Монголын жүдочид “Том жин”-д амжилт гаргаж чадна

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Монголын жүдочид “Том жин”-д амжилт гаргаж чадна

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ АНУ-ын Форт Лодердэйл хотноо явагдаж, Монгол Улс нэжгээд алт, мөнгө, хошоод хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээрт жагслаа. Уламжлалтай гэж болох хөнгөн жиндээ аваргалж чадалгүй нэг мөнгө, хоёр хүрэлтэй, 12 дугаар байрт явж байхад том жингийн бөх Ө.Дүүрэнбаяр аваргалж, нүүр бардам харих боломжийг олгосон юм. Гэхдээ түүний алтан медалийг санамсаргүй гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл тэрбээр 16 наснаасаа тивдээ босоо байж, өсвөрийн Азийн аварга цолыг гурвантаа хамгаалснаас гадна өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүрт­сэн юм. Жүдо бөхийн дэл­хийн за­луучуудын аварга Ө.Дүүрэн­баярыг “ММ” “Долоо хоногийн дуу­­лиант нөхөр”-өөр онцолж бай­на.

Ойрмогхон болсон хоёр ч том тэмцээний +100 кг-ын жингийн түрүүг монголчууд авлаа. Энэ бол үнэхээр түүхэн амжилт мөн. “Том” жингийн П.Бүрэнтөгс, Н.Батсуурь арслан жүдогоос хөндийрсөн үед Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр гэсэн хоёр залуу амжилт гаргаж, монголчуудын ам­жилт гаргах боломжтой жинг нэгээр нэмж байгаа нь баяр­лууштай.     

Аливаа спортын төрөлд ам­жилт гаргахад тухайн улсын хү­мүүсийн дундаж жин чухал үүрэг гүйцэтгэдэг зүй тогтол бий. Жишээ нь, Индонез, Фи­лип­пиний боксчид 48-60 кг-ын жинд амжилт гаргадаг нь ту­хайн улсын хүн амын дундаж жин­тэй холбоотой байдаг. Мон­голчууд 60-70 кг-ын жинд амжилт үзүүлдэг нь монгол хүний дундаж жин 68 байдагтай холбоотой юм. Нөгөө талаас, дундаж жинтэй хүмүүст хүч чадал, хурд, авхаалж самбаа нэгэн зэрэг цогцолж болно гэж ойлгож болох юм. Тэгвэл, дунджаас дээш буюу хүнд жинд сайн тамирчин төрнө гэдэг маш ховор байдаг. Ийм тамирчин төр­вөл эрдэнэс адил нандигнах учир­тай юм.

Ө.Дүүрэнбаяр удамт бөх. Түү­ний өвөө Дашийн Лувсан 1950 онд зургаа давж начин, 1951 онд долоо давж заан цол хүртсэн, улсын наадамд нийт таван удаа шөвгөрсөн манлай заануудын нэг бол аав Л.Өлзийбаяр нь 1996 оны улсын наадамд тав давж Монгол Улсын начин цол хүртсэн хүчтэн. Мөн аавынх нь ах Лу.Энхбаяр /Нэр нэгт, Лодойн Энхбаяр начнаас ял­гахын тулд Лу гэх болсон/ 1990 онд улсын начин цолд хүрсэн бөгөөд чөлөөт бөхөөр ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль хүртсэн цуутай бөх юм.

Их спортоор хичээллээд тун ч удалгүй үе тэнгийнхэн дундаа ноёлж эхэлсэн Ө.Дүүрэнбаяр гад­ны улсуудад хийх “аян дайн”-аа 2011 онд Тайландаас эх­лүүлж, өсвөр үеийн Ази тивийн авар­га болсон юм. Улмаар энэ цолоо гурван жил хамгаалаад өнгөрсөн жилээс насанд хү­рэгч­дийн ангилалд хүч үзэж эхэл­жээ. Рио де Жанейрод бол­сон ДАШТ-д оролцохдоо эх­ний даваанд таарсан өр­сөл­дөгч­дөө “нүд ирмэхийн зуурт” ялаг­даж, олон хүнээр өхөөр­дүүлж байсан тэрбээр энэ жи­лээс тун ч “өөр” болоод буй. Ин­чёнд болсон Азийн наадмын гур­вын даваанд БНСУ-ын бөх, жингийнхээ томчуудын тоонд ордог Ким Сун Минийг цэ­вэр шидэн, монголчуудын цө­сийг хөөргөн жүдогийн заа­лыг ну­раах шахсан залуу. Залуу­чуу­дын ангилалдаа ноднин дэлхийн дэд аварга болж байсан бол энэ жил аваргалж, ангилалдаа “дийлдэхгүй” болсон гэдгээ ха­руулж чадлаа. “Үеийнхнийгээ дарж чадсан хүн л аварга бол­дог” гэж үг бий. Нэгэнт за­луу­чуудын дэлхийн аваргад тү­рүүлж болж байгаа юм бол на­санд хүрэгчдийн ДАШТ-д ч түрүүлж чадна. Түүнд их ирээ­дүй бий.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж