УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тогтоолын төслийг баталлаа. Энэ хуралдааны талаарх албан мэдээллийг тоймлон хүргэж байна.
НЭГ: Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.24.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 15 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг сонсов.
Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны дундуур хуралдаж тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн байна.
Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн төслийн 1 дэх хэсгийг хасах зарчмын зөрүүтэй болон тогтоолын төслийн тэмдэглэх хэсгийг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 4.1.2 дахь заалт, 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь” гэж өөрчлөх найруулгын шинжтэй өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тогтоолын төслийн 1 дэх заалтын “Сайншанд-Замын-Үүд” гэснийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авчээ. Ингэснээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн явцад нэмж тусгагдсан Нарийн сухайтаас Гашуун сухайт, Сайншандаас Хангийн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих санал хасагдаж байгаа юм.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Д.Зоригт, Ц.Даваасүрэн, Х.Баттулга, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Н.Номтойбаяр, Л.Цог нарын гишүүд Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулав. Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ тогтоолын төсөл нь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг болон хөрш хоёр оронтой төмөр замын салбарт тохиролцсон тохиролцоонд нийцэж байгаа. Гэхдээ төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг сайжруулах тал дээр УИХ цаашид анхаарах шаардлагатай байгаа нь хэлэлцүүлгийн явцад харагдаж байна гэдгийг хэлэв.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүний гар утасны дугаарыг ашиглан мессеж илгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, гишүүний эрхэд халдсан хууль бус ажиллагаа явагдаж буйг УИХ-ын гишүүн А.Бакей, Р.Гончигдорж, Д.Ганхуяг нар мэдэгдлээ. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд “Энэ асуудлын талаар холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг өгсөн, хууль хяналтын холбогдох байгууллагууд ажиллаж байгаа” гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар гар утас, мессежтэй холбоотой асуудлыг тус Байнгын хороо анхааралдаа авч Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулах болно гэдгийг мэдэгдэв.
Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулсны дараа Байнгын хорооны саналаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь нь дэмжлээ.
Энэ тогтоол батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар болж байгаа юм.
ХОЁР: Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Чуулганы өнөөдрийн /2014.10.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг дараа хийхээр болсон юм. Ингээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжье гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 37 нь буюу 74 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 8 бүлэг, 28 зүйлтэй юм. Уг хуулиар Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгасан байна.
Дараа нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулав.
Хууль зүйн сайд танилцуулгадаа, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг юм. Барьцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн суурь асуудал гэдгийг хөгжиж байгаа орнууд зүй ёсоор хүлээн зөвшөөрч, холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож байна. Манай улс ч барьцааны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “бизнес болон хөрөнгийн бүртгэлийг долоо хоногийн дотор бүртгэдэг тогтолцоог нэвтрүүлэх”, Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийн 2.8-д “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-ийн 3.1.4-т “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зээлийн барьцааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх”-ээр заасны дагуу хуулийн төслийг шинээр боловсруулсан гэдгийг дурдав. Мөн хэдийгээр Иргэний хуульд барьцаатай холбогдсон харилцааг тусгайлсан бие даасан бүлгээр зохицуулж ирсэн боловч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаатай холбогдсон онцлог зохицуулалт, түүнчлэн авлага, эргэлтийн хөрөнгө болон бүх хөрөнгийн барьцаа зэрэг нарийвчилсан асуудлыг уг бүлгээр зохицуулж чадахгүй байгаа тул тэдгээр асуудлыг хуулийн төсөлд тусгаснаа танилцууллаа.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Сарангэрэл, С.Баярцогт, Л.Энх-Амгалан, С.Ганбаатар нар Хууль зүйн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн С.Баярцогт одоогоор ашиглаж чадахгүй байгаа эд зүйл, эдийн бус хөрөнгийг эргэлтэд оруулах чухал хуулийн төсөл орж ирж байгааг онцлоод гэхдээ энэ харилцаанд оролцож байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн зохицуулалтыг сайн тусгах нь зүйтэй гэдгийг хэлсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл амьдрал дээр ихээхэн гардаг асуудлууд, ялангуяа банк-иргэн, иргэн-банк бус санхүүгийн байгууллага гээд өдөр тутам гардаг харилцааг энэ хуулиар зохицуулах, нийгэм, эдийн засгийн үр дагавартай асуудал тул гишүүд нухацтай хандаж ёстой гээд хэлэлцүүлгийг ганц Хууль зүйн байнгын хороогоор биш Эдийн засгийн байнгын хороогоор ч хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хэлэв. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөнгө хүүлэгчдийг дэмжээд байдаг атлаа мөнгө зээлдэгчдийг хамгаалах эрх зүйн зохицуулалт алга байгааг анхаарах, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өмчийн эрх баталгаажаагүй байгаа тохиолдолд хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн тухай ярих нь өрөөсгөл, иймээс энэ хоёр асуудлыг уялдуулж хамтад нь авч үзэх хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 42 нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороодод шилжүүлэв.
Дараа нь Номын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар танилцуулсан юм.
Одоогоор манай улсад нийт 1509 номын сан үйл ажиллагаа явуулж байгаагаас Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн 373 номын сан, их, дээд сургуулийн 101, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 817, албан байгууллагын дэргэд 120, эрдэм шинжилгээний 44 номын сан байна. Эдгээр номын сан нь харьяаллын хувьд олон салбарт хамаардаг бөгөөд соёлын болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамааран номын сангийн санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал нь жигд бус шийдвэрлэгддэг гэдгийг сайд Ц.Оюунгэрэл танилцуулгадаа дурдав.
Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан Төрөөс соёлын талаар баримтлах бодлогод “Соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, орчин нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлсэн. Мөн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэм боловсролтой, зөв монгол хүнийг төлөвшүүлж хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авахад “номын сангийн үйлчилгээ” чухал болохыг тодорхойлсон. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Номын сангийн үйлчилгээ, Үндэсний номын сангийн эрх зүйн байдлыг хуульчлах, хуулийн төсөл боловсруулах, нэн шаардлагатай мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, салбарын орчны стандартыг баталж мөрдүүлэх, номын сангийн үйлчилгээг алслагдсан аймаг, сумын хүн амд хүргэх зорилт”-ыг дэвшүүлсэн. Эдгээр зорилтын хүрээнд Номын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл юм гэдгийг сайд онцоллоо.
Уг хуулиар номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулах аж. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй юм. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслүүдийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
ГУРАВ: Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.10.24/ үдээс хойших хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Дотоодын фермерийн аж ахуйн нэгжүүдийг хивгээр хангах үүднээс экспортыг улирлын чанартайгаар зогсоож болох эсэх талаар асуулга”, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнээс “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг тус тус сонслоо. Асуулгуудын хариуг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулав.
Л.Эрдэнэчимэг гишүүний “Дотоодын фермерийн аж ахуйн нэгжүүдийг хивгээр хангах үүднээс экспортыг улирлын чанартайгаар зогсоож болох эсэх талаар асуулга”-ын хариуд дурдагдсанаар, Монгол Улсаас 2010 онд 2500 тн, 2011 онд 5000 тн хивгийг ОХУ, БНХАУ-д экспортлосон. Харин 2012 онд өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас шийдвэр гаргаж хивгийг экспортлоогүй юм байна. Мөн гурил тэжээлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа болон агуулах савны дүүргэлттэй холбоотойгоор тэжээлийн хивгийг экспортлох хүсэлт тавьсны дагуу хивгийн экспортод тавьсан хориог цуцалсан байна. 2013 2-р хагас жилд нийтдээ БНХАУ руу 40.3 мянган тн, ОХУ руу 5.4 мянган тн нийт 45.7 мянган тн хивэг буюу манай улсын жилд үйлдвэрлэдэг нийт хивгийн 50 гаруй хувийг экспортлосон байна. Энэ нь нэг талаас хивгийг зах зээлийн эргэлтэд оруулж буй боловч нөгөө талаас хивгийг их хэмжээгээр экспортолсноор фермерийн аж ахуйнуудад шаардагдах малын тэжээлийн хивэгний олдоц муудан, үнэ нь сүүлийн нэг жилийн хугацаанд нэг дахин нэмэгдсэн нь сүү, махны үхэр, гахай, тахиа, шувуу үржүүлж байгаа дотоодын фермер болон малчдад эдийн засгийн хувьд хүндрэл учруулж байна.
Түүнчлэн Ш.Түвдэндорж сайд хэлэхдээ, “Гурилын үйлдвэрүүдээс гаргаж буй хивгээр дотоодын хэрэгцээгээ хангах нь нэг талаас иргэдийн эрүүл баталгаатай хоол хүнсээр хангахад, нөгөө талаас ААН-ийг хямд баталгаатай бүтээгдэхүүнээр хангахад ач холбогдолтой тул хивгийг экспортлохдоо дотоодын эрэлт хэрэгцээндээ тулгуурлан тоо хэмжээг тогтоодог болох эрх зүйн зохицуулалт шаардлагатай болж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу нарийвчлан зохицуулсан зохицуулалт байхгүй байгаа юм” гэлээ
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Даваасүрэн, З.Баянсэлэнгэ нарын гишүүд тодруулга хийв. Л.Эрдэнэчимэг гишүүн, Сүүний болон гурилын үйлдвэрүүд улсаас татаас авдаг, зарим татвараас чөлөөлөгддөг. Харин малчид, фермерийн аж ахуй эрхлэгчдэд тусламж болон татвараас чөлөөлсөн зүйл байдаггүй. Тэд литр сүүг өнөөгийн байдлаар 500 төгрөгөөр үйлдвэрүүдэд нийлүүлж байна. Сүүгээ хямдхан нийлүүлж, ашиг багатай ажиллаж байгаа, дээр нь малын тэжээлийн үнэ хэд дахин нэмэгдсэн нь тэдэнд маш том дарамт болж байна. Хууль санаачилж батлуулахаас өмнө энэ ондоо багтаад салбарын яам шийдвэр гаргаад энэ байдлыг зохицуулахгүй бол хотыг сүүгээр хангаж байгаа аж, ахуйнууд дампуурлын ирмэгт ирсэн байгааг сануулж байсан.
Үүний дараа Ц.Даваасүрэн гишүүний асуулгын хариуг сонсов.
“Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр боловсруулах, үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэх зорилготой тогтоолын биелэлтийг хангахаар ажиллаж байгаа талаар зарим тоо баримтад тулгуурлан танилцуулга хийв. Тухайлбал, нийт мал сүргийн дундаас үхэр, тэмээн сүргийн 98.5 хувь, бог малын 99.7 хувь нь бруцеллёз өвчнөөс, адууны 99.7 хувь нь ям болон халдварт цус багадах өвчнөөс эрүүлжсэн. Улсын хэмжээнд мал нядалгааны 40 цех бий болж, 2013 оны 12 сарын 1-ний байдлаар үйлдвэрийн аргаар 16.4 мянган тн мах боловсруулж, 11.6 мянган тн мах экспортод гаргажээ. Энэ оноос ОХУ-д мах экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагуудтай гэрээ хэлцэл хийгдэж байгаа юм байна.
