Чөлөөтийнхөн Азийн аваргаас 11 медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.22-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Азийн аваргаас 11 медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр барилдсан Монголын дөрвөн эмэгтэй бөх бүгд шагналын тавцанд гарлаа. Тэмцээний хуваарь ёсоор өчигдөр эмэгтэй чөлөөт бөхийн 59, 63, 67, 72 кг-ын жингийн барилдаан болж, Монголын тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал, 67 кг-ын жинд Ц.Баярзаяа мөнгө, 59 кг-д С.Цэрэнчимэд, 63 кг-д Ш.Түмэнцэцэг, 72 кг-д Б.Одончимэг нар хүрэл медалийн эзэд болжээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд спортын дэд мастер С.Цэрэнчимэд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн  барилдаанд Узбекистаны бөх Саломат Кучамоваг 1:2, 1:0 онооны харьцаагаар ялсан боловч дараагийн барилдаандаа Японы бөх Такако Сайтод 0:3, 0:3 харьцаатай ялагдсанаар аваргын төлөө өрсөлдөх боломжгүй болжээ. Улмаар С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө Тажикистаны Карина Аганесянийг 5:0, 1:0 харьцаатай ялсан байна.

63 кг-ын жинд спортын мастер Ш.Түмэнцэцэг эхний тойрогт Киргизстаны бөх Нестан Килазовияг 6:2, 3:0, хоёрдугаар тойрогт Хятадын Ян Панпанг 3:0, 3:1 онооны харьцаагаар ялсан ч удаахь барилдаандаа Японы бөх Каори Ичод 3:0, 5:0 харьцаатай ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөх Чой Жин-сукийг 4:0, 1:0-ээр буулган авчээ.

Харин 67 кг-ын жинд спортын мастер Ц.Баярзаяа Энэтхэгийн Каур Навжотыг 1:0, 2:1-ээр, дараа нь Хятадын бөх Ван Юань Юаньг 1:0, 8:4 харьцаатай ялсан ч аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөх Ёшико Иноуэд 1:0, 6:0 онооны харьцаагаар ялагдаж, мөнгөн медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 72 кг-д ОУХМ Б.Одончимэг өрсөлдсөн. Эхний тойрогт хийлсэн тэрбээр хоёрдугаар тойрогт Тайванийн бөх Юй Тингтэй барилдаж, 1:0, 2:1 харьцаатай ялсан ч Хятадын бөх Ван Жьяод 3:0, 2:0 харьцаатай ялагджээ. Ингээд хүрэл медалийн төлөө Киргизстаны Иана Пановаг 2:1, 7:1 харьцаатай ялсан байна.

Ийнхүү 2011 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож, гурван мөнгө, найман хүрэл, нийт 11 медаль хүртлээ. Багийн дүнгээр эрэгтэйчүүд 48 оноогоор, эмэгтэйчүүдийн баг 55 оноогоор тус тус гуравдугаар байрт шалгарсан юм.

Азийн аваргаас медаль хүртсэн тамирчид:

Эрэгтэй:
Б.Нэмэхбаяр /60 кг/ – хүрэл
Б.Анхбаяр /66 кг/ – хүрэл
П.Өнөрбат /74 кг/ – хүрэл
Н.Золбоо /96 кг/ – хүрэл
Ж.Чулуунбат /120 кг/ – хүрэл

Эмэгтэй:
Ц.Энхжаргал /48 кг/ – мөнгө
Д.Отгонцэцэг /51 кг/ – мөнгө
Ц.Баярзаяа /67 кг/ – мөнгө
С.Цэрэнчимэд /59 кг/ – хүрэл
Ш.Түмэнцэцэг /63 кг/ – хүрэл
Б.Одончимэг /72 кг/ – хүрэл

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж