-Рекламдсан байршилд чинь л газраа авъя-
“Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлнэ, 52 байршилд газар өмчлүүлэхээр боллоо. Цахимаар сонголт хийлгэж хамгийн шударгаар хувиарлалт хийж байна” гэх зэргээр Нийслэлийн өмч харилцааны газар, дүүргийн газрын алба, хотын удирдлагуудаас өнгөрсөн хугацаанд сайн реклам явуулсан. Гэвч энэхүү газар өмчлөлийн асуудал нь газар дээрээ очиход яг реклам шигээ байсангүй. Тэнд уурлаж бухимдсан, учраа олохгүй мунгинасан, хэнд гомдол гаргахаа ч ойлгохгүй иргэд цөөнгүй байлаа. Өнгөрөгч амралтын өдрөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт цахимаар өмчлөхөөр сонгогдсон иргэдэд газрыг нь зааж өгч буй байдалтай танилцахаар Хожуулын ам руу хөдөлсөн юм. Баянзүрх дүүргийн энэхүү байршил нь хамгийн их өрсөлдөөнтэй, олон хүнээс сонголт хийгдэж азтанууд тодорсон газар. Ингээд Улиастайн хуучин эцсээс хойш арав гаруй километр чулуун дундуур түжигнэсээр очлоо. Зам муу тул нэг их яваад байхааргүй, зөрж өнгөрөх машин тэрэг бараг гарсангүй. Яг Хожуулын аманд ирэх үед арваад машин бөөндөө зогсч байлаа. Энд сонгогдсон иргэд зөвхөн “Барга уул” гэх кадастрын компаниар үйлчлүүлэх ёстой бөгөөд, газрынхаа тэмдэглэгээг хийлгэхээр цуглажээ. Тус компанийн ажилтан залуу “азтанууд”-ыг хоёр гурваар нь дагуулж яван газрыг нь зааж өгчихөөд буцан ирж цугласан улсаас дахин хүн дагуулж явах байдлаар ажиллаж байв. Эндээс л асуудал эхэлсэн юм даа. Бидний зогсож буй байрлал нь өнөөх Хожуулын ам. Гэтэл ирсэн хүмүүсийг өөр тийш нь дагуулж яваад байв. Уурлах бухимдал ч босч эхэллээ. “Газрын албанаас авч ирсэн дугаар бүртгэл дээр нь өөр нэгэн дугаар болох юм. Гэтэл дагуулж яваад зааж өгсөн газар дээр нь бүр өөр дугаарлалт байна. Энэ чинь яг миний газар мөн юм уу” хэмээн бухимдах эр, “Анх надад зааж өгсөн газар нь гоё газар байсан юм, гэтэл өөрчлөгдлөө энэ танайх гэнэ. Гэтэл энэ нь жалга байх шив дээ” хэмээсэн өвөө, тухайн газрын байршлыг зааж өгч буй төлөөлөгч ажилтны “энэ байршил дугаар чинь өөрчлөгдөж өөрчлөгдөж эцсийн байдлаар гарсан нь энэ бүртгэл, одоо өөрчлөгдөхгүй. Өмнө нь гурван удаа бүртгэл өөрчлөгдсөн” гэх хачирхалтай үгс ямар нэгэн маапаан болжээ гэдгийг ахин дахин батална. Ингээд тэнд ирээд байсан Б.Буянжаргал гэх эмэгтэйн сонгогдсон газрыг хамт явж үзэхээр, кадастрын компанийн ажилтны хамт явлаа. Анх хотын дарга Э.Бат-Үүлийн ярьж байсан Хожуулын амны руу биш, дахин цааш хөдөлж Хадатын ам руу явж байгаа юм гэнэ. Б.Буянжаргалын гэр бүлийнхэнтэйгээ бүгдээрээ явж буй бололтой. Хүүхдүүд нь “газартай боллоо, тэгээд байшингаа бариад сайхан амьдрана” даа хэмээн шуугилдаж, “энэ ахыг /кадастрын ажилтныг/ суучихсан чинь машин нь газарт тулаад чулуунд цохиод байна шүү” хэмээн бувтнаж гэрийнхнээ хөгжөөнө. Ингээд бид Богинын амыг өнгөрөөд Хадатын ам руу өгсөөд зогсов. Бүртгэлээ харж байгаад, “энэ танайх” гээд дөрвөн буланг нь зааж өгөв. Харамсалтай нь ингэж өгсөн газар нь өмнө нь хэн нэгний авчихаад голсон газар бололтой. Учир нь тус газрын дөрвөн буланг хэн нэгэн хэдийн тэмдэглэчихэж. Байшингийн суурь цутгая гэж тооцоход л нэг талдаа хүнээс өндөр фундамент босгохоор далий, дээрээс нь яг газар дээгүүр нь зам гарчихсан байв. Голохоос ч аргагүй газар. “Яагаад шинээр олгож байгаа байршил байтал энд өмнө нь тэмдэглэгээ хийчихсэн байгаа юм. Энэ чинь хэн нэгний голсон газар биш үү. Нийслэлийн өмч харилцааны газрын цахим хуудсан дээрх байршил заасан зурагнаас чинь өөр байна шүү дээ” гэж гомдоллоход “би мэдэхгүй, асуудал байвал оффис дээр очиж ярь” гээд л яваад өглөө.
Уг нь Хожуулын аманд яг ийм зургаар өгнө гэсэн төлөвлөлт бүхий зураг нийтэлж, үзүүлж байгаагүй бил үү. Гэвч энэ зураг хаачсаныг бүү мэд. Яагаад сонгогдсон иргэдийг ийш тийш хэдэн ам руу тараав. Шинээр өгч байгаа, эхэнд авсан, танил талтай нэгэн нь голоогүй юм бол очсон газарт хэн тэмдэглэгээ хийгээд явав. Энд буй бүртгэлийн дугаарыг сольж холиогүй гэх баталгаа хаана байна. Энэ олон асуулт, асуудлын араасаа дагуулсаар.
Газар өмчлөл газар дээрээ ийм л байна. Газартай болсон хүмүүс баярлаж, хөөрч байгаа дүр зургийг харна гэж бодсон маань эндүүрэл байлаа.
Б.МАНДАХ