УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөх тухай яриа сүүлийн үед гараад байгаа. Тэгвэл үүнийг сонссон иргэд эвлэлдэн нэгдэж ерөнхий сайд Н.Алтанхуягийг монгол төрөөсзайлуулахын төлөө хатуу тэмцэхээр шийджээ.
Ж.Батзандан есдүгээр сард тойргийнхоо сонгогчидтой уулзаж санаа бодлыг нь сонсох далимдаа тойргийнхоо иргэдийн өмнөөс Засгийн газартай тооцоо бодох даалгавар авч бас зарим түвшинд амлалт ч өгсөн байна.
Тиймээс ч тэрээр сонгогчдынхоо даалгаврыг намынхаа эрх ашгаас дээгүүрт тавихаар шийдсэн аж. Ингээд ямар үйл явдал өрнөснийг бүгд харсан.
Харин гишүүнийг намаасаа хөөх гэх мэтээр элдвийн чимээ дагах, бас янз бүрээр дарамтлах болсныг тойргийнх нь сонгогчид, иргэний хөдөлгөөний зарим нэгэн төлөөлөгчид ардчилсан намын шударга гишүүд эгдүүцэн хүлээн авч ерөнхий сайд Алтанхуяг ба түүний төрд шургалсан төрлүүдтэй хатуу тэмцэл хийхээр зохион байгуулалтад ороод эхэлжээ.
Баянзүрх дүүргийн 21-р хорооны иргэн Д.Бат-Очир, 11-р хорооны иргэн Н.Тулга, 8-р хорооны иргэн Ч.Цэцэгжаргал, 9-р хорооны иргэн Х.Цацрал нарын тэргүүтэй олон иргэд шударга гишүүнийг дэмжихээ илэрхийлж иргэний санаачлага гарган гарын үсэг цуглуулж эхэлсэн бол иргэний хөдөлгөөний зарим нэгэн залуус “Алтанхуягаас ял асуух ард түмний шүүх” хөдөлгөөнийг байгуулахаар зэхэж эхэлсэн тухай эх сурвалжаас мэдээлсэн юм.
Тэдний үзэж буйгаар иргэдийн эрх ашгийг хамгаалж тэмцэж байгаа хүнийг улстөрийн зорилгоор хавчин хяхах нь хуучны коммунист нийгэм МАХН-ын удирдлагын үе эргэн ирснээс ер ялгаагүй мэт байгаа гэнэ.
Ийнхүү Ж.Батзандан гишүүнийг ”Н.Алтанхуяг ба ард түмэн“ гэсэн дуэльд энэ удаа иргэд, иргэний хөдөлгөөнийхөн дуудаж эхэлжээ.
Б.Болдсүх