2014 оны 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийн тоймыг хүргэж байна.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Олон жилийн дундаж байдлаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 16-19, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Гэвч зарим жил энэ утгаас нилээд хазайдаг.
Тухайлбал: 1988, 1990, 1994, 1995, 1999, 2001, 2005-2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байсан ба өдрийн үнэмлэхүй их температур говийн нутгаар 13-18, бусад нутгаар 5-10 градус хүрч дулаарсан бол 1986, 1987, 1993, 1996, 2000 онд ихэнх нутгаар, 2002, 2003 онд нутгийн зүүн хагаст, 2009 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар хүйтэн байсан бөгөөд үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгор, Архангайн хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 35-40, бусад нутгаар 28-33 градус хүрч хүйтэрч байв.
Энэ сард Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1980 онд Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 1986, 1992, 1993 онд нутгийн өмнөд хэсгээр, 2000, 2002, 2003 онд төв ба зүүн зүгийн нутгаар, 2009 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1988, 1995, 1997,1999, 2004-2008 онд ихэнх нутгаар дунджаас бага цас оржээ.
Олон жилийн дунджаар ихэнх нутгаар 2-8 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жил 20 см хүрдэг. Цасан шуурга жил бүр 2-5 удаа, зарим жил 6-8 удаа ажиглагддаг. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн нутгаар жил бүр 3-5, бусад нутгаар 2-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1975 онд Өлгий хот орчимд 30 м/с, 1978 онд Төв, Дундговийн нутгаар, 1991 онд ихэнх нутгаар 18-28 м/с, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 40 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байжээ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун зүгийн нутаг:
Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2-7, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 21-26, өдөртөө 9-14 градус хүйтэн, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Харин гуравдугаар арав хоногийн эхний хагаст Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 28-33, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 11-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд хэсэг, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг:
Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байх бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5 1.0 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулс хоорондын хөндийгөөр шөнөдөө 20-25, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр Хөвсгөлийн баруун хэсгээр шөнөдөө 27-32, өдөртөө 15-20 градус хүйтэн, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр шөнөдөө 22-27, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 9-14 градус хүрч хүйтрэх төлөвтэй. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Энэ сард Хөвсгөлийн баруун, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг:
Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байх буюу Хэнтийн ихэнх нутаг, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр Хэнтийн уулсаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэнтийн уулсаар шөнөдөө 18-23, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг:
Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 6-11, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байх бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Дундговь, Говь-Сүмбэрийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй.
Салхи нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 18-20 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар