Б.Гангаамаа Эверестийн оргилд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.22-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа Эверестийн оргилд гарлаа

Зургаан жилийн өмнө бидний түүхэнд анх удаа Монгол хүн агуу Эверестийн оргилд хүрч байсан бол өнгөрсөн бямба гаригт буюу өчигдөр /05.21/ Монгол  эмэгтэй анх удаа Дэлхийн ноён оргилыг эзэллээ. Эверестийг зорьсон ОУХМ Б.Гангаамаагийн авиралтыг Монголын талаас хариуцаж буй “Mongolian Expeditions” компанитай өнөөдөр /05.22-ны өглөө/ 10.15 цагийн үед ОУХМ Б.Гангаамаа сансрын холбооны Иридиум утсаар холбогдон, авиралт амжилттай болж, оргилд гарсныг мэдээлсэн юм.

Б.Гангаамаагийн хувьд 2007 онд Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын ахалсан Монголын эмэгтэй уулчдын багийнхны хамт Эверестэд анхны авиралтаа хийж байсан юм. Гэвч тухайн үед эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмэгтэй уулчид авиралтаа зогсоон, Г.Өсөхбаяр Эверестийн оргилд хоёр дахиа амжилттай авирч байлаа. Тэгвэл ОУХМ Б.Гангаамаа эхний авиралтаасаа дөрвөн жилийн дараа дахин дэлхийн ноён оргилыг зорьж, Эверестэд гарсан анхны Монгол эмэгтэй боллоо.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд Улаанбаатараас мордсон ба Англи, Америк, Канад, Польш, Балбын уулчдын хамт Непалийн олон улсын багт буюу "Adventure extreme" багийн бүрэлдэхүүнд багтан авиралт хийсэн юм. Эдний багийг Канадын уулчин Рауно Хоглин ахалсан аж. Тавдугаар сарын сүүлч бол уулчид, адал явдлын эрэл хайгуулч, эгэлгүй зоригтнуудын Эверестийг зорьдог оргил үе. Тиймээс ч Эверестийн өндрийн кэмпэд энэ өдрүүдэд 170 гаруй уулчин байрласан талаар “Seven Summit” клубын вэбсайтад мэдээлсэн байна.

Энэхүү зургийг Б.Гангаамаа авиралт эхлэхийн өмнө буюу 5200 метр дэх үндсэн бааз дээр авахуулжээ.

ОУХМ Б.Гангаамаа Түвдийн талаас Эверестэд авирсан юм. Манай тамирчны харьяалагдаж байгаа "Аdventure extreme" багийнхантай хамт ОХУ-ын "Seven Summit" уулын клубын багийнхан мөн хамтран авиралт хийсэн байгаа. "Seven summit" aвиралтын багийг ахалсан ОХУ-ын уулчин Александр Абрамов үндсэн дайралт эхлэхийн өмнөх өдөр буюу баасан гаригт /05.20/ “Seven Summit” клубын вэбсайтад өгсөн мэдээлэлдээ “Хэдийгээр өдрийн туршид цас орж байгаа ч бидэнд үндсэн дайралтыг эхлүүлэхээс өөр сонголт байхгүй. Өнөө шөнө үндсэн дайралтаа хийхээр бэлтгэж байна. Багийн 16 уулчин дор бүрнээ бэлтгэлээ базааж байгаа. Тавдугаар сарын 20-21-ний шөнө цаг агаар харьцангуй тогтуун, салхи багатай, үүл сийрэг байх бололтой. Салхины хүч зөвшөөрөгдөх хэмжээнд байна” гэжээ.

Харин тэрбээр өчигдөр Эверестээс ирүүлсэн мэдээлэлдээ "Seven Summit" клубын үндсэн долоон гишүүн, мөн долоон уулчин, хоёр хөтөчийн хамт орон нутгийн цагаар 03:30 цагт Эверестийн ноён оргилд хөл тавилаа” хэмээснийг "Seven Summit" сайт мэдээлжээ.  

ОУХМ Б.Гангаамаагийн хамтрагчид болох "Аdventure extreme" багийнхан "Seven summit" багийнхнаас ойролцоогоор гурван цагийн дараа авиралтаа амжилттай дуусгасан ба  өнөөдөр өглөө “Mongolian Expeditions”-тэй холбогдохдоо “Өчигдөр 06:30 цагт оргилд гарлаа. Өчигдөртөө холбоо барих боломж байсангүй. Яг одоо уруудаад 7000 метрийн өндөр дээр ирээд байна. Өнөөдөртөө багтаж 6000 дээр очих байх. Нэлээд ядарлаа. Утсаар удаан ярих боломжгүй, маш их ядарч байна. 6000 метр рүү бууж очоод дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэжээ. Бид та бүхэндээ чин зоригт Монгол бүсгүйн Дэлхийн дээвэр Эверестийн оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан гайхалтай агшны гэрэл зургийг шуурхай хүргэхийг хичээх болно. 

Монгол хүн Эвересттэй холбогдсон түүх саяхан. Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2005 оны тавдугаар сарын 30-нд дэлхийн ноён оргилыг чин зориг гарган эзэлж байсан бол 2007 оны тавдугаар сарын 14-нд тэрбээр хоёр дахь дайралтаа амжилттай дуусгасан юм. Харин энэ удаа Монголын уулын спортын түүхэнд Монгол эмэгтэй анх удаа Эверестийн оргилд амжилттай авирч, Монголын уулчид Эверестийн ноён оргилыг гурвантаа эзэллээ. Эрэлхэг уулчин бүсгүйд баяр хүргэе.
 

Б.Бадмаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж