Сүхбаатар сумын нутагт хээрийн түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Сүхбаатар сумын нутагт хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт  хээрийн  түймэр гарсны улмаас гурван айлын зургаан гэр, зуу гаруй адуу, 60 орчим үхэр, хэд хэдэн айлын өвөлжөө галд өртөж, их хэмжээний хохирол учраад байна. Жил жилийн хавар, намрын хуурайшилт ихтэй улиралд тал, хээр нутагт галын аюул нүүрлэж, малчдад хохирол учруулдаг ч буруутан нь тогтоогддоггүй, тогтоолоо ч хохирлыг барагдуулдаггүй гэж нутгийн удирдлагууд өгүүлж байна. Бид Сүхбаатар сумын Засаг дарга Ц.Эрдэнэтэй холбогдож, дараах тодруулгыг авлаа.

-Түймэр хэзээ, юуны учир гарсан юм бол. Түймэрт олон мал өртсөн үү. Айлын гэр шатсан гэсэн, хүн бэртэж гэмтээгүй биз дээ?

-Аравдугаар сарын 22-ны өдөр манай сумын нутагт гарсан түймрийн улмаас гурван айлын зургаан гэр, зуу гаруй адуу, 60 гаруй үхэр, нэг автомашин шатсан. Азаар хүн өртөөгүй. Гэхдээ гурван айл орох орон, унах унаагүй хотоо харлуулан үлдлээ. Их хэмжээний газар нутаг галд автсан гээд тоочвол хохирол их байна.

-Гал гарсан шалтгааныг тодруулсан уу. Зээр агнах гэж хөөж явсан хүмүүс гал тавьсан гэж нутгийн хүмүүс хэлж байна?

-Яг тодорхой тогтоосон зүйл одоогоор алга. Ер нь бол урьд өмнө гарсан түймрийг ч анчид гөрөөчид тавьсан байх нь түгээмэл. Мөн манай тал нутагт өвс их ургасан үед машины янданд орооцолдсон өвсөнд  гал авалцаж, түймэр гарах нь бий. Ноднин жил л гэхэд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд гарсан түймэр манай сум руу орж ирж, их хэмжээний хохирол учирсан. Энэмэтчилэн түймэрт мал хуй, орон гэрээ алдсан малчид хохирлоо барагдуулж чадахгүйд хүрдэг.

-Түймрийн улмаас орон гэргүй болсон иргэдэд гэр олгодоггүй юм уу?

-Гэрийг бол Онцгой комиссоос өгдөг. Харин малын хохирлыг хэрхэн тогтоож, барагдуулах нь тодорхой биш байдаг гэлээ.

Аравдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт гарсан гал түймэрт өртсөн адуу үхрийн олонх нь тэр дороо амь тавьсан бол зарим нь сормуус нь түлэгдсэнээс нүдээ нээж чадахгүй, тэнтэр тунтар алхсаар гэрийнхээ гадаа ирж байсан гэнэ. Зарим нь эзнээ үнэрээр нь таньчихаад үүрсэн янцгааж байсныг нутгийн иргэд сэтгэл шимшрэн өгүүлж байна.

Тал нутгийнхан галын аюулаас орон гэр, мал хуйгаа хамгаалах дадлыг хүүхэд ахуй наснаасаа эзэмшдэг. Тиймдээ ч хэд хэдэн иргэн түймрийг угтуулан цурам тавих, тогоо хөмрөх зэрэг аргыг хэрэглэн гэрээ аварч үлджээ. Бог малаа ч мөн түймэрт өртөхөөс сэргийлж чадсан байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж