-Монгол сервис-
Хаа нэгтээ кино, жүжиг үзэх сайхан…
Ажил төрлөө эртхэн шиг дуусгачихаад эхнэрээ хөтлөөд үзвэрийн газар руу хааяа хааяахан гүйнэ. Сэтгэлд юм бодогдуулсан, ухаарал хайрласан үзвэр байдагтай зэрэгцэн “хайран цаг, мөнгө” гэж бодуулахаар тааруухан бүтээл ч бас бий. Гэхдээ л сайнтай, муутай нь үзэх сайхан байдаг юм.
Харин аль үзвэр, үйлчилгээний газарт нийтлэг ажиглагддаг таагүй хоёр зүйл байдаг юм. Бусдад ч гэсэн таагүй мэдрэмж төрдөг гэж санана. Тиймдээ ч www.news.mn сайтынхаа “Монгол сервис” буланд бичихээр шийдлээ.
…Үзвэр эхлэхээс өмнө суудлаа эзлэхээр ороход л энд тэнд гадуур хувцсаа ч тайлаагүй бөөвийсэн нөхдүүд сууж байх. Танхим хүйтэн байдаг уу гэвэл огт үгүй. Гэсэн хэдий ч манайхан ихэнхдээ гадуур хувцастайгаа үзвэр үзээд бүр заншил болчихжээ. Дээхэн үед бол аав ээж нар кино ший, жүжиг, концерт үзэхдээ цайны дээлээрээ гоёж, сүрчигээ түрхэн их л хүндэтгэлтэй ханддаг байсныг одоо ч сүүдэр шийнээс харж болно. Харин энэ заншил хэзээ гээгдсэнийг мэдэхгүй юм. Ямар ч тухтай театрт гадуур хувцастайгаа сууцгаах болсон. Энэ нь кинотеатр, үзвэрийн газруудад өлгүүр ажиллуулдаггүйтэй холбоотой гэхээсээ илүү үзэгчдийн дадалтай холбоотой. Мэдээж тэд хажуудах нэгэндээ ямар их төвөг учруулж байгаагаа мэддэггүй. За тэгээд мэддэг байлаа ч тоодоггүй юм шиг байгаа юм.
Үүнээс гадна өнөөх “бөөвийгчид”-ийн хамсаатан нөхдүүд нь үзвэр эхэлчихсэн, эсвэл бүр дундаа орж байхад ч хамаагүй танхим руу “хил” нэвтэрсээр байдаг. Тэд нэг бол аливаа үзвэр, киног тал дундаас нь ч хамаагүй үзээд түүгээр юуг илэрхийлэх гэснийг ойлгочихдог “супер тархитай бөөвийгч”. Үгүй бол хэтэрхий шимтэн үзэгч бусдадаа атаархсандаа байж яддаг “өрөвдөлтэй бөөвийгч”. Эдгээр бүлэг нөхдийг даварсаар байхад тухайн үзвэрийн газрын ажилчид шаардлага тавих ёстой байтал харин ч ташуур нэмэн өөгшиүүлж байгаа нь харагддаг. Тэд үзвэр эхэлснээс хойш дотогш нэвтрүүлэхгүй, гадуур хувцастай бол бүр ч оруулахгүй гээд л зогсож байх ёстой. Ёстой л нөгөө “буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэдэг шиг.
Энэ хэсэг бэрхшээлийг ёстой л сэтгэлийн хатаараа туулаад гарчээ гэхэд гэнэтхэн ар талд чинь “шарр, шарр, писс, писс” хийх чимээ гарна. Яг л хүүхэд байхад аниргүйд “сүнс дуудаж” нэгийгээ айлгадаг байсан шиг эвгүй чимээ гарах вий. Үнэндээ айдас төрмөөр. Гэтэл удаа ч үгүй шал пал хийх чимээ гарснаар ард минь юмуу урд минь хэн нэгэн зоог барьж буйг ойлгоно. За тэгээд нэг л эхэлчих юм бол бусад нь дагаад яг л ресторан юм уу, зоогийн газарт байгаа юм шиг аашилна. Ганц ялгаатай нь тэд захиалга өгөхөөр цэс харж, зөөгч дуудахгүй. Бүгдийг анх орж ирэхдээ тооцоолоод гаднаас оруулаад ирсэн байдаг. Бас л эдгээр “өлсгөлөнд нэрвэгдэгсэд”-ийн энэ үйлдэл санаатай байж мэднэ.
Ингээд л өлсгөлөнд нэрвэгдэж, хөлдөж үхэх дөхсөн хүмүүсийн хамт хоёр цаг гаруйг тэвчээр заан өнгөрүүлсний эцэст үзвэр дуусч заалны гэрэл асахад багахан хэмжээний дайн эхэлнэ. Энэ бол гарах хаалганы зүг дайрах хүн сүргийн дайралт. Энэхүү тулаанаас олон жилийн туршлагынхаа ачаар “бүрэн бүтэн” үлдээд гэртээ ирэхдээ нурж унатлаа ядарсан байх бөгөөд үзвэрээс гагцхүү шарр, шарр, писс, писс хийх чимээ, дагжин чичрэх хэн нэгний царай л тархинд үлдсэн байх вий.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