс олборлоно гэсэн. Одоогоор 13-14 сая тонн нүүрс гаргаад байгаа. Гэтэл манай улс оргил үедээ 22 сая тонн нүүрс олборлож байсан шүү дээ. Ирэх жилийн төсөв дээр алтыг биет хэмжээгээрээ 31.3 тонн, 25.8 сая тонн нүүрс олборлоно гээд тооцчихсон яваа. Нүүрс, зэсийн дундаж үнийг ямар үндэслэлээр тооцсон нь тодорхойгүй. Энэ бүхэн төсвийн орлого олон тэрбумаар тасалдах үндэс болж байна. Төлөвлөлтөө анхнаасаа буруу хийснээс жилдээ 3-4 удаа төсөвт тодотгол хийж байна. Үүний цаана төрийн үйлчилгээ авч байгаа иргэд, бизнес эрхлэгчид хохирдог. Энэ жил гэхэд төсвийн орлогоо буруу тооцсоноос нэг их наяд төгрөгөөр төсөв тасарсан. Өнөөдөр Сангийн яамны үүдэнд мөнгөө авч чадаагүй компаниуд дугаарлачихаж байгаа юм. Тендерт ялчихсан, ажил эхлүүлчихсэн, зогсооё гэхээр бөөн хэл ам болох гээд. Ийм л нөхцөл үүсчихээд байгаа.
-Арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвөө батлах ёстой. Таны яриад байгаа задаргаа хийх цаг хугацаа байна уу?
-Аравдугаар сарын 1-ний өдөр төсвөө өргөн барьсан мөртлөө маргааш нь сайд нараа огцруулая гээд ороод ирсэн шүү дээ. Энэ цаасаа буцааж аваад дахиж оруулж ирэхдээ алдаагаа засаагүй. Харин баахан дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн. Тухайлбал орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх нэрээр боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын бүх үйлчилгээг шилжүүлэх гэж байгаа. Энэ бол орон нутгийг туйлдуулж элгээр нь мөлхүүлнэ. Нэг ёсондоо Ерөнхий сайд аймгуудын засаг дарга нарыг “Би үхэхээр чи үх” гэчихэж байна. Орон нутагт эрх мэдэл хуваарилж байгаа нэрээр баахан төсөвгүй обьект өгчихсөн. Нэгдсэн татвартай улсад яаж аймгийн Засаг дарга асуудлаа шийдэж чадах юм бэ. Арван тэрбумын өртөгтэй обьектийг нэг тэрбумаар барь, есөн тэрбумыг нь ол гэж тулгаж байна.
-Энэ долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудал бас шинэ сайдуудын томилгоог хэлэлцэнэ. МАН нэлээн хүлээлттэй байгаа байх?
-УИХ дахь МАН-ын гишүүд, бусад гишүүд Ерөнхий сайдыг өөрчлөх ёстой юм байна гэдэг дээр санал нэгдээд огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан. Хариуцлага тооцох ёстой л гэж үзэж байна. Хариуцлага тооцож чадах эсэх нь АН-аас л шалтгаална. Н.Алтанхуяг гэдэг хүн огцорлоо түүнээс төө илүү боловсролтой, мэдлэгтэй, тулхтай улстөрч, боловсон хүчин АН-д байгаа гэдэгт итгэлтэй байна. Тогтолцооны алдаа байгаа. Энэ алдааг Үндсэн хуулиндаа хүрч байж, Үндэсний зөвшилцлөөр засна. Өнөөдрийн хувьд улс орноо үүнээс өөрөөр авч явах боломж бий. С.Батболдын Засгийн газрын үеийн том орчин нь хэвээрээ байгаа. Гэтэл энэ хэмжээнд авч явж чадахгүй байгаа нь хувь хүнтэй холбоотой. Үнэхээр хариуцлагатай, салбар салбарын асуудлыг том зургаар нь харж чаддаг хүн удирдвал эдийн засгийн нөхцөл байдал тэгтлээ яахаа алдчихаагүй байна. Ерөнхий сайдыг бүтцийн өөрчлөлт хийгээд шаардлагагүй орон тоогоо цөөлөөд цэгцлэх юм байна гэсэн хүлээлт манай намд байсан. Гэтэл фракц, улстөрийн бүлэглэлээсээ гарч чадахгүй л байна шүү дээ. Оруулж ирсэн хууль болгонд нь дэмжлэг үзүүллээ. Хөрөнгө оруулалтыг татах гол гол хуулиудыг батлахад МАН дэмжсээр ирсэн. Гэтэл хуулиа баталчихаад дагаж мөрдөх журмаа боловсруулахгүй хугацаа алдсанаас хэрэгжилт алга. Ашигт малтмалын тухай хуулийг наадмаас өмнө батлаад өгөөчээ, тэгэхгүй бол энэ салбар сэргэхгүй нь гээд л байсан. Баталсан, одоо дээрдсэн зүйл алга. Зүгээр л масктай өөрчлөлт хийж байна. Бид “Эзэн-100” хөтөлбөрийг дуустал, бүтцийн өөрчлөлтөө оруулж иртэл анхааралтай ажигласан. Ингээд байдал дээрдээгүй учраас хариуцлага тооцох асуудал тавилаа.
-Бүтцийн өөрчлөлт хийсэн яамдуудад өнөөдөр хэн юу хийхээ мэдэхгүй, хэзээ цалин хөлстэйгээ залгахаа ч ойлгохгүй байна. Байсгээд л ингэж бужигнуулдаг байдлыг хуулиар зохицуулах хэрэгтэй юм бишүү?
-Яамдын хувьд хатуу хуульчлахад хэцүү л дээ. Ямар яам байх нь юу хийхээс л хамаарч урган гарах ёстой. Юу хийхийг тухайн Засгийн газар боловсруулна. Ингээд ийм ажил хийж чадна, үүнийг хийхэд ийм хугацаа, хөрөнгө зарцуулна гэдэг хөтөлбөрөө баталдаг. Үүний дагуу хэрэгжүүлэх чиг үүргийг яамдадаа хуваарилах ёстой. 1990 оноос хойш Засгийн газар дээрээ үйл ажиллагааны хөтөлбөрөө баталдаг жишиг явж ирлээ. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар замын дундаас чиглэлээ өөрчлөх арга хэлбэрээр ажиллаж байна л даа. Үнэхээр болохгүй болоод чиглэлээ өөрчилж байна уу, цөөн хэдэн хүн албан тушаалтайгаа үлдэх гэж чиглэлээ өөрчилж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд цаг хожих гэж “Эзэн-100” хөтөлбөр, бүтцийн өөрчлөлт мэтээр үнэгэн заль гаргасан, одоо бол замын дундаас журмын нөхдөө гээгээд “Би үхэхээр чи үх” гэдэг зарчмаар л явж байгаа. Өөрөө амьд үлдэхийн тулд онгоцны ахмад Н.Алтанхуяг нөхдөө ус руу шидчихэж байгаатай л ялгаагүй. Хэрэв хариуцлагатай ахмад бол байдал бишдээд ирснийг мэдээд луужингаа сайн ажиллуулж, зөв замаар онгоцоо залаад эрэгт хүрнэ биз дээ.
-Засгийн газар, Ерөнхий сайд огцорсноор ард түмэн хожсон жишээ байна уу. Харин албан тушаалтнуудад ашигтай наймаа гарч ирсэн нь бол бий байх. МАН-ын тавиад байгаа шаардлага үнэхээр ард түмнийхээ төлөө байж чадах уу?
-Би таниас эргүүлээд нэг асуулт асууя. Монголын төрд хариуцлага тооцох ёстой юмуу үгүй юмуу? “Яахав хариуцлага алдсан юм, явж л байг” гээд байх уу. Тэгвэл УИХ, парламент гэж байгаад яах юм. УИХ нь Засгийн газартаа шаардлага тавьдаг, хариуцлага тооцдог байх нь зөв биз дээ. Эсвэл бүр хуулиндаа Ерөнхий сайдыг нэг сонгосон бол сонгуулийн хугацаанд өөрчилж болохгүй гээд заачихая л даа. Үнэхээр болохгүй байгаа учраас л огцруулах асуудлыг тавьж байгаа. Н.Алтанхуяг гэдэг хувь хүнд дургүйдээ ийм асуудал тавиагүй. Парламентийн засаглалтай олон оронд Ерөнхий сайд, Засгийн газартаа хариуцлага тооцох нь энгийн л үзэгдэл. Сонгуульт хугацаа буюу дөрвөн жилээ дуусгаж чадсан Жасрайн Засгийн газар, Н.Энхбаярын Засгийн газар л байна. Бусад нь 2-3 сайдын нүүр үзсэн.
-Төрийн тогтвортой байдал бас чухал биз дээ?
-Төрийн бодлого тогтвортой байх ёстой юу гэвэл тийм. Гэхдээ хувь хүнийг тогтвортой байлгах юмуу бодлогоо тогтвортой байлгах юмуу гэдэг чухал. Нөгөө талаас тогтолцооны өөрчлөлт рүү явах шаардлага байна. Ялангуяа энэ парламентад тогтолцоогоо өөрчлөх түүхэн үүрэг оногдсон. Жагсдаг цугладаг нөхдийн төлөөлөл, АН, МАН, бусад намын төлөөлөл гээд их онцлогтой парламент бүрдсэн л дээ. Өөрөөр хэлбэл аль нэг нь хүч түрээд явах боломжгүй парламент. Харин үндэсний зөвшилцлөөр томоохон асуудал болох Үндсэн хуулийн өөрчлөлт, хоёр орныг дамнасан гадаад дотоод худалдаа, бүсчилсэн хөгжил, аж үйлдвэржилтийн эхний алхмыг хийх ёстой. Сүүлийн үед төр бизнесийн салбартай хэтэрхий хутгалддаг болж. Төрийн ажлын энэ их улстөржилтийг болиулахад Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх зэргээр томоохон суурь асуудлууд байна.
-Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр улстөрждөг гэвэл бүгд ялгаагүй. МАН ганцаараа улстөржихгүй байгаа гэж харагдахгүй л байна?
-Улстөржилт бол нэг намын бус монголчуудын асуудал болчихоод байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд үндэсний зөвшилцөл хэрэгтэй. Хэт их улстөржиж байгааг энгийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл бүгд мэдэж байгаа ч шийдвэрлэх нэг ч алхам хийсэнгүй. Одоо хийх хэрэгтэй. Үндэсний зөвшилцөлд хүрэх боломж нь байгаа ч 2012 оны сонгуулийн дараа нэг нам нь хүч түрээд явчихсан. Тухайн үедээ бол МАН-ыг дарж байна л гэж сэтгэсэн байх. МАН-ын хүмүүсийг ажлаас халж, намын өмч рүү халдаж, МАН-ыг байнгын хороодод оруулахгүй зэргээр МАН-тай л тэмцээд байсан. Эргээд харахаар энэ бүхэн буруу байжээ гэж хэлж болохоор байна.
-АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ыг урьд өмнө хэзээ ч байгаагүй увайгүй улстөр хийлээ гэсэн шүү дээ?
-Ямар увайгүй улстөр хийсэн гэж?
-АН, МАХН –ын хийсэн хуурамч гэрээний хавсралтыг МАН-ын ажилтан үйлдсэн гэдэг асуудлаар?
-Манай нам дээр хуурамч гэрээний асуудал огт яригдаагүй. Ийм гэрээ МАН хийх ямар ч шалтгаан байхгүй. Шалтгаан хаана байсан бэ гэхээр Засгийн газарт байсан. Тэртэй тэргүй олны өмнө ил зурчихсан АН, МАХН хоёрын хамтын ажиллагааны гэрээ нь хангалттай өөрөө улстөрийн шуугиан тарьчихсан, хангалттай улстөрийн хагарал үүсгэчихсэн байхад МАН ямар шалтгаанаар хуурамч гэрээ гэдэг зүйл гаргаж ирнэ гэж. Харин ч МАН-д улстөрийн талаас нэмэх оноо авчирсан энэ үед өөрсдөдөө хасах оноо авчрах зүйл хийхгүй. Энэ үйл явцыг хоёр хувааж ойлгох хэрэгтэй. Магадгүй хувь хүн хууль зөрчсөн алдаа хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хэн хийснийг мэдэхгүй л дээ. Хэн нэгэн хүн л хийсэн байх. Үүнийг хуулийн байгууллага нь шалгана. Нөгөө талаас сөрөг хүчнийхээ байр луу прокурор, шүүхийн зөвшөөрөлгүй дайрч орж болохгүй. Тэр дундаа тагнуулын байгууллага бүр ч болохгүй. Гадагшаагаа ажиллах ёстой тагнуулын байгууллага сүүлийн үед дотогшоо ажиллах боллоо. Улстөржиж болно. Гэхдээ улстөржилтөд хүчний байгууллагыг татан оролцуулах нь маш муу үр дагавар авчирна. Хуурамч гэрээ үйлдсэн л гэнэ, мессеж явуулсан л гэнэ. Энэ бүхний том зургийг харвал гадаад орнуудад нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулах PR. Нэг ёсондоо шахаанд ороод байдал хүндэрсэн үед эрх мэдэлтэй хүмүүсээс хийдэг аргачлал харагдаад байгаа. Тийм биш байгаасай л гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
С.ОТГОНСҮРЭН