Асуулгын хариу танилцуулгын дараа Б.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, А.Бакей, С.Бямбацогт, С.Ганбаатар, Д.Батцогт нарын гишүүд салбарын сайд болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны холбогдох ажилтнуудааас асуулт асууж, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжилттэй холбоотой асуудлаар тодруулга хийсэн. Гишүүд, хэдийгээр “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн ажлууд хийгдэж байгаа ч зарим ажлууд төлөвлөсөн үр дүнд төдийлөн хүрч чадаагүй мөн удаашралтай явагдаж байгааг шүүмжлээд, технологийн “ноу-хау”-г нэвтрүүлэх нь салбарын хөгжилд ихээхэн ахиц авчрахыг онцлон сануулав.
Харин асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлаас 2009 онд баталсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр бол ихээхэн чухал бодлогын бичиг баримт юм. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг цалгардуулалгүй, үр бүтээлтэй явуулах хэрэгтэй байна. Манай улсын хувьд мал аж ахуйн салбар бол уул, уурхайн салбараас дутахааргүй ирээдүйтэй, дампуурахгүй салбар. Хөрш орны удирдлагуудын айлчлалын дараа мал аж, ахуйн салбарт дорвитой ажиллах боломж бий болсон. Иймд халдвартай, халдваргүй бүсээ нэн даруй тодорхойлон зарлаад, халдваргүй бүсдээ махны чиглэлийн фермийг барьж байгуулах, халдвартай бүсээ вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тухай захиж байсан.
ДӨРӨВ: Хуулийн төслүүдийг хэлэлцэхээр шийдвэрлэв
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.10.24/ үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг тогтоох тухай/, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл үүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
Хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан. Тэрээр дээрх хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд, Бизнес эрхлэгч иргэн, байгууллагын үйл ажиллагааг дэмжих нэг хөшүүрэг нь шийдвэр гүйцэтгэлийн замаар тэдний бусдаас авах авлагыг түргэн хугацаанд албадан гаргуулах явдал юм. Гэтэл өнөөгийн практикт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа богино хугацаанд, үр нөлөөтэй хэрэгжих боломж хуулийн холбогдох зохицуулалтын улмаас хязгаарлагдмал байгаа аж. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын шинжтэй зарим шинэлэг зохицуулалтыг тусгасан байна.
Мөн энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан Банкны тухай хуульд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах тухай зохицуулалтыг, түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуульд эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, тогтоосон хугацаанд өгөөгүй, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай зохицуулалтыг тус тус нэмж оруулжээ.
Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар амжилттай худалдах боломжийг хуулийн холбогдох зохицуулалтаар бий болгохоор тусгасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнэд суурилан тогтоож буй нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байна. Тодруулбал, анхны үнийг зах зээлийн үнээр тогтоож байгаатай холбогдон дуудлага худалдаанд оролцох сонирхогчдын тоо буурсаар байгаа аж.
Тиймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан харилцан тохиролцсон болон шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийг тодорхой хувиар бууруулан доод үнийг тогтоохоор, дуудлага худалдааны үнэ тогтоох аргачлалыг тодорхой ойлгомжтой байхаар, үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийн доод хэмжээг тодорхой зааж хуулийн төсөлд тусгасан байна.
Засгийн газар 2013.09.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд:
“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд орсон “гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ” гэсэн нэмэлт зохицуулалтын биелэлтийг хангах асуудал нь “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуультай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгохдоо “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд заасан хэмжээгээр төлбөр авч түүгээр улсын төсвийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлж байдаг. Хэдийгээр “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд нэмэлт орсон боловч түүний дагуу тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн харилцаа зохицуулалтгүй үлдсэн нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болжээ. Мөн хуульд орсон нэмэлт зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэж, тэмдэгтийн хураамжийг хууль зүйн үндэслэлтэйгээр төлүүлэх нь хуулийн төслийг боловсруулах шаардлагыг бий болгосон байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан зарим гишүүд асуулт асууж, үгээ хэлсэн. Хуралдаанд оролцсон гишүүд уг төслүүдийг санал нэгтэй дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ч зарим зохицуулалт дээр анхаарах зүйл байгааг мөн санууллаа.
Эх сурвалж: open.parliament.mn