Монголын кабелийн телевизийн анхдагч

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Монголын кабелийн телевизийн анхдагч

Г.Ачит: Кабелийн телевиз хэмээх шинэ брэндийг бий болгосон түүхэн гавьяа “Сансар”-ынх

Монголын харилцаа, холбоо, мэдээллийн салбарын анхдагч “Сансар кабель” компанийг монголчууд тэр дундаа нийслэлчүүд андахгүй мэднэ. Учир нь нийслэлчүүдийн олонх нь тус компанийн үйлчлүүлэгч билээ. Тэгвэл манай улсын харилцаа холбооны салбарын шинэчлэл, өөрчлөлт, дэвшил бүхэнд манлайлагч нь байсаар ирсэн тус компани байгуулагдаад хэдийнэ 19 жилийг ардаа орхижээ. Амжилт бүтээлээр дүүрэн байсан 19 жилийнх нь түүхийг хуваалцахаар “Сансар медиа” группийн маркетингийн ахлах менежер Г.Ачиттай ярилцлаа.

Кабелийн телевизээс групп болон өргөжсөн “Сансар”-ын түүхийг манай уншигчдад хуваалцахгүй юү?

-Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн салбарын анхдагч “Сансар кабель” компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 19 дэх жилийн ойтойгоо золгож байна. “Сансар” гэх их айл 1995 онд ард түмэндээ үүд хаалгаа нээж, Монгол Улсад анхны олон суваг дамжуулах кабелийн телевизийг үүсгэн байгуулсан түүхтэй. Манай компанийн энэхүү эхлэл нь Монголын ард түмний ертөнцийг үзэх үзэл, оюун санаанд хувьсгал хийсэн чухал хүчин зүйл болсон. Одоогоор манай компани нь “Сансар интернет”, MDHS, “Сансар дижитал”, “Сансартур” зэрэг охин компанийг төрүүлж, SCH телевиз, Парламентын суваг зэрэг телевизийг байгуулан үйл ажиллагаагаа тэлж групп болон өргөжжээ. Өнөөдрийн байдлаар “Сансар медиа” групп мэдээллийн, тэр дундаа Монгол Улсын томоохон, тэргүүлэгч аж ахуйн нэгжийн нэг болж 80 мянга гаруй айл өрх, мянга гаруй албан байгууллагад гадаад, дотоодын 100 шахам сувгийн нэвтрүүлгийг өргөн сонголттойгоор үзүүлэх боломжийг олгосоор байна.

-Та бүхэн Монгол Улсын харилцаа, холбоо, мэдээллийн салбарт кабелийн телевиз хэмээх шинэ үйлчилгээг нэвтрүүлж, өдгөө “Сансар” гэх нэрийг брэнд болтол нь дэлгэрүүлэн хөгжүүлж чадсан байх нь ээ?

-Тийм шүү. Кабелийн телевиз хэмээх шинэ брэндийг бий болгосон түүхэн гавьяа “Сансар”-ынх гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. “Сансар кабель”-ийн ажилтнууд Монголынхоо ард түмэнд шинэ, соргог мэдээллийг цаг алдахгүй, түргэн шуурхай, технологийн өндөр түвшинд хүргэж үзүүлэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж, шинийг санаачилсаар ирсэн. Тодруулбал, 1999 онд Улаанбаатар хотын хэмжээнд аналоги сүлжээг дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны салбарт гаргасан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох шилэн кабелийн сүлжээгээр сольсон. Энэ  нь салбартаа анхдагч болсон төдийгүй одоо шилэн кабелиар 143938.0 мянган метр гол шугам, 58865.0 мянган метр салбар шугамыг ашиглалтад оруулан ажиллуулж байна. Мөн 2005 оноос агаарын олон сувгийн нэвтүүлгийн MUDS буюу тоон технологиор дамжуулан Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хорооллын хэрэглэгчдэд болон зуслангийн айл өрхүүдэд мэдээллийг хүргэж эхэлсэн. Одоогоор 25 мянга гаруй айл өрх тоон технологиор телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэж байна. Энэхүү ажлыг амжилттай гүйцэтгэснээр бид Монгол Улсдаа хамгийн анхны дижитал буюу тоон технологийг амьдралд хэрэгжүүлсэн хамт олон болсон юм. Манай хамт олон энэ туршлагадаа тулгуурлан Монгол Улсын Засгийн газрын “Цахим Монгол” төслийн хүрээнд 366 сум, суурин газарт телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжийг бий болгож өгсөн түүхтэй.

-Танай компани шилэн кабелиар дамжуулан телевизийн үйлчилгээг үзүүлээд зогсохгүй, өндөр хурдны интернэтийг дамжуулдаг болсон. Энэ технологийнхоо талаар сонирхуулаач?

-Бид шилэн кабелиар дамжуулан дан ганц телевизийн нэвтрүүлгээр зогсохгүй өндөр хурдны интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. Ингэснээр 2007-2008 онд орчин үеийн технологийн дэвшилтэт шийдэл болох КАБЕЛИЙН ТЕЛЕВИЗ+ИНТЕРНЕТбуюу EPON+EOC технологийг, 2010 онд GPON + EOC  технологийг тус тус нэвтрүүлж, Монгол Улсдаа анхны нэг шугамаар олон төрлийн үйлчилгээг хүргэсэн хамт олон болж, амжилттай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар EPON үйлчилгээний нэлээдгүй олон хэрэглэгчтэй болоод байгаа нь чамлахааргүй амжилт юм. Түүнчлэн алслагдсан газар амьдарч, телевизийн үйлчилгээг хүссэнээрээ авч чадахгүй байгаа иргэддээ зориулж, шилэн кабелиар дамжуулан интернэт, телевиз үзэх боломжийг олгож эхэлсэн. Үүний нэг жишээ нь Чингэлтэй дүүргийн XIV хорооны гэр хороололд амьдардаг айл өрхүүд. Тэдэнд шилэн кабелиар дамжуулан интернэт, кабелийн телевизийн үйлчилгээг үзүүлж чадсан нь  Монгол Улсдаа хамгийн анхных бөгөөд шинэ дэвшилтэт үйлчилгээ болж чадсан юм. Бидний энэ амжилтыг Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос үнэлж, Улаанбаатар хотын кабелийн телевизийн үйлчилгээний зах зээлийн “ДАВАМГАЙЛАГЧ” үйлчлэгч компани гэсэн гэрчилгээг олгосон билээ. Энэ нь бидэнд шинийг санаачлах урам зориг, эрч хүчийг өгсөнийг дуулгахад таатай байна.

-Зах зээлийн нийгэмд үйлчлүүлэгч хэрэглэгчээ мэдэрч ажиллана гэдэг аль ч байгууллагын баримтлах зарчим болоод байгаа. Та бүхэн ч гэсэн үргэлж шинийг санаачилж, Монголын харилцаа холбоо, мэдээллийн салбарын анхдагч байсаар ирсэн учраас үйлчилгээнүүд тань ард түмний таашаалд нийцдаг байх?

-Тийм шүү. Манай компани байгуулагдсан цагаасаа Монгол Улсын харилцаа, холбооны салбарт анхдагч байсаар ирсэнийг уншигч та бүхэн андахгүй мэдэх биз. Үүний нэг жишээ нь “Сансар интернет” компанийг 2005 онд байгуулж, шилэн кабелийн технологиор өрх бүрт интернэтийг түгээж эхэлсэн явдал. Ингэснээр бид Монголдоо анх удаа “Cable modem” ашиглан кабелийн телевиз, интернэтийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн хамт олон болсон. Түүнчлэн гэр хороололд GPON технологиор гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн нь мөн л Монголд анх удаа хамгийн өндөр хурдыг хамгийн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэсэн явдал болсон. Бид энэхүү үйлчилгээг хэрэглэгчид хүргэж чадсанаар Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас зохион байгуулдаг “ICT EXPO-2013” AWARDS-аас “ШИЛДЭГ ШИЙДЭЛ” шагналыг хүртсэн. Мөн “Сансар интернет” компанийн шинэ санаачлагыг төр засгаас өндрөөр үнэлж, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дээд шагнал болох Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн “Хэрэглэгчдийн итгэмжит шилдгийн шилдэг хамт олон” өргөмжлөл, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Бизнесийн эрхэмсэг оршихуй” өргөмжлөлөөр шагнасан.

-Та бүхний амжилт үүгээр дуусахгүй байх?

-Монголын мэдээлэл, технологийн салбарт нэвтрүүлж буй шинэ санаачлага бүхэн маань амжиллтай хэрэгжиж байгаад таатай байна. Бид 2007 онд MDHS компанийг байгуулж тоон технологиор агаарын олон сувгийн кабелийн телевизийн үйлчилгээг хүргэж эхэлсэн,  2009 онд шилэн кабелийн гол шугамын өргөтгөл хийж, салбар найман студи байгуулсан,  2011 онд тоон телевизийн сигналыг хэрэглэгчдэд шилэн кабелиар хүргэсэн, 2013 онд технологийн шинэчлэл хийж өндөр зэрэглэлийн нууцлалын системийг төв студи дээр суурьлуулж тоон телевизийн нэмэлт үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон гээд дурьдаад байвал бид олон ажлыг амжуулжээ.

-Шилэн кабелиар дамжуулан иргэдийг мэдээллээр хангахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн салбарт хүчээ сорьдог шүү дээ. Энэ ажил чинь хэр ахицтай явж байна даа?

-Манай компани1999, 2000, 2003 онуудад “Парламент”, “Movie”, “Music” сувгуудыг Монголдоо анхлан байгуулсан нь үзэгчдийн таашаалыг хүртэж, одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. Бидний энэ туршлагаас үндэслэн одоогоор Монгол Улсын хэмжээнд 100 гаруй телевиз байгуулагдаад байгаа. Үүний зэрэгцээ манай ”Сансар” телевиз нь Монгол орны соёл урлаг, зан заншил, аж амьдрал талаарх танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн ӨМӨЗО-ны “Одон” телевизээр дамжуулсаар байна. Тус нэвтрүүлгийг Монгол Улс, БНХАУ, зүүн Азийн ихэнх орон, ОХУ-ын Тува, Чита, Халимаг зэрэг муж болон Сибирийн оршин суугчдад хүрдэг. Эдгээр оршин суугчдад Монгол орны амьдрал, түүх соёлыг сурталчилан таниулах манай байнгын сурвалжлагч, сэтгүүлч “Одон” телевизид ажиллаж, “Солонго” нэвтрүүлгийн тогтмол бэлтгэн хүргэсээр байна. Одоогоор манай сурвалжлагчид “Солонго” нэвтрүүлгийн 1350 дахь дугаар үзэгч түмэндээ хүрээд байгаа бөгөөд гадаадад тогтмол нэвтрүүлгээ гаргадаг анхдагч телевиз болон ажилласаар байна даа.

Танай компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. “Сансар медиа” группийнхэн илүү их эрч хүч, хурдтайгаар урагшилж  явна. Манай хамт олны санаачилсан ажил бүхэн ард түмэн, иргэдийнхээ хөгжлийн төлөө байгаа нь олон хүний талархалыг хүлээж, хэрэглэгчид маань бидэнд урам зориг өгсөөр байгаа. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ тэр их урам зоригийн хүчээр “Сансар медиа” групп нийслэл хотын орон сууцны хэрэглэгчдийн 90 хувийг аналоги болон тоон телевизийн үйлчилгээгээр хангаж байгаад таатай байна.Бидэнтэй 19 жил хамт байсан нийт хэрэглэгчиддээ баярлалаа гэж хэлэхийн ялдамд цаашдаа манай байгууллага хэрэглэгч тань руу чиглэсэн олон олон үйлчилгээг гаргасаар байх болно гэдгийг дурьдах нь зүйтэй байх.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж