Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс “Орон нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд “Сумын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төсөв, иргэдийн оролцоог үр дүнтэй ашигласан туршлага, сургамж” сэдэвт сумын хөгжлийн сайн туршлага, сургамжийн кейсүүдийг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордон дахь Иргэний танхимд танилцуулав.
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судалгааны баг Мерси Кор олон улсын байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн дэмжлэгтэйгээр "Сумын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төсөв, иргэдийн оролцоог үр дүнтэй ашигласан туршлага, сургамж" сэдвээр судалж ажиллаа. Сумдын кейсээр улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй ажлын төлөвлөлт, хэрэгжилтийг сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж, олон нийтийн оролцоог дэмжиж байгаа, бусад сумдын авч болох сайн туршлагыг хүргэж байна.
Хэнтий аймгийн Биндэр, Цэнхэрмандал сумд, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан сумдын туршлага, сургамжийг өгүүлсэн
· “Хамтын хичээл зүтгэл хөгжлийн түлхүүр”
· “Хөгжлийн гарцаа зөв тодорхойлж төсвийг зохистой хуваарилах нь”
· “Xөдөөгийн малчид, сумын төвийн иргэдийн xүсэл сонирxолыг уулзуулаxыг зорьсон нь”
· “Аймгийн цараатай сум буюу бэрхшээл, шийдлийн уулзвар дээр”
гэсэн дөрвөн кейсийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, судлаач эрдэмтэдэд танилцууллаа.
Орчин үед нийгмийн судалгаанд өргөн хэрэглэгдэх болсон кейсийн судалгааны арга нь нийгмийн тулгамдсан аливаа асуудлын тухай мэдээ баримтад тулгуурлан бодит нөхцөл байдлыг шинжлэх замаар асуудлыг шийдвэрлэхэд яг ямар арга илүү дүнд хүргэж байгааг олон талаас авч үзэж судлах, сайн туршлагыг түгээж дэлгэрүүлэх, цаашид сайн талыг нь бататган сайжруулж, сул талыг багасгах боломжийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад олгодогоороо давуу талтай юм.
Энэ аргыг ашиглан сумын хөгжлийг төлөвлөж, хэрэгжүүлэхэд төсөв, иргэдийн оролцоог үр дүнтэй ашиглахад тулгарч буй сорилт, тэдгээрийг даван туулсан туршлага, сургамжийг сонгон авсан сумдын бодит жишээгээр харуулсан нь уг судалгааны онцлог юм.
Дээрх дөрвөн сумын кейсийг эмхэтгэсэн "Сумын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төсөв, иргэдийн оролцоог үр дүнтэй ашигласан туршлага, сургамж" кейсийн ном уншигчдын гар дээр очиход бэлэн болоод байна. Номыг Монгол Улсын бүх сумдад хүргэх юм.