МН17-г Украины арми буудаж унагаасан байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

МН17-г Украины арми буудаж унагаасан байж магадгүй

 

Малайзын МН17 нислэг үйлдэгч Боинг-777 онгоц өнгөрсөн долдугаар сарын 17-нд Украины зүүн хэсгийн дээгүүр нисч яваад пуужинд оногдсон сүйрсэн юм. Энэ хэрэгт Украины Засгийн газар зүүн хэсгийн нутаг дахь салан тусгаарлагчдыг буруутгасан билээ. Харин ОХУ-ын зүгээс Малайзын онгоцыг Украины арми буудаж унагаасныг нотлох баримт бий гэж мэдээлжээ. ОХУ-ын мэдээлснээр Боинг-777 онгоц сүйрсэн хэсгийн ойролцоо Украины армийн байлдааны онгоц нисч явсныг гэрчлэх радарын бичлэг байгаа аж. Тиймээс хэргийг мөрдөн шалгаж буй Нидерландын албаныхан ОХУ-аас нотлох баримт бүхий радарын мэдээллийг өгөхийг хүсчээ. Энэ тухай “Der Spiegel” сэтгүүлд Нидерландын мөрдөн шалгах багийн дарга Фред Уэстербеке мэдэгдсэн байна. Нидерландын албаныхны зүгээс МН17 нислэгийн хэрэг осол байсан уу террорист халдлага уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн Боинг-777 онгоцны сүйрэлд техникийн доголдол эсвэл нисгэгчийн буруутай үйлдлийг нотлох баримт илрээгүй байна. Барууныхан болон Украины зүгээс Малайзын Боинг-777 онгоцыг Донбасс дахь салан тусгаарлагчид Оросын БУК газар-агаар ангилалын пуужингаар онож, сөнөөсөн хэмээн буруутгаж байгаа билээ.

 

Малайзын МН17 нислэгт 298 хүн зорчиж явсны 80 нь хүүхэд, 15 нь онгоцны багийн гишүүд байжээ. Хохирогчдын ихэнхи нь Нидерланд улсын иргэд аж. Боинг-777 онгоц Амстердам хотоос Куала Лумпур хүрэхээр нисч явсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж