Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуульд шалгалт хийсэн байна. 1992 онд байгуулагдсан Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургууль сургалтын арга барил сайтай ч улсын сургууль сурагчдаас хэрнээ төлбөр, хандив авдгийг шүүмжилсээр ирсэн. Тэгвэл Мэргэжлийн хяналтынхан тус сургуулийн 2013, 2014 оны санхүүгийн бүртгэл, тайлан, суралцах орчин гээд бүхий л үйл ажиллагаанд нь шалгалт хийсэн бөгөөд шалгалтын дүнг өчигдөр хэлэлцлээ. Хуралд Нийслэлийн мэргэжлийн хяналтын удирдлагууд, Гуравдугаар сургуулийг төлөөлөн ирсэн албаны хүмүүс оролцсон юм.
Шалгалтын явцад тус сургуулийн санхүүгийн бүртгэл, тайлан маш ойлгомжтой, цэгцтэй, үлгэр жишээч байсныг шалгалтын ажлын хэсгийнхэн онцолсон. Санхүүгийн бүртгэл, тооцоог зориулалтын программд оруулан хуулийн дагуу хөтөлж, баталгаажуулдаг бөгөөд ажилтнуудын цалинг цагт нь тавьдаг хэд хэдэн сайн тал ажиглагджээ.
Харин илэрсэн зөрчлийн хувьд, нэгдүгээрт, тус сургуулийн сургалтын төлбөр, хандив авах ёстой эсэхэд Мэргэжлийн хяналтынхан анхаарлаа хандуулж, санал шүүмжлэл дэвшүүлсэн. Үүгээр улсын хөрөнгө оруулалттай хоёр улсын хамтарсан сургууль хэрнээ суралцагчдаас төлбөр авдагийг шүүмжилсэнээс гадна сургууль элсэгчдээс хандив авдаг данстай болохыг шалгалтаар илрүүлжээ. Гэтэл хуулинд сургуулийн үйл ажиллагаанд шаардагдах нөхцөлд хандив авч болно гэж заасан байдаг бол элсэгчдээс хандив авахыг хориглосон байдаг ажээ. Тиймээс сургалтын төлбөр, хандивын хувь хэмжээг хэрхэн тогтоосныг НМХГ-ын удирдлагууд лавлаж байсан юм. Сургалтын төлбөр, хандивын хувь хэмжээг сургуулийн удирдлах зөвлөлийн шийдвэрээр тогтоодог гэдгээс өөр хариултыг тус сургуулийн сургалтын менежер өгсөнгүй.
Хоёрдугаарт, тус сургуулийн урсгал засварын мөнгө энгийн 10-20 сургуулийнхтай тэнцэж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлээд энэ урсгал засварын мөнгө чухам хэрхэн зарцуулагддаг, бусад сургуульд үлгэр жишээ болохуйц зүйл хийж чаддагийг эсэхийг лавлаж байлаа. 2013 онд гэхэд сургуулийн гадна спортын талбай байгуулсан, цайны газарт өртгөтгөл хийсэн, сургуулийн барилгын дээврийг зассан, ажилчдын орон сууц барьсанд зарцуулсан гэж байсан.
Ийнхүү гуравдугаар сургуулийн нийт төсвийн 30 хувийг улсаас өгдөг, үлдсэнийг төлбөрөөсөө авч, нийт төсвийн 75 хувийг ажилчдын цалинд зарцуулдагийг шалгалтын ажлын хэсэгт орж ажилласан албаны хүн хэлсэн. Улсаас татаас авдаг сургууль хэрнээ элсэгчдээс хандив авдаг асуудлыг арилгах хэрэгтэйг Мэргэжлийн хяналтынхан онцолж байлаа.
У.БОЛОР