Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын  таван байнгын хороо хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах   асуудлыг хэлэлцэнэ. Харин үүнтэй зэрэгцээд Аюулгүй байдал, гадаад бодлогын  болон Эдийн засгийн байнгын хорооны  хамтарсан хуралдаанаар Засгийн газрын  гишүүнийг томилох тухай асуудал буюу шинээр томилогдох сайдуудын асуудлыг хэлэлцэнэ. Хоёр байнгын хорооны хамтарсан хуралдааны  дараа Эдийн засгийн  байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж  сайдуудын томилгоо,  Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд  Үндэсний аудитын газартай хамтран  хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх юм.

Харин үдээс хойш буюу 14.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаанаар шинэ сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэх бол  Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар  малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн тухай хэлэлцэх тов гарчээ.

 

Ийнхүү хоёр долоо хоногийн турш хүлээгдсэн шинэ сайд нарын томилгоо, Ерөнхий сайдыг  огцруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэх гэж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын даргад шинээр томилох сайд нарыг өргөн мэдүүлээд байгаа. Тодруулбал

  • Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн
  • Уул уурхай, эрчим хүчний сайдад Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид
  • Сангийн сайдад  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д. Зоригт
  • Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэргийг тус тус өргөн мэдүүлээд байгаа.


Түүнчлэн Засгийн газрын өөрчлөлт орсон бүтцийн дагуу,

  • Гадаад харилцааны сайд Л.Болд,
  • Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан,
  • Зам тээврийн сайд А.Гансүх,
  • Эрчим хүчний сайд М.Сономпил,  
  • Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан,
  • Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг чөлөөлөх хүсэлтийг давхар өргөн мэдүүлсэн юм.

С.ОТГОН

 

 


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж