“Би үхчихвэл…” гэж бүү бод

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

“Би үхчихвэл…” гэж бүү бод

Хоёрын хоёр хүүхэд хорвоог орхин явлаа. Эцэг, эхдээ хайрыг мэдрүүлж, алган дээр нь буусан гэрэлт одууд гэнэтхэн л харвачихлаа.

Нэг нь сургуулийнхаа хашаанд, нөгөө нь 14 давхар өндөр барилгаас. “Өнчин шүдэнз зурс хийх шиг болоод л хүний амь тасардаг” гэж хаа нэгтээгээс уншиж байсан санагдана. Тиймдээ ч одоо болтол би “үхэх ямар аймар байх бол” гэж боддог. Гэтэл тэд хоёулаа цонхны тавцан дахь ваартай цэцэг нар руу өнгийх шиг дөнгөж 12-хон настай байсан шүү дээ. Сургуулийнхаа хашаанд нас барсан хүүг одоогоор амиа егүүтгэсэн гэж үзэж байгаа ч хэргийг шалгаж байгаа. Ингэж үзэх шалтгаан нь нэгд цамцныхаа захаар сургуулийнхаа хашаанаас боомилсон байдалтай олдсон, хоёрт “Би чамтай үерхэхгүй” гэсэн үг.

Харин өндөр барилга дээрээс “нисэж үзэхийг хүссэн”/хэнд ч нисдэг бол гэсэн бодол төрдөг гэж би итгэдэг/ охин бол гэрээслэл бичиж үлдээсэн байсан гэдгийг цагдаагийн албан хаагч хэлж байгаа юм.

Үнэхээр харамсалтай биш гэж үү? Үнэхээр “Хараад нүд минь өвдөх шиг, Харамсаад элэг зүрх минь өвдөх шиг”.

Өнөөгийн нийгэмд бүү хэл өнгөрсөн галавын үед ч хайр дурлал 12-тойд ирдэг л байсан. Түүнийг нь ч гэрчлэх бэлээхэн түүх бидэнд бий. Гэхдээ өдий насандаа “үхэл”-ийн тухай бодож байсан болов уу?

…Утга учир нь үл олдох олон ангит кинонууд, садар самуун, муу муухайг сурталчилсан нэвтрүүлэг, хэзээ дуртайдаа орж үзэж болох цахим ертөнцийн олон төрлийн сайт, фээсбүүк тэднийг үхэлд түлхсэн гэж мунхаглан бодно. Үүн дээр нэмэгдээд эцэг эхийн хараа хяналт, хүүхдүүдтэйгээ ойлголцох байдал, багш сурган хүмүүжүүлэгчдийн арга барил ч нэмэгдэнэ.

Сэтгэл судлаач найзын минь хэлж буйгаар бол хүүхэд бүрт л “Хэрвээ би үхчихвэл яах бол” гэсэн бодол ганц удаа ч болов төрдөг аж. Аав, ээждээ гомдохоороо аль эсвэл хорвоо тэр чигээрээ түүнийг тоохгүй байгаа мэд санагдсан үед гэх мэтээр тэгж бодох шалтгаан нь ч өөр өөр байдаг бололтой. Гэхдээ энэ бодлоо хэрэгжүүлчихнэ гэдэг л аймар юм.

“Хэрвээ би үхчихвэл..” гэж бодох хэрэггүй, бодсон ч хэрэгжүүлэх талаар бодохын хэрэггүй. Хэрэгжүүлэхээр оролдвол чиний ард элэг, зүрхээ насаараа урж амьдрах эх, эцэг, ах дүү, найз нөхөд, хайртай дотны бүхнээ бодоод үзээрэй, дүү нар минь.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж