Ардчилалын төлөө жагсагчид хагас сар гарангийн хугацаанд Хонгконгийн зарим дүүргийн үйл ажиллагааг хаан, саатуулаад буй юм. Тэгвэл энэ байдалд дургүйцсэн 1000 орчим хүн өчигдөр /Х.25/ сөрөг эсэргүүцлийн жагсаал явуулжээ. Олон хоног үргэлжилсэн суулт, жагсаалын улмаас хохирсон автобус, таксины жолооч, бизнесмен эрхлэгчид сөрөг жагсаалыг зохион байгуулсан аж. Сөрөг жагсагчид Хонгконгийн гудамж талбайг даруй чөлөөлөхийг шаардаж байв. Ардчилалын төлөө жагсагчид шар өнгийн туузаар ижилссэн байгаа бол сөрөг жагсагчид хөх туузаар жигдэрчээ. Тэдний хооронд мөргөлдөөн гараагүй гэнэ. Гэвч хөх туузаар жигдэрсэн жагсагчид сэтгүүлчдийн эрхэнд халдаж, дайрч доромжилсон хэрэг гарсан байна. Сөрөг жагсагчид Хонгконгийн “TVB” телевизийн сурвалжлагч, зураглаачийг бүслэн, хэл амаар доромжилж, зангиаг нь шатааж, хоорондоо түлхэлцэх зэргээр биед нь халдсан гэнэ. Түүнчлэн “RTHK” сувгийн эмэгтэй сурвалжлагчийг түлхэж унагаагаад хөл, бие рүү өшиглөснөөс эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хонгконгийн ардчилалын төлөө жагсагчид өнөөдөр /Х.26/ санал асуулга явуулснаар жагсаалаа үргэлжлүүлэх эсвэл Хонгконгийн удирдлагын хэлэлцээ хийх саналыг хүлээн авч эсэргүүцлээ зогсоохыг шийдэх юм. Хонгконгийн жагсагчид удирдлагаа өөрсдөө сонгохын төлөө Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй юм. Харин Хятадын эрх баригчид ирэх 2017 оны Хонгконгийн захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн байр сууриндаа хатуу зогсож байна. Түүнчлэн Хонгконгийн Ерөнхийлөн захирагч Люн Чун Ин Бээжингийн эрх баригчид болзолоо яасан ч өөрчлөхгүй гэж мэдэгдсэн билээ. Оюутан залуусын эхлүүлсэн ардчилалын төлөөх эсэргүүцлийн жагсаал олон хоног үргэлжилж байна. Гэхдээ жагсаал эхэлснээ бодвол оролцогчдын тоо багассан ч Хонгконгийн зарим дүүргийг хаасан хэвээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Хонгконгийн цагдаа нар болон жагсагчдын хооронд хоёр удаа мөргөлдөөн гарснаас 70 орчим хүн баривчлагдаж, олон хүн гэмтэж бэртжээ. Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА