“Барса”-гийн 10 дугаартай одын өнгөрсөн 10 жилийн сонирхолтой 10 баримт
Аргентинийн супер од Лионель Месси “Барселона”-гийн үндсэн багийн төлөөх анхны тоглолтоо 2004 оны аравдугаар сарын 16-нд хийж байлаа. Өөрөөр хэлбэл тэр цагаас хойш 10 жил өнгөрчээ. Ингээд дэлхийн хамгийн хурц од, янз бүрийн дээд амжилтын эзний талаарх сонирхолтой 10 баримтыг дэлгэн толилуулъя.
Загалмайлсан эцэг
Месси бол гүн гүнзгий шүтлэг бишрэлтэй нэгэн билээ. Тиймээс ч шигшээ багийн анд нь болох Серхио Агуэро түүнийг ууган хүүгийнхээ загалмайлсан эцгээр сонгож байхав. Ийнхүү Месси, Диего Марадона нарын хувь заяа огтлолцсон. Учир нь хүүгийн эх Жаннина нь Марадонагийн охин билээ. Өдгөө хосууд салсан тул домогт хадам аав нь Агурэогийн нэрийг дурдах болгонд л бараг зодоон өдөөдөг гэж байгаа.
Цус нэгтэй
Месси болон серб гаралтай испани хөлбөмбөгчин Боян Кркич нар холын хамаатан болох нь гурван жилийн өмнө тодорхой болсон билээ. Тэд “Барса”-гийн хүүхдийн академид мөр зэрэгцэн тоглож байсан ч энэ тухай огт төсөөлөөгүй явсан. Харин “Diari Segre” сонин Лиогийн удмын модыг судалснаар Кркич тэдний өндөр дээд өвгүүд нь төрсөн ах дүү байсныг тогтоосон аж.
Капелло шохоорхсон нь
Түүнийг “Барселона”-гийн залуучуудын багт тоглож байхад “Ювентус”-ыг дасгалжуулж байсан Фабио Капелло олж хараад нүд унагасан байдаг. Тэрбээр “Барса”-гийн залуучуудын багийн дасгалжуулагчаас Мессиг Турины багт ганцхан жилийн хугацаагаар өгөхийг санал болгосон ч эрс татгалзсан хариу авсан аж.
Роналдугийн эсрэг
Месси Европын хөлбөмбөгийн цомын тэмцээнүүдэд нийт 68 бөмбөг оруулаад буй. Түүнээс олон бөмбөг оруулсан тоглогч гуравхан байгаа нь Рауль Гонзалес (77 гоол оруулсан), Криштиану Роналду (71), Филиппо Инзаги (70) нар юм. Итали, испани довтлогчид зодог тайлсан. Тиймээс Мессигийн гол өрсөлдөгч нь португал залуу. Аргентин эрийг мөнхийн өрсөлдөгчөөсөө хоёр насаар дүүг бодолцох юм бол энэхүү тулаанд давамгайлах боломжтой мэт харагдана.
Шивээсүүд
Месси бүх гоолоо талийгч эмээдээ зориулан тэнгэрт ханддаг билээ. “Чухамхүү эмээ маань л анх намайг хөлбөмбөгийн секцэнд аваачсан шүү дээ. Харин одоо тэрбээр энэ бүхнийг тольдож суугаа. Түүнээс гадна манай гэр бүлийнхэнд тэнгэрээс тусалсан хэвээрээ л байгаа даа” гэж нэг биш удаа тайлбарласан байдаг. Мессигийн зүүн мөрөн дээр хайртай эмээ нь “залардаг” бол зүүн хөлөн дээр нь хүү Тьягодоо зориулсан шивээс буй.
Дээд амжилтыг эвдэхэд хоёрхон гоол дутуу
Месси мэдээж олон дээд амжилтыг эвдсэн. Харин Испанийн “Ла лиг”-ийн бүх цаг үеийн мэргэн бууч Тельмо Саррагийн амжилтыг энэ өдрүүдэд давтаж болзошгүй ээ. ХХ зууны дунд үед жижигхэн Эрандио (2010 оны байдлаар 25 мянган хүн амтай) хотоос гаралтай Сарра нь 1940-1955 онд “Атлетик Бильбао”-гийн төлөө 277 тоглолтод оролцохдоо “Ла лиг”-т 251 бөмбөг оруулсан байдаг. Харин Лио “Барса”-гийн төлөө 284 тоглохдоо 250 бөмбөг оруулаад буй.
Батистутагаас дор ч Марадонагаас илүү
27 настай Месси үндэсний шигшээ багийнхаа дээд амжилтад ч “заналхийлэх” боломжтой гэнэ. Тэр одоогоор шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад аман хүзүүдэж явна. Энэхүү жагсаалтыг Габриэль Батистута 56 бөмбөгтэй тэргүүлж, Лио 44 гоолтой. Батистута шигшээ багийнхаа төлөө 78 тоглолтод оролцсон бол Месси 95 удаа талбайд гараад буй. Харин гурав, дөрөвдүгээр байрт жагсч яваа Эрнандо Креспо, Диего Марадона нар эсрэг багийн хаалгачдыг тус бүр 35, 34 удаа гомдоож байсан.
Шигшээ багийн хамгийн залуу ахлагч
Месси 2010 оны зургадугаар сарын 23-нд Гректэй хийсэн хэсгийн сүүлчийн тоглолтод зүүн гартаа тууз зүүж оролцсоноор ДАШТ-д шигшээ багаа ахалсан хамгийн залуу ахлагч болсон түүхтэй. Лио тэр үед 22 нас, 363 хоногтой байжээ.
Шинэ зууны гоол
Нутаг нэгт Марадонагийн 1986 оны ДАШТ-ий шөвгийн наймд Английн шигшээ багийн хаалганд хийсэн гайхамшигт гоолыг Лио 2007 онд бараг давтсан. Тэрбээр даруухан “Хетафе” багийн тоглогчдыг зам зууртаа хууран энэ бөмбөгийг оруулсан юм. Аргентиний эрт, өдгөө цагийн хоёр супер одын хийсэн гоол хоорондоо тун төстэй байгаа нь гайхалтай.
Алтан жаал
Мессигийн хөлний үнэ цэнийг тогтоох гэдэг нь боломжгүй зүйл хэдий ч Японы “Ginza Tanaka” компани цэвэр алтаар түүний зүүн хөлийг цутгасан гэдэг. 25 килограмм жин татах энэ баримал таван саяын үнэтэй юм. Түүнчлэн Буэнос-Айрес хотод гоол оруулаад баярлаж байгаа Мессигийн хөшөөг сүндэрлүүлсэн аж. Харин өнгөрсөн зургадугаар сард Мессиг Бразилд ДАШТ-д тулалдаж явах хойгуур нь үл мэдэгдэх этгээдүүд хөшөөний хурууг нь хөрөөдөж орхисон байна.
С.ЭНХ-АМАР
Эх сурвалж: “Спортын өнгө” сонин