Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

USA-аас ахмад UB минь

 

Өнөөдөр Улаанбаатар хотын маань 375 жилийн ойн баярын өдөр тохиож байна. “Нутаггүйгээрээ” цоллуулдаг нийслэл хүү би энэ өдөр омогших сэтгэл эрхгүй төрнө. Ингээд товчхон түүх хүүрнэе.

Улаанбаатарын түүхийг ярихаас өмнө монголчуудын хот байгуулж байсан түүхийг цухас өгүүлэх нь зүйтэй болов уу.

Монголын албан ёсны анхны нийслэл Хархорум…

Дэлхийн талыг эзэлсэн нүүдэлчид хүссэн ч хүсээгүй ч суурьшин амьдрахаас аргагүйд хүрч, дэлхийд гайхагдах соёлын өв болсон хэд хэдэн хотыг байгуулж явсан нь түүхийн шарласан хуудаснаас тодхон харагдана. Хүннү, Уйгар, Кидан, Түрэг угсаатан өөр өөрийн хот балгадыг байгуулан суурьшихыг оролдож байж. Гэхдээ Монгол улсын албан ёсны анхны нийслэл бол Хархорум юм. Хархорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэсэн гэдэг. Өгөөдэй хаан ор суусны 7-р он хөхөгчин хонин жил буюу (1235 он) хавар Хархорум хотын сүр жавхлан болсон Түмэн Амгалант ордныг барьж, 8-р оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сард олон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим ёслол үйлдсэн нь түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Өгэдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудын зэрэгцээ “Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Перс, Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр “1500 албан хүн” Хархорумыг байгуулахад идэвхитэй ажиллаж байжээ. Ер нь хот байгуулалтад харь орны гар урчуудыг ашиглах явдал Хүннүгийн үед ч байсан гэдэг. Ийнхүү цэцэглэн хүчирхэгжсэн Хархорум хотын бүтээн байгуулах ажил Тулуйн хөвүүн Хубилай хааны үед өндөрлөсөн гэдэг. Энэ л үед Монголчууд ертөнцийн дөрвөн зүг найман зовхист гайхамшигт хот балгадыг бариулж, бүтээн байгуулж байж. Уран барилга, архитектурын ур хийцээрээ гайхагдсан ертөнцийн долоон гайхамшгийн хоёр нь монголчуудын түүхтэй холбогддог нь тохиолдлын хэрэг биш юм. Хятадын цагаан хэрэмийг бариулахад хүргэж байсан морьтон баатруудын удам монгол гаралтай жаахан шаг буюу Шах Жахан хаан ертөнцийн бас нэгэн гайхамшигт тооцогддог Таж махалыг хайртай хатныхаа гэгээн дурсгалд  зориулан барьсан түүхтэй.

Улаанбаатарын үүх түүх…

Америк америк л гэнэ. Британий колониуд нь 1776 онд салан тусгаарлаж, улмаар 1783 оны Парисын Гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улс бусад улс орноор хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй байдаг бол тэднийг ор үүсч, оготно сүүллээгүй байхад монголчууд төрт улсаа байгуулсан, өмнөх бус өнөөгийн нийслэл маань 150 жилээр ахмад гэж өнөөдөр эрхгүй омогшмоор санагдана. Бидний дэлхийд оруулсан хувь нэмэр, тэр дундаа хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг зургаан жарныг элээсэн нийслэлийнхээ 375 жилийн ойн өдөр дурсмаар санагдана. 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулсан нь өргөжин тэлсээр өнөөгийн Улаанбаатар болсон гэж түүхчид үздэг. Өнөөгийн энэ байршилдаа тогтох хүртлээ Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 29 удаа буурь сэлгэсэн гэдэг. Харин 1778 онд Монгол улсын дорно-төв биед Төв аймгаар хүрээлүүлж, хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дөрвөн уулын дунд төвхнөсөн түүхтэй.

1639 оноос Өргөө, 1651 оноос Номын хүрээ, 1706 оноос Их хүрээ, 1912 оноос Нийслэл хүрээ хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар хэмээн нэрлэгдсэн нь түүхтэй байх юм. Хан Богд, хатан туулын бэлчир Алтан тэвшийн хөндий бол монголчуудын түүхэн газар. Энэ л газар шороон дээр 12 дугаар зууны сүүлээр Мэргид, Тайчууд, Татар, Найман аймгуудтай дайтаж явсан Хэрэйдийн Тоорил ван нутаглаж явсан түүх бий. 1696 оны зуны эхэн сард Манжийн цэрэгт ялагдсан Галданбошигт хаан Зуун мод буюу одоогийн Улаанбаатар хотын өмнөд этгээдэд болсон тулалдаанд манжийн цэргийн бүслэлтийг сэт цохин гарч баруун зүгийг чиглэн мордсон нь монголчууд бидний түүхэнд тодхон үлдсэн байдаг. Түүнчлэн Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсон Сүх жанжны түүх ч энэ л газар шороотой холбогддог.

Их хүрээнд 1756 онд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээ суурьших шаардлагатай болжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчэнлин хийд 1809 онд баригджээ. Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.

XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан түүхтэй. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Харин 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга болсон гэдэг. 1911 оны 12-р сард Богд хаант Монгол улсаа тунхаглаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. 1919 онд Сю Шүженээр толгойлуулсан Хятад цэрэгт хот эзлэгдсэн ба 1921 оны 2-р сард Барон Унгернээр толгойлуулсан цагаан цэргүүд Хятад цэргүүдээс хүрээг чөлөөлж, Богдыг дахин хаан ширээнд залсан бол 3-р сард Хиагт хотыг чөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн цэргүүд цагаантнуудыг 6-р сард цохин дутаалгаснаас хойш нийслэл нь гадаадын цэргийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.

1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж нэрийг нь Улаанбаатар хот хэмээн өөрчилсөн байна. Тэгвэл 1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон сүндэрлэсэн нь Улаанбаатар хотыг чимсэн хамгийн том барилга байгууламж байжээ. Түүнээс өмнө одоогийн "Улаанбаатар" зочид буудлын хавьд хоёр давхар цувраа гурван байшин байсан нь Засгийн газар, Намын хороо, Эвлэлийн хороо байв. Энэ үед их хотын жолоо атгасан анхны дарга гучин хоёрхон настай Моононгийн Баяр байлаа. Сэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошуу /одоогийн Дорнод аймгийн Булган сум/-ны бичээч байсан залуу эр хотын төр захиргааны дүрэм батлуулж, хотын түр захиргааны дарга 1, жинхэнэ бичээч 2, ажилчин 11, морьтой зарлага 2, гишүүн 3, нарийн бичгийн дарга 1, бүгд 20 орон тоотой батлуулан ажлаа эхэлжээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмын өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна. Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байраар солигдож эхэлсэн түүхтэй байх юм. Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн замууд 1949, 1956 онуудад баригдсанаар өрнө, дорнотой төмөр замаар холбогдсон бөгөөд кинотеатр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлжээ.

Шинэ хотын түүхийг бид бичилцэнэ…

1990 онд Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан.

1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд "Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн" гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй. Ардчилсан хувьсгалын үр дүнд дэлхийд нээлттэй болсон Улаанбаатар хот шинэ хөгжлийн үеэ эхлүүлжээ. Хөгжил, төвлөрөлийг дагаж нийслэлд хүн амын хэт төвлөрөл гаарч, сүүлийн 15 жилд хоёр дахин өссөн байна. Өнөөдөр нийслэлд хүн ам ихэссэнээс гэр хороолол хүрээгээ улам тэлсээр байна. Мөн нийт Монгол улсын хүн амын 40% энд байгаагаас үүдэн олон нийгмийн, байгалийн, тээврийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Сүүлийн жилүүдэд шинэ барилга олноор баригдаж байгаа бөгөөд орон сууцны үнэ маш их өсч байгаа. Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөлт нь Монгол улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв болон хөгжих хэтийн хандлагатай байна. Утаан хөшиг суунагласан ч гэлээ Улаанбаатартаа хайртай нийслэл хүү би. Хотын хэмнэлээр амьдарч, хотын соёлоороо үлгэрлэнэ.

Буурал түүхийн нугачаанд бүдгэрч үлдэхгүй их хотын амьдрал энэ л Хан Богд, хатан Туулын хөвөөнд үргэлжилнэ. Улаанбаатар хотын шинэ түүхийг энэ цаг үед амьдарч суугаа та бид бичилцэх хувьтай билээ. Тийм ээ,

-Хотын гудамжинд шөнө болдоггүй ээ
Хонгор минь чи бүү яар
Үүрийн гэгээг чамтайгаа хамт угтая
Үнсээч намайг яг одоо үнсээч
гэж дуулдаг би хотын залуу. Нутаггүй гэж дуудуулдаг ч өнөөдөр нутагт минь нутаг нутгийнхан амьдрал, эрдэм, мэдлэг, хань, хайр хайн ирсээр хэзээний 1,5 сая хүн энд амьдардаг болжээ. Улаан гэрлээр жолооч нарыг уурлуулан, дайруулах шахан байж зүтгэдэг залуус өнөөгийн нийслэлд үнэндээ ховор болсон. Бид алхам алхамаар хотын соёлд суралцан, хоорондоо зохицож амьдардаг болсон орчин үеийнхэн.

Хаан түүхийн тулганд, хатан ижийн ноцоосон гал шиг үргэлж өөдөө байг ээ, Монголын “зүрх” Улаанбаатар минь.

Л.ТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж